Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/746

 

 

 

 

         2024           06            27                                    2024/ДШМ/746

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Б.Ут холбогдох 2108010130844 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 16 дугаар гудамжны зүүн талд амь хохирогч Ж.Бтэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “элэгний 5, 6, 7 дугаар сигментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.У-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Өд оршуулгын зардалд баримтаар 3.866.400 төгрөг нэхэмжилсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчоос хураан авсан гэх хөх өнгийн цэнхэр саравчтай малгай 1 ширхэг, бор ногоон өнгийн малгайтай гадуур хүрэм 1 ширхэг, бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хагас ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хилэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хар өнгийн гутал 1 хос, шүүгдэгчээс хураан авсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн үдээстэй кейт 1 хос, Хараа архины шил 1 ширхэг, хуванцар тал сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэжээ. 

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уыг гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолд шүүгдэгчийг нас барсан талаар огт дурдаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон байхад энэ талаар хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй, уг шийдвэрт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой,
ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар
бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ********* ******** ********гудамжны зүүн талд амь хохирогч Ж.Бтэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “элэгний 5, 6, 7 дугаар сигментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан хүнийг алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь;

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Өн “...Гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан. ...15 цагийн үед цагдаагаас залгаад “дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...” /1хх 43-44/,

гэрч С.С “...Дэлгүүрийн үүдэнд хар өнгийн биеийн тамирын өмдтэй, доогуураа кейт өмссөн /өнгийг нь санахгүй байна/, дээгүүрээ саарал өнгийн даавуун цамцтай, маск зүүгээгүй, малгай өмсөөгүй шар царайтай 40 орчим насны эрэгтэй хүн таараад “100 татуулчих” гээд гуйхаар нь би "үгүй” гээд явтал араас дагаад, буцаад яваад өгсөн. Тэгээд буцаад дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн. ...” /1хх 75-77, 79, 3хх 117/,

Б.Уын яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн үед автобусны буудлын хойд талд тэр хавиар байдаг Шар Б гэж дууддаг залуутай таарсан. ...Шар Б утсаа халаасандаа хийсэн бөгөөд бид 2 маргалдсан. Шар Б миний толгойн зүүн дагз хэсэгт газар байсан чулуугаар 1 удаа цохих шиг болоход би газар унаад босож ирээд шар Б-н элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн хацар хэсэгт 1 удаа шанаадсан. Ноцолдож байгаад явахад шар Б газар суугаад үлдсэн.  Шар Б-тай таарах үед түүнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Биеийн байдал хэвийн ямар нэгэн өвчин эмгэг яриагүй. Ам хамраас цус гарсан зүйлгүй, нүүрэнд хөхөрч хавдсан зүйл байгаагүй. ...” /2хх 16-18, 24-26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5, 6 ,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд /2021.06.01/ үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Тогтоогдсон гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Дээрх гэмтэлтэй хүн хэдий хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхины шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. 2021 оны 6 дугаар сарын 02-ны 00:01 минутын анхны үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байжээ. Шинжилгээгээр тэмцэлдсэн ул мөр байхгүй байна. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. ...” гэсэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1050 дугаартай /1хх 159-164/,

Шүүхиин шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Биологийн лабораторийн 2021 оны 3267 илгээх бичгийн дугаартай Б.У гэх хатаасан цусны ДНХ тогтцыг тогтоов. Б.Уын ДНХ тогтоц нь 2021.6.28-ны өдөр шинжээч Б.Шинэбаярын гаргасан 2717 дугаартаи дүгнэлтэд дурдсан сэжигтэн Улаанбаатарын гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц, 2718 дүгнэлтэд
дурдсан сэжигтэн У-ын гэх баруун гарын эрхий хурууны хумсан дээрээс илэрсэн
ДНХ-иин тогтоцтои тохирч байна. ...” гэсэн  2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 746 дугаартай /3хх 37-38/ дүгнэлтүүд,

дуудлага лавлагааны хуудас /1хх 3, 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-7, 8-9, 23-24, 25-26/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10, 11-12/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14, 15-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-28, 29-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-34, 35-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.У ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Ж.Бтэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “элэгний 5, 6, 7 дугаар сигментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, алсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар хүнийг алах гэмт хэрэг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэрэг хянан шийддвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.У нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан /4 хавтас 101 хуудас/ болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүгдэгч нас барсан. …” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ