| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2021/01225/и |
| Дугаар | 04 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 04
Д............ын нэхэмжлэлтэй,
Д............т холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01066 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д............ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д............т холбогдох,
“Газар чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Хашаагаа зөөж барьсан зардал 3.911.500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Д............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Болортуяа, хариуцагч Д............, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дашдаваа овогтой ........... би газар эзэмших 6105543621 дугаартай газрын гэрчилгээтэй, хашааныхаа газарт одоог хүртэл амьдарч байгаа. 2020 оны 05 дугаар сард Д............ нь манай газар руу хашаагаа дур мэдэн, дураараа сунгаж гэрийн хажуугаар барьчхаад гэрээ цаашаа болгож барь, эсвэл ногоон төмөр хашаа хүртэл газраа авна гэж дайрч давшлаад байнга удаа дараа хэл ам хийгээд байх юм. 2021 оны 07 дугаар сард газрын албанд өргөдөл өгсний дагуу газрын албанаас ирж газрын хяналтын цэг тогтоож өгсөн байдаг. Хяналтын цэг тогтоохдоо манай хашаа руу 4 метр газар орсныг тогтоож өгсөн. 2017 оны 09 дүгээр сард газрын албанаас Уянга гэж газрын даамал ирж газар хэмжиж өгсний дагуу газраа авсан. Ингээд манай газар руу жорлон нь орсон байдаг тул манайх жорлонгийн нүхийг нь ухаж өгөөд хоорондоо ярилцаж тохироод хашаагаа барьсан байдаг. 2021 оны 04 дүгээр сард манайх газраа авъя, ногоон хашаагаа авъя гэж байнга дарамталж амар тайван алдагдуулж, сэтгэл санаа, эрүүл мэндээр манай гэр бүл болон манай хүүхдүүдийг маш ихээр хохироосоор өдий хүрлээ. Иймээс өөрийн газраа Д............ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д............ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Д............ би Баянбулаг багийн Зээлийн урд 3 жилийн хугацаанд Ёндонжамц гэх айлын хашаанд амьдарч байсан бөгөөд Орхон аймгийн Газрын харилцааны албанаас тэр хавьд байсан айлуудыг хойш шахаж буух шаардлага тавьсан учир одоо амьдарч байгаа зээлийн 3-296 тоотод 7 дахь жилдээ оршин байна. Би тухайн үеийн ханшаар 1 сая 200 мянган төгрөгөөр уг хашааг барьсан байсан бөгөөд хашааны хаалга ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байсан юм. Гэтэл Газрын харилцааны албаны ажилтан Уянга гэх эмэгтэй багийн засаг дарга Тамиртай хамт ирэн Энэ эмэгтэйг хажуудаа буулгачхаач хүүхэд нь зүрхний хүнд өвчтэй, хагалгаанд орох гэж байгаа юм байна" гэж гуйгаад байхаар нь ээжийгээ буулгах байсан хажуу газартаа буулгаж хашааны хаалгаа урдаа гаргасан. Одоо манай тэр хавьд газрын гэрчилгээ албан ёсоор гарсан айл байхгүй. Би 3 дай орсон төсрөөр барьсан хашаагаа газартайгаа өгч ........... гуай одоо хамар хашаагаа буулгаж нэгтгэж авсан байгаа бөгөөд би өөрийн барьсан байсан 00-ийг хоёр дай газартай авахаар тохирч бичиг хийж өгөөд ахин газрын маргаан гарахгүй гэж хэлээд салсан юм. Ингээд 00-оо авдгаараа би авч бетонон хашаа хийж авсан. Ер нь анх би ээжийгээ хажуудаа авч амьдрахаар хоёр айлын газарт хашаа хатгасан бөгөөд багийн дарга болон Газрын харилцааны албаны Уянга энэ хоёр будилаан хутгаагүй бол анхнаасаа энэ маргаан үүсэхгүй байлаа. ........... гуай анх хэлэхдээ эгчид нь ганц гэр барих зай байхад л хангалттай гэж хэлж байсан. Одоо энэ хүн тэр үгээ умартан миний хатгасан газар дээр буучхаад намайг эхнэртэй минь хамт доромжлоод сууж байна. Энэ хүнээс болж би 3 удаа хашаагаа татаж барьсан. Зардал ч тодорхой хэмжээгээр гарсан. Одоо бодоход Газрын харилцааны Уянгатай тохиролцож миний газрыг луйвардаж аван гэрчилгээгээ гаргуулж авсан юм байна билээ. Дахин хэлэхэд манай тэр хавийн айлуудад газрын гэрчилгээг нь одоог хүртэл олгоогүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д............ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д............ би Баянбулаг багийн Зээлийн урд 3 жилийн хугацаанд амьдарч байсан бөгөөд Орхон аймгийн Газрын харилцааны албанаас тэр хавьд байсан айлуудыг хойш шахаж буу гэсэн шаардлага тавьсан учир одоо амьдарч байгаа зээлийн 3-296 тоотод хашаа хатган одоог хүртэл оршин сууж байна. Газрын харилцааны албаны ажилтнууд ирэн Энэ эмэгтэйг хажуудаа буулгачхаач хүүхэд нь зүрхний хүнд өвчтэй юм байна гэж гуйгаад байхаар нь ээжийгээ буулгах байсан хажуу газартаа буулгаж хашааны хаалгаа урдаа гаргасан. Одоо манай тэр хавьд газрын гэрчилгээ албан ёсоор гарсан айл байхгүй. Би ...........ын гуйсны дагуу түүний зүүн талд 3 дай орсон төмрөөр барьсан 1 200 000 төгрөгийн үнэ бүхий хашаагаа газартай нь өгч ........... гуай одоо хамар хашаагаа буулгаж нэгтгэж авсан байгаа бөгөөд би өөрийн барьсан 00-ийг хоёр дай газартай авахаар тохирч бичиг хийж өгөөд ахин газрын маргаан гарахгүй гэж хэлээд салсан юм. Ингээд 00-оо авдгаараа би авч хүн хөлслөн бетонон хашаагаа буулган дахин бариулж авсан. Ер нь анх би ээжийгээ хажуудаа авч амьдрахаар хоёр айлын газарт хашаа хатгасан бөгөөд ........... гуай анх хэлэхдээ эгчид нь ганц гэр барих зай байхад л хангалттай гэж хэлж байсан. Одоо энэ хүн тэр үгээ умартаж миний хатгасан газар дээр буучхаад намайг эхнэртэй минь хамт доромжлоод, миний газрыг луйвардаад, дээр нь нэмж газар авах сонирхолтой сууж байна. Энэ хүнээс болж би 4 удаа хашаагаа татаж барьсан. Зардал ч тодорхой хэмжээгээр гарсан. Манай тэр хавийн айлууд 10 орчим жил газрын гэрчилгээгээ гаргуулахаар хөөцөлдөөд одоог хүртэл авч чадаагүй байхад хажууд буунгуутаа жил гарны хугацаанд гэрчилгээ гаргуулаад л авчихсан явж байгаа хүн юм. Надаас бетонон шон 14 ширхэг /35.000/ 490.000 төгрөг, бетонон хавтан 52 ширхэг /22.500/1 170.000 төгрөг, ажлын хөлс 455.000 төгрөг, модон шон 15 ширхэг /20.000/ 300.000 төгрөг, модон дай 7х5м, 39 ширхэг /11.500/ 448.500 төгрөг, дээврийн төмөр /8.500/ 255.000 төгрөг, шрупп 1 хайрцаг 18.000 төгрөг, ажлын хөлс 250.000 төгрөг, нийт 3.041.500 төгрөгийн зардал гарсан. Үүнээс гадна тээврийн зардал гэх мэт зардлууд гарсан болно. Иймээс би ...........аас 4 удаа хашаа зөөвөрлөж барьсан ажлын хөлс, зардал болох 3.911.500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Д............ шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д............ын бусдад алдсан газраа эргүүлэн авах, хашаа зөөвөрлөн барьсан зардлаа гаргуулах сөрөг нэхэмжлэлийг Д............ миний бие хүлээн авч танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Д............ нь нэхэмжлэлийн 2 шаардлага гаргаснаас газар эргүүлэн авах шаардлагаасаа татгалзсан гэж ойлгож байна. Хашаа зөөвөрлөн барьсан зардал 3.911.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д............ нь эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн хашаа хатгасан, үүнийгээ өөрөө зөөвөрлөж барьсан. Нэхэмжлээд байгаа бетон хавтан, шон, дээврийн төмөр модон шон, дай гэх мэт материалыг өөртөө үлдээсэн, одоо яагаад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Миний модон хашаа, амбаарыг шууд нураагаад намайг Улаанбаатар хот явсан хойгуур ногоон төмөр хашаа барьсан байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01066 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч Д............ын эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, 3-296 тоот /ивээлт 14-1434 шинэ хаягаар/ хаягт байрлах, 359 м.кв газрын 4 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Д............ын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар нэхэмжлэгч Д............аас хашаа зөөвөрлөн барьсан зардал нийт 3.911.500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д............ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 147 734 төгрөг /70.200 төгрөг, 77.534 төгрөг/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д............аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д............д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д............ давж заалдсан гомдолдоо:
Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ны өдрийн 142/ШШ2021/01066 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д............ би дараах байдлаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Д............ би Баянбулаг багийн Зээлийн урд 3 жилийн хугацаанд Ёндонжамц гэх айлын хашаанд амьдарч байсан бөгөөд Орхон аймгийн Газрын харилцааны албанаас тэр хавьд байсан айлуудыг хойш шахаж буух шаардлага тавьсан учир одоо амьдарч байгаа зээлийн 3-296 тоотод 7 дахь жилдээ би өөрийн ээж дүүгийн хамт 3 гэрээр оршин сууж байгаа ба би тухайн үеийн ханшаар 1 сая 200 мянган төгрөгөөр уг хашааг барьсан байсан, хашааны хаалга ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай байсан юм. Гэтэл газрын харилцааны албаны ажилтан Уянга гэх эмэгтэй багийн засаг дарга Тамиртай хамт ирэн “Энэ эмэгтэйг хажуудаа буулгачхаач хүүхэд нь зүрхний хүнд өвчтэй, хагалгаанд орох гэж байгаа юм байна” гэж гуйгаад байхаар нь ээжийгээ буулгах байсан хажуу талын газартаа буулгаж хашааны хаалгаа урдаа гаргасан. Би ........... гуайн гуйсны дагуу 3 дай орсон төмрөөр барьсан хашаагаа газартай нь өгч ........... гуай одоо хамар хашаагаа буулгаж нэгтгэж авсан байгаа бөгөөд би өөрийн урьд өмнө барьсан байсан 00-ийг хоёр дай газартай авахаар тохирч бичиг хийж өгөөд тэрээр “ахин газрын маргаан гаргахгүй” гэж хэлээд харилцан тохиролцоод салсан юм. Ингээд ОО-оо авдгаараа би авч бетонон хашаа хийж авсан. Ер нь анх би ээжийгээ хажуудаа авч амьдрахаар хоёр айлын газарт хашаа хатгасан. Багийн дарга болон Газрын харилцааны албаны Уянга энэ хоёр будилаан хутгаагүй бол анхнаасаа энэ маргаан үүсэхгүй байлаа. ........... гуай анх хэлэхдээ “эгчид нь ганц гэр барих зай байхад л хангалттай гэж хэлж байсан. Одоо энэ хүн тэр үгээ умартаж миний хатгасан газар дээр буучхаад намайг эхнэртэй минь хамт доромжлоод сууж байна. Энэ хүнээс болж би 3 удаа хашаагаа татаж барьсан. Зардал ч тодорхой хэмжээгээр гарсан. Одоо бодоход Газрын харилцааны Уянгатай тохиролцож миний газрыг луйвардаж аван гэрчилгээгээ гаргуулж авсан юм байна билээ. Дахин хэлэхэд миний тэр хавийн айлуудад газрын гэрчилгээг нь одоог хүртэл олгоогүй байгаа. Д............ын хажууд барьсан миний хашаа тэдний кадастр луу огт ороогүй баригдсан хашаа бөгөөд уг хашааг ........... өөрөө гуйж авч манай 00-ийг эргүүлэн өгч харилцан тохиролцож бичгээр баталгаажуулан авч миний хашаатай хамар хашаагаа буулган өөрийн болгосон. Гэтэл Д............ гуай одоо “Манай газар руу хашаагаа дур мэдэн дураараа сунгаж гэрийн хажуугаар хашаагаа барьчхаад гэрээ цаашаа болгож барь гэж хэл амаар доромжиллоо”гэх утгатай юм бичээд сууж байж байна. Анх түүнийг ирж буухаас өмнө миний авсан газар бие засах газар бариатай байсан бөгөөд тэрээр сүүлд газрын зөвшөөрөл авахдаа миний авсан газар луу шахаж цэг тогтоолгон авсан байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа зурагт анхны хяналтын цэгт нь манай 00 өрөөгүй байсан. Харин эзэмшлээр уг газрын' зургийг гаргуулахдаа миний газар луу оруулж цэгээ хатгуулж авсан байсан юм. Д............ бид хоёр аль аль нь газар эзэмших ашиглах зөвшөөрөл аваагүй үед уг маргаан гарсан бөгөөд тэрээр надаар баталгаа гаргуулж авсан бичгээ өөрөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүх Д............ тайлбарыг няцааж чадаагүй, тийм үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийлээ. Энэ маргаан газар эзэмших гэрчилгээ гарахаас өмнө үүссэн гэдэгт ч дүгнэлт хийсэнгүй. Харин суулд Д............ газар эзэмших гэрчилгээгээ гаргуулж аваад шүүхэд нэхэмжлэл өгсөнд мөн дүгнэлт хийсэнгүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ашиглуулах тухай асуудал одоогоор түр түдгэлзсэн байгаа учир миний хувьд болон манай ойр орчмын айлуудад эзэмших болон өмчлөх гэрчилгээг олгоогүй байгаа. Миний барьсан хашааг Д............ авч надад надад хохирол учирсан атал шүүх мөн л зохих дүгнэлтийг хийсэнгүй хэт нэг талыг барьж өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг өрөвдсөн хэлбэрээр дүгнэлтийг ийж шийдвэрийг гаргасанд миний хувьд гомдолтой байна. Би хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ өөрт учирсан хохирлын талаар бичсэн боловч үүнд мөн л ач холбогдол өгсөнгүй. Иймд Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ны өдрийн 01066 дугаартай шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Д............ын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч намайг өрөвдсөн хэлбэрээр дүгнэлт хийгээгүй, хууль ёсны дагуу зохих дүгнэлт хийж чадаагүй шийдвэрлэсэн гэж бодож байна. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч Д............ миний бие хариуцагч Д............ын өөрийн дураар барьсан тул хашааг авахгүй бөгөөд хашааны зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.09-ний өдрийн 142/ШШ2021/01066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч Д............ нь хариуцагч Д............т холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-296 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн 4м2 газрыг хариуцагч Д............ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д............ нь нэхэмжлэгч Д............д холбогдуулан өөрийн хашаагаа 4 удаа зөөж барьсан зардал 3.911.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч Д............ын эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, 3-296 тоот /ивээлт 14-1434 шинэ хаягаар/ хаягт байрлах, 359 м.кв газрын 4 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Д............ын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар нэхэмжлэгч Д............аас хашаа зөөвөрлөн барьсан зардал нийт 3.911.500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д............ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д............д Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг ивээлт 14-1434 тоотод байрлах 359 м2 талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/290 дугаар захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн Э-2101001047 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч Д............ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч тэрээр Иргэний хуульд зааснаар тухайн газрыг хууль ёсоор эзэмших, өмчлөх эрхгүй байна.
Хариуцагч Д............ нь “...Д............ бид хоёр аль аль нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөл аваагүй үед уг маргаан гарсан бөгөөд тэрээр надаар баталгаа гаргуулж авсан бичгээ өөрөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүх Д............ тайлбарыг няцааж чадаагүй, тийм үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийлээ.Энэ маргаан газар эзэмших гэрчилгээ гарахаас өмнө үүссэн гэдэгт ч дүгнэлт хийсэнгүй. Харин сүүлд Д............ газар эзэмших гэрчилгээгээ гаргуулж аваад шүүхэд нэхэмжлэл өгсөнд мөн дүгнэлт хийсэнгүй...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараар 2017 оны 9 сард нэхэмжлэгч Д............ нь хариуцагч Д............ын хөрш болж газар авч амьдарсан ба 2021 оны 07 дугаар сард газрын албанаас хүмүүс ирж хяналтын цэгийг тогтоож өгсөн байна. Хариуцагч нь газрын маргаан эрт үүссэн гэж байгаа боловч тухайн маргаан нь Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/290 дугаар захирамж гарснаар дуусгавар болсон байна. Мөн анхан шатны шүүхийн “...Өөрөөр хэлбэл хэн түрүүлж суурьшсанаар газрын эзэмших эрх үүсэхгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшигч, өмчлөгчийг тодорхойлдог болно...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй болно.
Хариуцагч Д............ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, анхан шатны шүүх “... шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэж шийдвэрлэсэн зөв байна.
Хариуцагч нь давж заалдсан гомдол гарган маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.
Хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 142/ШШ2021/01066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д............ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77.534 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
Б.БАТТӨР