Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/694

 

                                                                                                                                                                                                                                               

 

 

     2024            6            18                                         2024/ДШМ/694

 

А.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/544 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор А.Эад холбогдох эрүүгийн 2208020200579 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ********* ******* ********** ******** тоотод “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих, нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “...1. Давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт яллах талыг баримталсан, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын 1.16-д заасан албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг авч хэрэглэхдээ нөгөөг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянасан гэх боловч ямар учраас цагаатгах талын гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзсэн нь тодорхойгүй буюу үндэслэлээ зааж чадаагүй, хохирогчийн харилцан зөрүүтэй мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүн шинжилгээ хийж чадаагүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ М.Б нь А.Этай муудалцахаас өмнө буюу урд өдөр нь гэрч А.Э, насанд хүрээгүй гэрч Б.С нарын гэрээр орж ирэх үедээ шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан зүүн нүд хөхөрсөн, хамар шалбарсан гэмтлийг авсан байсан бөгөөд түүнийгээ “өөрөө унасан” гэж тайлбарлаж байсан байдаг. Харин хүргэн дүү А.Этай маргаж муудалцан ноцолдох үед хамраас нь цус гарсан байх бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, гэмтлийн зэрэгт нөлөөлөөгүй болно. А.Э, М.Б нарыг маргаж ноцолдсоны дараа ирсэн охин Б.Ц, дүү М.Б нартаа М.Б нь худал хэлж, өмнө нь өөрөө унасан гэмтлээ А.Эыг учруулсан мэтээр тайлбарласан, цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн, улмаар өмнөх гэмтлээрээ шинжээчийн дүгнэлт гаргуулсан, гэрч А.Э, Б.С нарыг гэрчээр мэдүүлэг өгсний дараа үнэнд гүйцэгдэхдээ хамрын шалбарсан гэмтлээ өөрөө унах үедээ авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, зөвхөн гэмтлийн зэрэгт хамаарах зүүн нүдний хөхрөлтөө А.Э руу гүтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

            Энэхүү хэргийн бодит байдалд үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлээ зааж чадаагүй атлаа хэт нэг талыг баримтлан хууль зүйн үндэслэлгүйгээр няцаан цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэх талаарх албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлүүд тогтоогдсон байдаг. Үүнээс үзэхэд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ДШМ/1168 дугаар магадлал нь үндэслэлгүй бөгөөд үүнийг биелүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар талд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлгийг дурдсан байх бөгөөд нүдний хөхрөлт нь 2-3 хоног үргэлжилдэг гэх мэдүүлгийг “...Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсэх боломжит цаад хугацаа нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байна. ...” гэж 2 хоног л үргэлжилдэг гэх мэдүүлсэн мэтээр гуйвуулсан байна. Миний асуултад шинжээч “...нүдний хөхрөлт нь 2-3 хоног үргэлжилдэг” гэж хариулсны дараа шүүгч “2 хоног үргэлжилдэг юм байна тийм үү” гэж шинжээчийг хөтөлж асууж байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний тэмдэглэлд бичигдэн үлдсэн байгаа тул дуу-дүрсний бичлэгийг шинжлэн судлуулах шаардлагатай байна. Шийтгэх тогтоолын 4 дүгээр талд “...шүүгдэгч А.Эын хохирогч М.Бын нүүрэн тус газар цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. ...” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгчийг хохирогчийн нүүрэн тус газар цохисон болохыг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч М.Бын хоорондоо эрс зөрүүтэй, худал мэдүүлгийг үндэслэж байгаа тохиолдолд энэ дүгнэлт нь эргэлзээтэй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Хохирогч М.Бын охин Б.Ц мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгон дүгнэсэн байх боловч түүнтэй хамт очсон гэх гэрч Л.Б мэдүүлэг, Б.Ц эдүүлэг хоёр хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Учир нь Б.Ц “...Харин Баянмөнх ахтай зэрэг аав дээр очоод байж байх хугацаанд нүд нь хөхрөлттэй болж байсан.  ...” гэдэг бол Л.Баянмөнх нь энэ талаар огт мэдүүлдэггүй.

Шийтгэх тогтоолын 6 дугаар талд “Мөн гэрч А.Э нь нэг нүд нь бүдэг хөхөрчихсөн л байсан” гэж мэдүүлсэн буюу яг аль нүд нь хөхөрсөн байсан талаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, насанд хүрээгүй гэрч Б.С нь 10 настай, түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хууль, сануулж мэдүүлэг аваагүй, үйл явдал хэзээ болсон талаараа тодорхой санаж мэдүүлээгүй байна” гэж дүгнэжээ. Гэрч А.Эгийн мэдүүлгийн тухайд 1 нүд нь бүдэг хөхөрчихсөн байсан талаар мэдүүлсэн байхад шүүгч түүний мэдүүлэгт эргэлзэж аль нүд нь хөхөрсөн байсан талаар тодорхой мэдүүлээгүй гэжээ. Тэгвэл хохирогч М.Б нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Тумбаа гэх айлаар очсон, тэнд гэрч А.Э, насанд хүрээгүй гэрч Б.С нартай таарсан болохыг шүүх үгүйсгээгүй байна. Мөн тухайн үед хохирогч М.Бын нүд нь хөхөрсөн, хамар нь шалбарсан байдалтай байсан болох нь тогтоогдсон байна. Гэтэл насанд хүрээгүй гэрчид “Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг аваагүй” гэж буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй. ...” гэснийг зөрчиж байна.

Үүнээс дүгнэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхийн тулд хууль зөрчсөн дүгнэлт хийж, цагаатгах талын гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, яллах талын гэрчийн мэдүүлгийг онцгойлон авч үзсэн, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, яллах талыг хэт баримталсан зэрэг хуулиар хориглосон олон хязгаарлалтыг зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх, үндэслэл бүхий байх зэрэг хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлоо 2 хэлбэрээр бичсэн. Нэгдүгээрт, өмнө нь тухайн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн бөгөөд тус шийдвэрийн тухай дурдаж, мөн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоол гарсантай холбогдуулан 2 нөхцөл байдлын талаар дурдсан. Давж заалдах шатны шүүхийн өмнөх шийдвэртэй холбогдуулан гомдолдоо дурдсаныг ойлгомжгүй байна. Тухайн үед тус шийдвэрийг гардаж аваад Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, хянуулсан эсэх нь ойлгомжгүй. Нэгэнт хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж шийдвэр гарсан байтал давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалыг үндэслэлгүй гэж дурдаад, мөн тус магадлалд заасны дагуу анхан шатны шүүх хэргийг шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэсэн агуулгаар бичсэн нь үндэслэлгүй тул тайлбар хийх боломжгүй байна. Хоёрдугаарт, давж заалдах гомдолд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлгийг дурдсан байх бөгөөд нүдний хөхрөлт нь 2-3 хоног үргэлжилдэг гэх мэдүүлгийг “зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсэх боломжит цаад хугацаа нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байна” гэж 2 хоног л үргэлжилдэг гэх мэдүүлсэн мэтээр гуйвуулсан байна гэж дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг биечлэн оролцуулж, шүүгч болон бусад оролцогч, улсын яллагчийн зүгээс тал бүрээс нь тодруулах байдлаар асуухад “зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлийг 2 хоногийн дотор үүсэх боломжтой гэмтэл”, учирсан гэмтэл 6 дугаар сарын 10-ны өдөр учирсан байх боломжтой, шинжээчийн дүгнэлт 6 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийгээд гарсан байна гээд та энэ дээр тодорхой огноо хэлэх боломжтой юу гэдэг байдлаар тодруулж асуухад “цаад талын хугацаа 6 дугаар сарын 09-ний өдөр энэ гэмтэл учирсан байх боломжтой, үүнээс цааш учирсан байх боломжгүй” гэх хариулт өгсөн. Тэгэхээр шинжээчийн мэдүүлэг үндэслэлтэй, үүнийг ямар нэгэн байдлаар гуйвуулж бичсэн асуудал гараагүй. Шүүгдэгч А.Эын хохирогч М.Бын нүүрэн тус газар цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн байгаа. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүдэд А.Э “намайг зодсон, зодохдоо нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа тохойлдсон, дараа нь зүүн нүдэн тус газар руу тохойгоороо цохисон, миний биед учирсан нүдний гэмтлийг А.Э цохиж, зодож учруулсан” гэдэг байдлаар өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн. Түүнчлэн гэрч М.Б, Б.Цийн нарын мэдүүлэгт “хэрэг болсон цаг хугацааны дараа хохирогчийн гэрт ирээд байх хугацаанд хохирогчийн нүдэнд хөхрөлт үүсэж байсан, хохирогчтой уулзаж ямар байдлаар яагаад цохиж зодуулсан талаар тодруулахад А.Э “намайг зодчихоод явсан” гэж хэлсэн, үүний дагуу М.Б А.Этай холбогдож “яагаад ахыг зодож байгаа юм бэ” гэж асуухад “ээжид архи өгөөд, ээж тэрнээс болоод хөлөө хугалсан учраас би цохиж зодсон яадаг юм” гэдэг байдлаар хэлж байсан” гэж тодорхой дурдагдсан. Иймд хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч А.Эын улмаас М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гуравдугаарт, хохирогч М.Бын охин Б.Цийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгоод дүгнэсэн байх боловч түүнтэй хамт очсон гэрч М.Б болон Б.Ц нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байна гэж дурдсан. Гэрч нарын мэдүүлгүүдэд зөрүүтэй зүйл байхгүй. Хохирогч М.Б Б.Цтэй утсаар ярьсан, Б.Ц М.Б рүү утсаар яриад М.Б, Б.Ц нар хохирогч М.Бын гэрт ирэхэд нүүр ам, ор дэр нь цус болсон байдалтай байсан гэх өгүүлэмжийн дагуу тодруулахад А.Э зодчихоод явсан гэдэг талаар хэлж байсан гээд хэн аль нь зөрүүгүй байдлаар мэдүүлсэн тул гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй зүйл тусгагдаагүй байна. Дөрөвдүгээрт, гэрч А.Э “нэг нүд нь бүдэг хөхөрсөн байсан” гэж мэдүүлсэн бөгөөд аль нүд нь хөхөрсөн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй. Мөн насанд хүрээгүй гэрч Б.С 10 настай, үйл явдал хэзээ болсон талаар тодорхой хэлж мэдүүлээгүй байна гэж шүүхийн шийдвэрт дурдагдсан. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч А.Эгийн мэдүүлгийн тухайд 1 нүд нь бүдэг хөхөрчихсөн байсан талаар мэдүүлсэн байхад шүүгч түүний мэдүүлэгт эргэлзэж аль нүд нь хөхөрсөн байсан талаар тодорхой мэдүүлээгүй гэж гомдолд бичсэн. Гэрч А.Эгаас мэдүүлэг авахад “6 дугаар сарын 09-ний өдөр шиг санаж байна, хохирогч М.Б манайд орж ирээд гарахдаа 1 нүд нь хөхөрчихсөн байх шиг байсан” гэдэг байдлаар мэдүүлсэн. Болсон үйл явдлынхаа огноог тодорхой хэлж мэдүүлдэггүй. Мөн тухайн үед байсан гэх насанд хүрээгүй гэрч Б.С “огноог тодорхой хэлж мэдэхгүй, ямар ч байсан М.Б ах манайд орж ирсэн, хамар нь халцарсан, 1 нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан” гээд хэзээ болсон үйл явдлын талаар ярьж байгаагаа тодорхой мэдүүлэхгүй байгаагаас шүүгч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай эдгээр нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх А.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 43-2 тоотод “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих, нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Бын “...нүүр рүү тохойлдоод 2-3 удаа цохисон, ...хоолойноос боогоод миний зүүн нүд рүү тохойгоороо цохиод гэмтээсэн. ...Тухайн хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө би архи согтууруулах ундааны зүйл үедээ хамраараа унаад хамраа шалбалчихсан. Харин миний зүүн талын нүдэнд учирсан гэмтлийг А.Э тохойгоороо цохиж учруулсан. ...” /1хх 18-19, 23-24/, 

гэрч Б.Цийн “...Тэгэхэд хамар нь халцарчихсан, өөр гэмтэл учраагүй байсан. ...өглөө эрт аавын гэрт ирээд түргэн дуудаж аавыг үзүүлээд “эмнэлэг явъя” гэхэд “зүгээр байна, гайгүй болсон” гэж байсан. Мөн тэр өдрөө цуг байж байгаад 23 цагийн үед явсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Хөвсгөл явах гээд аав руу өглөө 07 цагийн үед залгасан чинь аав утсаа аваад “Э ирээд намайг боож унагаагаад зодчихоод гараад явчихлаа, миний охин хүрээд ир” гэсэн. ...Э ирээд намайг хоолойноос боосон, намайг зодоод, нүүр ам ийм болгосон, миний ээжийн хөлийг хугалсан гээд дайраад байсан талаар аав бид хоёрт хэлсэн. ...” /1хх 135-136/,

гэрч Л.Б “...Батбаяр ахаас юу болсон талаар асуухад “Э гаднаас орж ирээд учир зүггүй зодоод байсан, тэгээд гараад зугтаасан” гэж хэлсэн. Би Э руу залгаад “яагаад ахыг зодож байгаа юм бэ” гэж асуусан чинь “ээжтэй хамт архи уугаад ээжийн хөлийг гэмтээсэн, тэгээд зодсон юм” гэж хэлж байсан...” /1хх 142-143/,

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “... М.Бын биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Тухайн хохирогч М.Бын үзүүлсэн гэх 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нь амралтын өдөр таарсан байсан. Ажлын өдөр болгон орой бүр кассны ажилчин төлбөрийн талон бэлдэж гарган өгдөг ба гаргасан төлбөрийн баримтыг заавал
дуусгаж өгч байж дараагийн талоноо авдаг тул 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн
талоны дуусгаагүй байсан тул дахин ашигласан байх боломжтой. ...2-3 хоногийн өмнө
үүссэн хамрын нурууны зулгаралт гэмтэл нь гэмт хэрэг гарах үед тав нь хууларч цус гарсан
бол шинэ гэмтэл гэж харагдана. ...Хохирогч М.Бын биед учирсан хамрын нурууны
зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр
үүсгэгдэнэ. ...Хамрын нурууны зулгаралт гэмтэл авах үед зүүн нүдний зовхинд цус хурах
боломжгүй. ...Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсэх боломжит цаад хугацаа нь 2022
оны 06 дугаар сарын 09-ний өдөр байна...” /1хх 146/
гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны
өдрийн 8511 дугаартай “...Зүүн нүдний дээд зовхинд 4x2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. М.Бын биед зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 31/ шинжээчийн дүгнэлт,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 12/, өвчтөний түүх /1хх 34-47/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Эыг ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэл “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан хохирогч, шүүгдэгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэрч А.Э, насанд хүрээгүй гэрч Б.С нар нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэхдээ 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг болсон гэх үйл баримтын талаар өдөр, цаг хугацааг нарийвчлан заагаагүй бөгөөд хэргийн талаар шууд гэрчилсэн гэрчүүд биш юм.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч М.Бын “...нүүр рүү тохойлдоод 2-3 удаа цохисон, ...хоолойноос боогоод миний зүүн нүд рүү тохойгоороо цохиод гэмтээсэн. ...Тухайн хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө би архи согтууруулах ундааны зүйл үедээ хамраараа унаад хамраа шалбалчихсан. Харин миний зүүн талын нүдэнд учирсан гэмтлийг А.Э тохойгоороо цохиж учруулсан. ...”,

гэрч Л.Б “...Батбаяр ахаас юу болсон талаар асуухад “Э гаднаас орж ирээд учир зүггүй зодоод байсан, тэгээд гараад зугтаасан” гэж хэлсэн. Би Э руу залгаад “яагаад ахыг зодож байгаа юм бэ” гэж асуусан чинь “ээжтэй хамт архи уугаад ээжийн хөлийг гэмтээсэн, тэгээд зодсон юм” гэж хэлж байсан...”,

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...2-3 хоногийн өмнө үүссэн хамрын нурууны зулгаралт гэмтэл нь гэмт хэрэг гарах үед тав нь хууларч цус гарсан бол шинэ гэмтэл гэж харагдана. ...Хохирогч М.Бын биед учирсан хамрын нурууны зулгаралт зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хамрын нурууны зулгаралт гэмтэл авах үед зүүн нүдний зовхинд цус хурах боломжгүй. ...Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсэх боломжит цаад хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байна...” /1хх 146/ гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь М.Бын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8511 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг шүүгдэгчээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Прокуророос А.Эын үйлдлийг нь “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих, нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч А.Эын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн шинжийг үгүйсгэх, эсхүл ямар нэгэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхүйц болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/544 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ