Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/745

 

 

 

 

         2024           06            27                                    2024/ДШМ/745

 

О.Тад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1257 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын Ч.Батбаатарын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр О.Тад холбогдох 2403001130203 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч О.Т нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цаг 23 минутын орчимд “Toyota Spade” загварын ****** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсаргалтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Чыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Тыг холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн тэмдэглэх, тодорхойлох хэсэгт “Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний 19 цаг 23 минутын орчим “Toyota Spade” маркийн ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.Т жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 1.3, 3.4а, 12.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Чыг мөргөж, амь насыг нь хохироосон” гэж тусган, хэргийн бодит байдлыг тогтоожээ. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай. Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хэдий боловч мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэрэг хаана, ямар газар/ хэргийн нөхцөл, нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадаагүй нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/780 дугаар захирамж /хх160-162/-аар нотлогдож байх тул шүүхийн шатанд прокурорын шийдвэрийг зөвтгөн залруулах хууль зүйн боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй гэж үзэж яллагдагч О.Тад холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн болно. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий сидийг прокурорт хүргүүлж, яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт хүргүүлж, яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй /гэмт хэргийг хэзээ, хаана/ гарсан нь тодорхой бус гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн хэрэг, учрал нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хойд талын замд 2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цаг 23 минутын орчимд гарсан нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан... шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн О.Тын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг хэргийн газрын үзлэг, осол, хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж гэмт хэргийг хэзээ, хаана гарсаныг дахин шалгуулах шаардлагагүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ. ...” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. ...” гэж тус тус хуульчилсаны дагуу шүүхийн харьяаллын асуудалд маргах шаардлагагүй ба прокурор хэргийг шийдвэрлэх явцад тухайн нутаг дэвсгэрийн харьяаллын талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байна.  

 

Иймд прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1257 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч О.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ