2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/шш2025/00820

 

 

2025 01 29 191/ШШ2025/00820

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот,*** тоотод оршин суух Э.О******* /регистрийн дугаар:*******/-ийн хүсэлттэй,

******* овогт О.У******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Э.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.О******* миний бие "2022 оны 05 сарын 24-нд "барилгын компанийн тусгай зөвшөөрөл гаргана" гэсэн зараар О.У******* гэх хүнтэй холбогдож, уулзсан. Тухайн үед би их ажилтай, өөрөө хөөцөлдөх завгүй байсан тул зарын дагуу О.У*******тай холбогдсон. Тухайн үед холбогдох яамны хүмүүсээр дамжуулаад барилгын компаний тусгай зөвшөөрөл 6 сарын дотор гаргана, төлбөрт нь 12,000,000 авна гэхээр нь надад тухайн үед барилгын компани дээрээ барилгын тусгай зөвшөөрөл хэрэгтэй, мөн өөрөө хөөцөлдөх цаг зав байгаагүй тул би зөвшөөрсөн. Нэхэмжлэгч миний бие О.У*******аас "тусгай зөвшөөрлөө яаж гаргах юм, надаас юу юу бүрдүүлж өгөх вэ" гэж асуухад манайх дандаа ийм үйлчилгээ үзүүлдэг, найдвартай үйлчилгээ үзүүүлж тусгай зөвшөөрөл гаргана гэхээр нь би түүнээс "ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүй юм уу" гэж асуусан. Гэтэл чи заавал гэрээ хийх гээд байвал хоорондоо "зээлийн гэрээ" хийе, тусгай зөвшөөрөл чинь гарахгүй бол мөнгөө буцааж аваарай" гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд мөнгөө шилжүүлэхдээ өөрийн Хаан банкны 51******* тоот данснаас 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр иргэн О.У*******ын Хаан банкны 54******* тоот данс руу 12,000,000 төгрөгийг "барилгын тусгай зөвшөөрөл гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Хариуцагч О.У******* нь өнөө маргаашгүй тусгай зөвшөөрөл чинь гарна, холбогдох материалыг нь бүрдүүлээд яаманд өгсөн байгаа, удахгүй тусгай зөвшөөрөл чинь гарна гээд худал үнэн ярисаар 6 сар өнгөрсөн боловч тусгай зөвшөөрлөө надад хэлсэн ёсоор 6 сарын дотроо гаргаж өгөөгүй, худал үнэн ярьсаар, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Арга буюу "Зээлийн гэрээ"-нд дээр бичсэн хариуцагчийн хаягаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн хариуцагчийг шүүхэд эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаягыг СБД-ийн Цагдаагаар тогтоолгосон. Э.О******* миний бие хариуцагч "О.У*******аар тусгай зөвшөөрөл гаргуулна" гэж түүнтэй хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохоо хуульчтай уулзаж мэдсэн. Тиймээс Э.О******* миний бие хариуцагч О.У*******ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492.1.1-т заасан "Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т" Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй" гэж заасны дагуу О.У*******аас 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 сарын 04-ний өдөр хандаж, иргэний хэрэг үүссэн. Гэтэл СБДИХАШШ-ийн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/00694 тоот захиармжаар хариуцагч О.У******* нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7-p хороолол, 512 -р байр, 34 тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдож байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 101///2023/03129 тоот шийдвэрийн дагуу хариуцагч О.У*******ыг эрэн сурвалжилж, үүний дагуу Сүхбаатар дүүгийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцагчийн хаягийг СХД-ийн 21-р хороо, Рашаант хотхоны 5- 128 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Дээрх хаягаар нэхэмжлэгч Э.О******* миний бие СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг СХД-ийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Б.Хишигбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчийг шүүх дуудан ирүүлэхээр утсаар холбогдсон, мөн цахим шуудан болон бичиг хүргэгчээр мэдэгдэх хуудсыг шүүхээс тус тус илгээсэн. Гэтэл СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх харицагчтай нэхэмжлэлд дурдсан үүрэн холбооны дугаараар хариуцагчтай холбогдож чадаагүй, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцагчийн тогтоосон хаяг болох "Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Рашаант хотхон 5-128 хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар Засаг даргын тэмдэглэл бүхий шуудангийн буцаалт болон тодорхойлолт ирсэн байсан. Тиймээс хариуцагчид холбогдуулан гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг СХД-ийн иргэний хэргийн шүүх явуулах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагч О.У*******ын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэж үзэх үндэслэлээр СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2024/10606 тот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн дээрх захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийг олж тогтоосны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурьдсан. Тиймээс миний бие удаа дараа хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж, цаг хугацаа, мөнгө төгрөгөөр хохирч байгаа тул хариуцагч ******* овогт Оюун-Эрдэнэийн Уу*******ыг дахин эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.О******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.У*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/00694 дүгээр захирамж, Э.О******* О.У******* нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний нотриатаар батлуулсан хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03129 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 30иб 3 /821 дүгээр албан тоот, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан захирамж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын бүргэлтгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/29124 дүгээр нотлох баримт гаргуулах захирамжаар төрийн мэдээлэл солилцооны Хур системийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, О.У******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар О.У*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* овогт О.У******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.     ******* овогт О.У******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА