Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 303/ШШ2025/00475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Д.Э,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар тушаалын хуулбар, хөдөлмөрийн 030697 дугаартай дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13/582 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ын, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч *******ын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1983-1984, 1987-1989 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар архивын лавлагаа, ажилд авах тухай Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар тушаалын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *******ын хөдөлмөрийн № 030697 дугаартай дэвтрийг Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирал нээж, сургуулийн тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.

5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Сөөсөг овогт Доржсүрэнгийн Энхбатын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА