Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/063

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч Ж.А,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-гээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт С-гийн  С, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар Б300000000

 

ШүүгдэгчС-гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь бусадтай нийлж архи уун согтуурсан үедээ К-гийн  Н-тай   маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.С-ыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч С.С нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт бусадтай нийлж архи уун согтуурсан үедээ К-гийн Н-тай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гудамжинд 11 цагийн үед билльярдын урд талаас С-гийн  Т тааралдаж уулзаад юм ярьж зогсож байхад К-гийн  Н, Т-гийн  А нар ирсэн. Бид нар юм яриад зогсож байхад А бидэнд "Залуучууд зүгээр зогсож байснаас хэдэн шил архи уу" гэж хэлээд Н, А хоёр А-гийн мотоциклтой доошоо явчихсан. Т бид хоёр тэдний араас явган явсан. Бид хоёр алхаж Н гэгч хүний дэлгүүрт очиход дэлгүүрийн гадаа Т-гийн  А, Н-гийн Т , С-гийн Б  нар байж байсан. Тэгээд бид хэд Н гэгч хүний амбаарт нь орсон. Уг амбаарт нэг ширээ байсан ба тэр ширээг тойрч бид бүгд суусан. Тэнд сууж байгаад бид нар "Улаанбаатар" нэртэй 0,5 литрийн 4 шил архи уусан. Эхлээд А, Н гэгч хүнээс 2 шил "Улаанбаатар" нэртэй архи авсан. Тэрийг тэнд байсан залуучууд бүгд хувааж ууж дууссаны дараа А дахиж нэг шил архи авсан. Тэгээд би А-д “Наад архийг би хиймээр байна. Чи түрүүнээс хойш зөндөө архи авсан. Энэ архины мөнгийг нь би чамд өгье” гэж хэлж уг архийг би өөрийнхөө нэрийн өмнөөс хийсэн. Тэр архи дууссаны дараа бид бүгд нийлээн халамцуу болчихсон байсан ба Н надад янз бүрийн юм ярьж "Чи муу С-гийн  чацга бацаан. Та нар намайг хэзээ ч амжихгүй шүү" гэж хэлж байхад Т  гэгч хүн бас уурлаж Н-ыг загнаж байсан. Тэгээд бид бүгд Н-гийн амбаараас гадаа гарч тамхи татаж байж байхад тэнд байсан залуучуудад янз бүрийн юм ярьж "Та нар архи хийхгүй юм уу. Одоо ингээд явчих юм уу" гэж хэлж байсан. Тэр үед С н Б  гэгч залууг Н газар унагааж аваад цээжинд сууж байхад нь бид нар салгаж авсан. Тэр үед С.Т "Тэгвэл би нэг шил архи авъя" гэж "Улаанбаатар" нэртэй 0,5 литрийн нэг шил архи авсан. Уг архийг мөн Н-гийн амбаарт нь уусан. Тэр архийг ууж дууссаны дараагаар бид тал тал тийшээ тараад явсан. Т бид хоёр явж байхад Н тэнд үлдсэн байсан ба Т бид хоёрыг Н араас дахин дуудсан. Т бид хоёр очиход Н бид хоёрт "Би та хоёрт нэг шил архи хийнэ. Энэ Б-гийн дэлгүүр нь онгорхой байгаа юм байна. Надад мөнгө байхгүй. Гэхдээ би зээлээр нэг шил архи авна." гэж хэлж бид гурав дэлгүүрийн үүдэнд ирэхэд уг дэлгүүрээс нэг хүн гараад ирсэн ба тэр хүн Н-гийн  хадам ээж нь Х гэж хүн байсан. Н-гийн  хадам ээж нь Н-д "Чи бид хоёр хөдөө явах болсон нь яасан вэ. Одоо гэр рүү яв." гэж хэлсэн. Тэр үед Н Т бид хоёрт "Та хоёр байж байгаарай. Би хадам ээжээ явуулчихъя." гэж хэлж хадам ээж нь явсныхаа дараа дахин тэр дэлгүүрт орсон. Дэлгүүр дотор Н 10 гаруй минут удсан. Т бид хоёр дэлгүүрийн гадаа Н-ыг хүлээж байсан. Хэсэг хугацааны дараа Н дэлгүүрээс гараад ирсэн. Би Н-д  "Архи авсан уу" гэж асуухад. Н "Авсан дагаад яв." гэж хэлж нэг хашааны буланг тойрсон. Би Н-д  "Нөгөө юмаа гаргаад ир" гэж хийх хундага олдоогүй байсан тул нэг пивоны лаазыг нь урж хундага хийж барьж байхад Н өвөртөө гараа хийж байгаад өврөөсөө гараа гаргаад ирж салаавч гарган "Май чи. Миний чамд хийдэг архи маань энэ" гэж миний ам руу гараа хийсэн. Тэгээд би урьд нь бас Н-гийн гэрт нь байж байхад янз бүрийн юм хэлсэн тэгэхэд бас дуугүй байсан сүүлдээ бүр тэсэхгүй Н-гийн  гарыг нь барьж авсан. Тэр үед Н нэг гараараа миний цээжин тус газар нэг удаа цохиж авсан. Н бид хоёр нэг нэгийгээ заамдаж авч зодолдож байсан ба би Н-гийн  зүүн нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж авсан. Би цохиж авсны дараа Н-гийн  зүүн хөмсгөн тус газраас нь цус гарсан байдалтай байсан. Бид хоёр зодолдож байхад Т бид хоёрыг салгаж авсан. Т Н бид хоёрыг салгаж авсны дараа Н над руу чулуу шидэж эхэлсэн тул би зугтаад алга болсон. Би очоод гэртээ байж байхад цагдаа нар ирж намайг авч явж цагдаагийн тасагт авч ирж үлээлгэсэн. Болсон асуудал энэ. Н бид хоёр нэг нэгийгээ хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед миний гар Н-гийн  хамар болон духан тус газарт нь хүрсэн. Уурандаа, согтуудаа яг хэд цохисноо сайн санахгүй байна. Тэр өдөр Т бид бүгд явган явж байсан. Н бид хоёрын хооронд болсон зодоон сумын төвд Н-гийн гэрийн ойролцоо болсон. Миний буруутай үйлдлээс болоод Н-гийн  биед хөнгөн хохирол учирсан тул би Н-д  учирсан. ...Мөрдөн байцаалтын шатанд 512500 төгрөг өгсөн. Дараа нь би уучлалт гуйж очоод 500000 төгрөг өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч К.Н-гийн  мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...С бид хоёр үгээр тоглоод сууж байсан ба харин тухайн үед Т бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд бид тэндээс тараад явах гэж байхад Т, С хоёр Тийн мотоциклоор явах гэж байсан ба би ч гэсэн замдаа буучих санаатай бид 3 хамт Тийн ногоон өнгийн мотоциклд сундалж Н гэгч хүний хашааны гадна талаас хөдөлж цаашаагаа "Нурсахан чулуу" гэх газар руу явсан. Тэгээд "Нурсахан чулуу" гэх газарт очиж мотоциклоос бууж байхад эхлээд С намайг заамдаж барьж авч бид хоёр хэрэлдэж байхад С миний зүүн нүдэн тус газар баруун гараараа нэг удаа цохиж авахад миний толгой эргэж газар унасан. Тэр үед намайг дэвсэж өшиглөж эхэлсэн, би толгойгоо куртикээр бүрхэж авч газар хэвтсэн. ...С-гаас нийт 512500 төгрөг бэлнээр авлаа. Би С-д гомдолгүй. Бид хоёрын дунд хохирлын талаар ямар нэгэн маргаангүй. Өөр нэхэмжлэх зүйлгүй. ...Тухайн үед би нийлээн согтуу байсан ба яг хаана байснаа санахгүй байсан. С, Т нар намайг гэрт хүргээд өгнө гэж Тийн мотоциклд бид гурав сундалж Н-гийн дэлгүүрийн гаднаас хашааны булан тойрч зогссон. Тухайн зодоон одоо бодоод байсан чинь сумын төвд Н-гийн дэлгүүрээс дээшээ хашааны булан тойроод болсон байна. С намайг сумын төвд зодсон." гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р хуудас, 110-111-р хуудас/,

- Гэрч С.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны  02 дугаар сарын  06-ны өдөр гудамжинд билльярдын урдаас С-гийн  С, К-гийн  Н, Н-гийн Т ,  С-гийн  Б , Т-гийн  А, Т-гийн  А бид нар нийлж сумын төвд байдаг Н гэгч хүний амбаарт нь архи ууж сууж байсан. Н С-гийн төрсөн хүргэн ах нь болдог. Архи ууж сууж байхад Н С-д дахин дахин янз бүрийн юм хэлж "Чи муу С-гийн  чацга бацаан. Чиний гараас юу ч бүтэхгүй" гэж ам руу нь салаавчаа гаргаж хийж байсан. Тэгээд тэнд байсан дээрх залуучууд С, Н хоёрыг болиулж бид нар тэндээс 4 шил "Улаанбаатар" нэртэй 0,5 литрийн архи ууж гарсан. Тэгээд бид нар явахаар болоод тарж байсан. Тэр үед Н биднээс хоцорч тэр дэлгүүрийн гадаа байж байгаад С бид хоёрыг дахин дуудсан. С бид хоёрыг Н дуудаж аваад "Би та хоёрт нэг шил архи авч хийх гэсэн юм" гэж хэлсэн. Н Б гэгч залуугийн дэлгүүрт орох гэж явж байхад нь тэр дэлгүүрээс Н-гийн  хадам ээж нь гараад ирсэн. Н-гийн  хадам ээж нь Н-д  "Чи согтуу байна шүү дээ. Чи бид хоёр хөдөө явахаар болсон биз дээ. Одоо гэр лүүгээ яв" гэж хэлсэн. Н С бид хоёрт "Та нар миний хадам ээжид харагдахгүй байж байгаарай. Би энэ хүн явсны дараа дэлгүүрээс архи аваад ирнэ" гэж бид хоёрт шивнээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Н-гийн  хадам ээж нь яваад өгсөн ба Н Б-гийн дэлгүүрт орж 10 минут байж байгаад гараад ирсэн. С бид хоёр Н-ыг хүлээгээд дэлгүүрийн гадаа байж байсан. Н С бид хоёрт "1 шил архи авлаа" гэж гараад ирсэн. Н өөрөө нэг буланг тойрч эхлээд явсан. С бид хоёр араас нь явсан. Тэр буланг тойроод явж байхад Н өвөр лүүгээ гараа хийж байгаад өврөөсөө С-д гараа гаргаж ирж "Май чи муу. Чамд миний өгөх архи энэ" гэж салаавч гаргасан. Тэндээс Н болон С хоёр нэг нэгийгээ барьж заамдаж авч зодолдоод эхэлсэн. Нэг харахад Н-гийн  зүүн талын хөмсгөн тус газраас нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед би очиж С болон Н хоёрыг салгаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

- Гэрч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэрээсээ гарч сумын төвд Н-ыг эрж хайсан боловч олдоогүй ба дээшээ Н гэгч хүний гэрийн амбаарт нь орж үзэхэд тэнд хэсэг бүлэг залуучууд Т, С, А, Б , Т  гээд хүмүүс архи уугаад сууж байсан. Н тэдний хажууд нь архи уугаад сууж байсан. Би Н-д  "...Та ямар сонин хүн бэ. Гэрт ээж таныг хүлээгээд сууж байна. Цаг оройтлоо одоо явах уу" гэж хэлэхэд "Одоо очлоо. Энэ архийг дуусгачихъя" гэхээр нь би Н-ыг хүлээж байгаад бид бүгд Н-гийн амбаараас нь гарч Т, Н, С гурав нэг мотоциклд сундалж явсан ба мотоциклыг С жолоодож явчихсан. Т , Б  нар бас нэг мотоциклтой явсан. Мотоцикл Б ынх байсан ба Б  өөрөө жолоодож явсан. Тэд нар явсны дараа би ч гэсэн мотоциклтой гэр лүү явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

- Гэрч С.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би гэрээсээ гарч сумын төвд дэлгүүрт ирж сумын төвд байдаг "Од" нэртэй дэлгүүрээс тамхи авчхаад буцаад гэр рүүгээ явган алхаж явж байхад Н гэгч намайг дуудсан. Н надаар хүргэн ах гэж тоглож явдаг залуу. Манай эхнэр Н хоёр нэг омгийн хүмүүс болно. Н намайг дуудаж авч бид хоёр юм ярингаа зогсож байхад Н надад "Нэг шил архи уух уу.Надад нэг шил архи байна" гэхээр нь би “Уувал ууя” гэж хэлсэн. Тэр үед "Од" дэлгүүрийн урд Т, С, Т , Н, А, А бид нар нийлж аваад "Од" нэртэй дэлгүүрээс дээшээгээ байдаг Н гэх хүний амбаарт нь очиж архи уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

- Гэрч С.Х-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс сумын төвд ажлаар ирж хүү болох А-гийнд хоносон. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргэн хүү болох Н нь намайг хөдөө мотоциклоор хүргэхээр болоод гэрээсээ бензин, тос авна гэж 12 цагийн үед гараад явсан. Би А-гийн гэрт нь Н-ыг 1 цаг гаруй хүлээж байгаад ирэхгүй байхаар нь нэг мотоциклоор сумын төв рүү ирсэн. Сумын төвд ирж байж байхад Н Н гэгч хүний дэлгүүрийн урд хажууд нь С, Т нарын хамт байсан. Би Н-д  "...Одоо цаг оройтлоо ямар сонин юм бэ. Чи намайг хөдөө хүргэхээр болсон чинь яасан бэ” гэж хэлэхэд Н надад “Би таныг хөдөө хүргэнэ байж байгаарай." гэж хэлсэн. Би Н-ыг хөтөлж явж байхад С хүрч ирж "..Н-ыг бид нар хүргэнэ та гэр лүугээ явж бай." гэж авч үлдэж мотоциклд гурвуулаа сундалж аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/,

- Гэрч Х.С-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02-р сарын 06-ны өдөр орой 19 цагийн үед гэрийн нэг чийдэн шатчихаад "Од" дэлгүүрээс тэрнийг аваад буцаад явж байх замдаа Н гэгч хүний дэлгүүрийн урд мотоциклын гэрэлд орж зам дагуу нэг хүн явж байсан. Тэр хүн намайг гараа өргөж зогсоосон. Тэгээд би хажууд нь ирж зогсоход Н гэдэг залуу нийлээн халамцуу явж байсан. Би Н-д  “Та хаанаас явж байгаа юм бэ” гэж асуухад "Намайг гэртээ хүргээд өгчих" гэсэн. Тухайн үед Н-гийн  нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон зүүн талын нүд болон дух нь хавдсан байдалтай байсан. Би мотоциклдоо Н-ыг сундлуулж аваад гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С-гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С нь хохирогч К.Н-ыг зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-гийн 90 дугаартай: “...Иргэн К.Н-гийн биед тархины доргилтын хам шинжтэй. /Тархины битүү гэмтэл, няцралт/ тархи ялимгүй хавантай, баруун тийш хамрын таславч мурийсан. Зүүн нүдэнд битүү хавдартай, дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, доод зовхинд шархтай, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын нурууны мурийлттай, духны зүүн талд шархтай, хавдартай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт түр нөлөөлөх болно. Тархины гэмтлийн хор уршгийг үлдэц, эмчилгээнээс хамаарч дахиж тогтоох болно. Амбулаторийн картыг хавсаргав.” /хх-ийн 73-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С-гийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С-гийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Н-гийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч К.Н-гийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч С.С төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.С-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

  1. Шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч С-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч С.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгож, хохирогч К.Н-гийн  компьютер томографын бичлэг бүхий CD дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

  1. Ш овгийн С-гийн  С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч К.Н-гийн компьютер томографын бичлэг бүхий CD дискийг хэргийн хамт хадгалсугай.  
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С-гийн 0000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  8. Шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.Д