2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/шш2025/00543

 

 

2025 01 23 191/ШШ2025/00543

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах, Ж*** ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** байрлах, А******* ХХК /регистрийн дугаар: *******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух, М.Ц******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

1,753,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь А******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ундаа нийлүүлэхээр тохиролцсон. Нийт 1,372,900 төгрөгийн нийлүүлэлт хийгдсэнээс 203,840 төгрөгийн төлөлт хийгдэж, 1,169,060 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр А******* ХХК-тай удаа дараа уулзаж, утсаар холбогдсон боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу алданги тооцоход 602,065.90 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт үүргийн үнийн дүн 1,169,060 төгрөгийн 50 хувь болох 584,530 төгрөгийн алданги тооцсон.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасны дагуу А******* ХХК-ийн захирал М.Ц******* нар өр төлбөрийг хариуцна.

Иймд хариуцагч нараас 1,753,590 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлйин шаардлагын 584,530 төгрөгт холбогдох хэсгээс болон хариуцагч А******* ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,169,060 төгрөгийг хариуцагч М.Ц******* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 299,060 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 290,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж*** ХХК нь хариуцагч А******* ХХК болон М.Ц*******д тус тус холбогдуулан 1,753,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч тал нэхэмжлэлйин шаардлагын 584,530 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А******* ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 1,169,060 төгрөгийг хариуцагч М.Ц******* нь нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А******* ХХК болон М.Ц*******д тус тус холбогдох, 1,753,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлйин шаардлагын 584,530 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А******* ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 1,169,060 төгрөгийг хариуцагч М.Ц******* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 299,060 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 290,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 290,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,008 төгрөгийн 21,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,504 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч М.Ц*******гаас улсын тэмдэгтийн хураамж 21,504 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Эн Бевережис ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.Ц******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА