Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 03

 

 

П............, Г............ нарын

нэхэмжлэлтэй, Н............д 

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01083 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П............, Г............ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н............д холбогдох,

 

 “41.967.816 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагч Н............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагч Н............, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Пүрэвсүрэнгийн ........... миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны ........... дугаартай данснаас Н............ын эзэмшлийн ХААН банкны ........... дугаартай дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 24.312.000 /хорин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Эхлээд 12.000.000 төгрөг, дараа нь 12,312,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Н............ нь энэ мөнгийг надаас авахдаа stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгийг маань өсгөж өгнө хэмээж авсан. Энэ компанид мөнгөө оруулснаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлсэн тул би энэ Н............ гэдэг хүнд итгэж өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн. Ингээд Н............аас удаа дараа маш олон удаа мөнгөө асууж лавлах болсон, нэг удаа надад 810 ам.доллар буюу монгол мөнгөөр 1.944.000 төгрөг өгсөн түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй өдий хүрч байна. Мөнгөө авъя гэхээр өгнө гэж хэлсээр маш их удаж байна. Би Н............д итгэж, өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн учраас одоо энэ хүнээс өгсөн мөнгөө авах шаардлагатай байна. Энэ мөнгийг би зээлж Н............д өгсөн тул эдийн засгийн хувьд маш их алдагдалд орж байна. Иймээс Н............аас П............ надад 22.368.000 /хорин хоёр сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г............ миний бие 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5094654855 дугаартай данснаас ...........ын эзэмшлийн Хаан банкны ........... дугаартай дансанд 1 удаагийн гүйлгээгээр нийт 19.549.816 төгрөгийг шилжүүлсэн. Н............ нь энэ мөнгийг надаас авахдаа stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгийг маань өсгөж өгнө хэмээж авсан. Энэ компанид мөнгөө оруулснаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлсэн тул би энэ Н............ гэдэг хүнд итгэж өөрийнх нь дансанд мөнгөө мөнгөө шилжүүлсэн. Ингээд Н............аас удаа дараа маш олон удаа мөнгөө асууж лавлах болсон, мөнгөө авъя гэхээр өгнө гэж хэлсээр маш их удаж байна. Би Н............д итгэж, өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн учраас одоо энэ хүнээс өгсөн мөнгөө авах шаардлагатай байна. Энэ мөнгийг би зээлж Н............д өгсөн тул эдийн засгийн хувьд маш их алдагдалд орж байна. Иймээс Н............аас 19.549.816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энэ хоёр хүн сүлжээнд мөнгө оруулсан. Надад зээлдээгүй. Г............ гэх хүнийг би танихгүй. Г............ын эгчтэй нь би танил байсан. Эгчээрээ танилцуулж орсон. П............ гэх хүнийг Г............ гэх хүн өөрөө энэ сүлжээнд урьж оруулсан байх. Энэ сүлжээ ганцхан миний сүлжээ биш. Казакаас орж ирсэн Jtime-тай адилхан сүлжээ. Энэ сүлжээнд ганхан энэ хүмүүс ороод хохироогүй. Би ч гэсэн орж хохирсон. Эрүүгийн хэрэг нь одоог хүртэл Хан-Уул дүүрэгт явж байгаа. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч Мөнхзандан гэх хүнтэй би очиж уулзаж байсан. Тэр үед Баянгол дүүрэгт байсан. Би очиж уулзаад бүх зүйлийг тайлбарлаж хэлж байсан. Энэ иргэний хэрэг биш. Үүнийг эрүүгийн хэрэг гэж надад хэлсэн. Хэрвээ би ч гэсэн хохирогч гээд адилхан өргөдөл өгнө гэж очсон. Сүлжээний хэргийг Бат-Эрдэнэ гэдэг хүн тухайн үед оффис ажиллуулж байсан. Энэ хүн рүү би П............гийн мөнгийг өгсөн. Би П............, Г............ нарыг энэ сүлжээнд ор гэж ятгаагүй. Амгаланбаатар гэх хүн Орхон аймагт ирж сургалт хийсэн. Сургалт хийхэд нь энэ хүмүүс орохоор шийдсэн. Шийдэхдээ мөнгөө миний данс руу явуулсан. Миний данснаас бүх газар руу явуулсан задаргааг нь явуулсан. Г............ П............гийн оруулсан урилгыг авч идсэн. Би авч идээгүй. Тийм учраас энэ хэрэг дээр намайг гүтгэж хэрэг үүсгэж явж байгааг би ойлгохгүй байна. Батзандан гэх хүнтэй уулзаж, ярилцахад тэр хүн надад бүх зүйлийг тодорхой тайлбарлаж өгсөн. Би өөрийнхөө мөнгийг Бат-Эрдэнэ гэх хүн рүү шилжүүлсэн учраас Бат-Эрдэнэд хүнд өргөдөл гаргаж өгье гэхээр надад хэлэхдээ тал мөнгөө буцаана авах боломжтой байна гэж хэлсэн учраас би тал мөнгөө буцаана гэж бодсон. Ганцхан над дээр ийм хэрэг үүсэж байгааг би ойлгохгүй байна. Г............, П............ нар нь 2018 оны оны 3 дугаар сард цагдаад өргөдөл өгсөн байсан. Би тэр үед жирэмсэн байсан. Тухайн үед энэ хүмүүсийг өргөдлөө буцаана аваач гэж хэлээгүй. Г............ын эгчтэй нь койн буюу цахимыг авсан байсан. П............, Г............ын нарын дахин асуудал үүсгэхгүй, гомдолгүй гэж бичиж өгч байсан баримтууд нь бүгд алга болсон. Энэ хүмүүс ятгаж оруулсан гэдэг тийм зүйл байхгүй. Г............тай ганцаарчилж уулзаж байгаагүй. Эгч нь манай дүү Станфорд компанид орох болчихлоо гэж хэлсэн. Мөнгийг тухайн үед хаашаа шилжүүлж байсан бүх баримт нь байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01083 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н............аас 22.368.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П............д, 19.549.816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г............д тус тус олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г............ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.700 төгрөг, нэхэмжлэгч П............гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.510 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н............аас улсын тэмдэгтийн хураамж 255.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г............д, 279.510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П............д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н............ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны 142/ШШ2021/01083 дугаар бүхий шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн П............8 Г............ нар нь надаас нийт 41.967.816 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй болжээ. Учир нь П............ , Г............ бид бүгд Бат-Эрдэнэ гэдэг хүнд залилуулсан юм. Бид бүгд Stamford-д орцгоосон. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л орсон болохоос эдгээр хүмүүсийг би огт шаардаагүй. Адилхан сургаалтанд нь суугаад л орцгоосон. Би ч өөрөө энэ хоёртой адилхан 20 гаран сая төгрөг өгөөд алдсан. Энэ хоёр хүмүүс тухайн мөнгийг компанид өөрсдөө шилжүүлэх боломж байсан. Гэтэл өөрсдөө намайг гуйж мөнгөө шимтгэлгүйгээр компанид шилжүүлэх гэсэн юм гэж гуйсаар байгаад миний данс руу мөнгөө шилжүүлсэн. / гуйгаад байгаа нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудаст байгаа чатын хуулбараар нотлогдоно/ Иймээс ..........., ........... нарын мөнгийг орж ирэнгүүт эдгээр хүмүүсийн мөнгийг Бат-Эрдэнэ, Ц.Ганбаатар, Г.Отгончимэг нарын дансанд шилжүүлсэн. /Энэ нь хавтаст хэргийн 35-38 хуудас дахь миний ХААН банкны ........... дансны хуулгаар нотлогдоно/ Учир нь эдгээр хүмүүс долларт шилжүүлээд шимтгэлгүйгээр эдгээрийн багцыг идэвхжүүлж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг ашиглаагүй эд нарт тус болж л гуйсных нь дагуу мөнгийг нь өөрийн дансаар авч буцааж доллар болгож идэвхжүүлдэг хүмүүст нь шилжүүлээд байгаа гэсэн үг юм. Тэгэхээр би эдгээр хүмүүсийн мөнгийг зохих хүмүүст нь шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлтийг биелүүлсэн ба өөрөөр хэлбэл тэр хүсэлтийг нь биелүүлснээр эдгээр хүмүүсийн өмнө хүлээсэн миний үүрэг дуусгавар болсон гэсэн үг юм. Энэ хүмүүсийг би элсүүлээгүй. Харин эдгээр хүмүүс өөрсдөө намайг ятгасаар байж оруулснаар би ч өөрөө хохирсон. /хх-31 тал/ Гэтэл өөрсдөө гуйж шилжүүлүүлсэн мөнгөө намайг авсан мэт нэхэмжлэл гарган шүүх түүнийг нь ханган шийдээд байгааг ойлгохгүй байна. Шүүхэд би нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Гэтэл түүнийг яагаад бодит байдалтай нийцүүлж үнэлэхгүй байна вэ. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хариуцагч ........... нь  нэхэмжлэгч нарыг Stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын элсүүлж, оруулсан мөнгийг өсгөж өгнө, тус компанид оруулснаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлж ХААН банк дахь ........... өөрийн дансанд мөнгө шилжүүлж авсан боловч мөнгийг нэхэмжлэгч нарт амласан Stamford компанид шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна “ гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын нотлох баримтгүй худал гүтгэж тайлбарласан тайлбарт үндэслэсэн дүгнэлт гаргаад байна. Энэ хүмүүсийг би элсүүлсэн, оруулсан мөнгийг нь өсгөж өгнө, энэ компанид орсноор ямар ч эрсдэлгүй гэж би огт хэлээгүй энэ хүмүүсийг би элсүүлээгүй байхад намайг элсүүлсэн гэж ямар нотлох баримтаар дүгнээд байгааг ойлгосонгүй. Эдгээр хүмүүс мөнгө шилжүүлэхдээ компанид намайг элсүүлээд өг гэж шилжүүлээд байгаа юм биш компанид шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх гэж л элсүүлдэг хүмүүс рүү нь надаар дамжуулаад мөнгө шилжүүлүүлээд байгаа юм. Бат-Эрдэнэ болон миний мөнгө шилжүүлээд байгаа хүмүүс хотод Оффис ажиллуулж элсэлтээ хийдэг хүмүүс юм. Энэ хүмүүс өөрсдөө элсээд байгаа гэдгийг дахин хэлье .Эдгээртэй холбогдсон нотлох баримт ХХ-ийн 33 хуудас дахь чатуудын хуулбараар нотлогдоно. Энэ талын нотлох баримтыг шүүхэд хангалттай өгсөн. Бид бүгдээрээ л Баг-Эрдэнэ болон эдгээр хүмүүст залилуулчхаад байгаа гэдгийг ........... ........... хоёр хоёулаа мэдэж байгаа. Үүнийгээ мэдээд л намайг худал гүжирдэж нэхэмжлэл гаргаад байгаа нь энэ юм. Бүгдээрээ залилуулчихлаа гэдгээ ойлгоод бүгд Улаанбаатар Баян гол дүүрэг болон Хан уул дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн боловч орон нутагтаа өргөдлөө өг гэсний дагуу энэ хоёр надад холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газар өргөдөл өгснөөр би шалгагдаж мэдүүлэг өгч байсан. Гэтэл Орхон аймгийн Цагдаагийн газарт өгсөн өргөдлөөсөө өөрсдөө татгалзсан. Татгалзахдаа дахин энэ талаар гомдол гаргахгүй өгсөн мөнгөнийхөө оронд койн авсан гэж өөрсдийн гараар бичиг бичиж өгсөн. Гэтэл энэ талаарх нотлох баримтыг Цагдаагийн байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргахад дээрх нотлох баримт алга болсон байсан. Иймээс үүнийг мэдэх ажиллагаа хийсэн мөрдөгч Ганбат гэдэг хүнийг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргахад шүүх энэ хүсэлтийг хүлээж аваагүй нь хариуцагчийн нотлох эрхийг зөрчсөн асуудал болсон юм. Шүүх иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь хариуцагч миний тухайд нэхэмжлэгчдийн тухайн үед хүссэн хүсэлтийг нь биелүүлж шилжүүлсэн мөнгийг нь зохих хүмүүс рүү нь шилжүүлж тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл шилжүүлсэн мөнгийг нь зохих хүмүүс рүү нь шилжүүлээгүй өөртэй хэрэглэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэт дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх нь хэргийг шүүх хуралдаанаар түргэн шуурхай хэлэлцэж шийдвэрлэж хариуцагчаас шүүх хуралдааны өмнө бичгээр гаргасан гэрчээр нотлуулах. хүсэлтийг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судалж бодитой дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүний хуульд заасан эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. 6.5. 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан шаардлагыг зөрчсөн тул хариуцагчаас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, зарим нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах зэрэг эрх зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байх тул Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянаж нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Н............ нь Орхон аймгийн Сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-12-ны өдрийн №142/ШШ2021/01083 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан байна. Энэхүү гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг нэхэмжлэгч миний бие гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв, хуулийн дагуу гарсан гэж бодож байна. Нэхэмжлэгч Г............ миний бие нь хариуцагч Н............ын эзэмшлийн ХААН банкны данс руу мөнгө буюу 19.549.816 төгрөг хийсэн. Энэ нь банкны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг ч одоо цааш нь өөр хүнд өгсөн учраас би мөнгийг чинь төлж чадахгүй гэж тайлбарладаг. Харин эхэн үедээ мөнгийг чинь өгнө гэдэг байсан. 2019 онд Цагдаагийн газар гомдол гаргахад Ганбат гэдэг мөрдөн байцаагч иргэний журмаар шийдүүл гэсэн ба Н............ ч тухайн үедээ удаахгүй мөнгийг чинь өгнө, би одоо жирэмсэн надад хэцүү байна. Эхлээд койн гэдэг юм өгье. Энэ нь мөнгөнд хувирдаг юм. Үлдэгдэл мөнгийг нь удаахгүй гэсэн гэтэл одоог хүртэл өгөөгүй ба харин ч бүр өгөхгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна. Энэ хугацаанд мөнгөө авч чадахгүй эдийн засгийн хувьд маш хэцүү байдалд ороод байна. Миний бие ...........д өгсөн мөнгөө хурдан буцааж авмаар байна. Би өгсөн мөнгөө л эргүүлж авах гэж байгаа болохоос биш өгөөгүй мөнгө нэхээгүй гэдгийг ойлгомоор юм. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхүй орхиж, Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-12-ны өдрийн №142/ШШ2021/010883 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Н............ нь Орхон аймгийн Сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-12-ны өдрийн №142/ШШ2021/01083 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан байна. Энэхүү гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг нэхэмжлэгч миний бие гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв, хуулийн дагуу гарсан гэж бодож байна. Нэхэмжлэгч П............ миний бие нь хариуцагч Н............ын эзэмшлийн ХААН банкны данс руу мөнгө буюу 22,368,000 төгрөг хийсэн. Үүнийгээ батлах банкны хуулгаа гаргаж өгсөн байгаа. Надаас мөнгө авсан хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа боловч одоо цааш нь өөр хүнд өгсөн учраас би мөнгийг чинь төлж чадахгүй гэж тайлбарладаг. Харин эхэн үедээ мөнгийг чинь өгнө гэдэг байсан. 2019 онд Цагдаагийн газар ...........ын хамт гомдол гаргахад Ганбат гэдэг мөрдөн байцаагч иргэний журмаар шийдүүл гэсэн ба Н............ ч тухайн үедээ удаахгүй мөнгийг чинь өгнө, би одоо жирэмсэн надад хэцүү байна. Эхлээд койн гэдэг юм өгье. Энэ нь мөнгөнд хувирдаг юм. Үлдэгдэл мөнгийг нь удаахгүй гэсэн гэтэл одоог хүртэл өгөөгүй ба харин ч бүр өгөхгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна. Энэ хугацаанд мөнгөө авч чадахгүй эдийн засгийн хувьд маш хэцүү байдалд ороод байна. Миний бие ...........д өгсөн мөнгөө хурдан буцааж авмаар байна. Би өгсөн мөнгөө л эргүүлж авах гэж байгаа болохоос биш өгөөгүй мөнгө нэхээгүй гэдгийг ойлгомоор юм. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхүй орхиж, Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-12-ны өдрийн №142/ШШ2021/010883 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-12-ны өдрийн №142/ШШ2021/01083 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Н............ын давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй. Нэхэмжлэгч П............, Г............ нар нь хариуцагч Н............ын эзэмшлийн ХААН банкны данс руу мөнгө хийсэн гэдэг нь банкны хуулгаар нотлогдож байх бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг ч цааш нь өөр хүнд өгсөн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийг хангахгүй гэсэн няцаалт болж чадахгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч нар нь хариуцагчид мөнгө өгөөд одоог хүртэл буцаан аваагүй байгаа нь тодорхой байгаа тул хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхих нь зүйтэй байна. Шүүхийн 2021-11-12-ны өдрийн №142/ШШ2021/01083 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Г............ нь 19.549.816 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч П............ нь хариуцагч Н............аас 22.368.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба хариуцагч Н............ нь нэхэмжлэгч нарыг Stamford гэх хөрөнгө оруулалтын компанид урьж оруулаагүй, өөрсдийнх нь хүсэлтээр мөнгийг дамжуулж өгсөн гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...хариуцагч Н............ нь энэ мөнгийг авахдаа Stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгийг өсгөж өгнө гэж авсан. Энэ компанид мөнгө оруулснаар ямар ч эрсдэл үүсэхгүй хэмээн итгүүлсэн, дансанд нь мөнгөө шилжүүлсэн...” гэсэн тайлбар гарган түүний дансанд шилжүүлсэн банкны баримтанд үндэслэн  тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд  нэхэмжлэгч Г............, П............ нар хариуцагч Н............ын Хаан банкны дансанд  2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 19.549.816 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 24.312.000 төгрөг тус тус шилжүүлсэн, нэхэмжлэгч П............ нь хариуцагч Н............д холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулж байсан, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Н............ нь Ариунжаргал гэх хүнээр дамжуулан 16.000 койныг Г............, П............ нарт шилжүүлэн өгч байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Н............ нь нэхэмжлэгч Г............, П............ нарыг  Stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид урьж оруулаагүй, ятгаагүй, Амгаланбаатар гэдэг хүн Эрдэнэт ирж сургалт хийсэн, энэ сургалтад Г............, П............ нар суугаад сүлжээнд орохоор шийдсэн байх, энэ хүмүүсийн миний данс руу шилжүүлсэн мөнгийг Бат-Эрдэнийн данс руу шилжүүлж байсан дансны хуулгуудаар нотлогдоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч нэхэмжлэгч нарын өөрийнх нь дансанд шилжүүлсэн мөнгийг тэр хэмжээгээр нь Бат-Эрдэнэ гэх хүний данс руу шилжүүлсэн талаар нотлох баримт авагдаагүй, хэрэгт авагдсан дансны хуулгуудаар Г............ын 19.549.816 төгрөг, П............гийн 24.312.000 төгрөг энэ дүнгээрээ шилжээгүй, нэхэмжлэгч нарын мөнгө болох нь гүйлгээний утга дээр дээр бичигдээгүй, Ц.Ганбаатар, Отгончимэг, Бат-Эрдэнэ нарын данс руу шилжигдсэн мөнгөнүүдийг Stamford гэх сүлжээний компанийн дансанд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Н............ нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгөний талаар маргадаггүй бөгөөд түүнийг шимтгэлгүй шилжүүлэх гэсэн өөрсдийнх нь хүсэлтээр дамжуулж өгсөн гэж маргаж буй татгалзал тайлбараа нотлоогүй, харин ч нэхэмжлэгч нараас авсан мөнгөний оронд койн өгөх санал болгож тус бүрийн дансанд 16.000 койн шилжүүлж байсан нь авсан мөнгөө буцаан төлөх зорилготой байсан гэж үзэх боломжтой ба нэхэмжлэгч нараас авсан мөнгийг буцаан төлөөгүй болох нь тогтоогдсон анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч Н............ нь нэхэмжлэгч Г............, П............ нарын тухайн сүлжээнд урьж оруулаагүй бол тэдний мөнгийг өөрийн дансандаа шилжүүлэн авах шаардлагагүй байсан байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй болно.

Иймд хариуцагч Н............ын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н............ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Н............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367.789 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭ