Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 303/ШШ2025/00478

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. 56 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 214 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тушаал, түүний хавсралт, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13/592 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ын, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******ын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажилаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 214 дүгээр лавлагаа, малчнаар ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч *******ын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар томилсон, 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам компанийн малчны ажлаас чөлөөлсөн тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтэр хэрэгт нотлох баримтаар авагдсан ч тухайн хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, засвартай, гэрч *******, ******* нар хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт гэрчийн мэдүүлгийн эх сурвалж буюу тухайн цаг үед хүсэлт гаргагчтай ажиллаж байсныг нотлох бичгийн баримт авагдаагүй тул гэрчийн мэдүүлгийн энэхүү хэсгийг тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

5. Иймд хүсэлт гаргагч *******ын 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Сартуул овогт ******* 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА