Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00042

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох 1732001240009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс халх, Улаанбаатар хотод 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дарханы дулааны цахилгаан станцид хангамжийн инженер ажилтай байсан, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт *тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт Сангийн Б.  /РД: */

 

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 29-33 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зандангийн ар гэх газарт замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байх, б/ Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэхийг зөрчсөний улмаас хохирогч Ж.Атын биед хүнд хохирол учруулсан, Ж.Гх, Т.Баярсүрэн нарын амь насыг хохироосон хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б өгсөн …… 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаар явж байсан. Би Дарханы дулааны цахилгаан станцид хангамжийн инженер хийдэг оны эцэс байсан учраас хамгийн сүүлийн захиалга авах ажил хийгдэж байсан. Манай хэлтэсийн томилолтын зардал хэтэрчихсэн байсан учраас томилолт авалгүйгээр инженерийн албаны даргатай зөвшилцөөд гараад явсан. Өдөр цайны цаг дуусаад 13 цаг гэж цайндаа орчихоод хотруу 13 цаг 15 минут гэж гарсан юм. Ингээд замд явж байгаад эхлээд том ногоон ачааны машин гүйцсэн. Дараа нь хустайн даваа уруудаад шинэ зам дээр гарч ирээд явж байхад урд талд чиргүүльтэй Зил 130 маркийн автомашин удаан яваад байсан. Тэгэхээр нь машин буруу рультэй учраас баруун талаараа харж байгаад машин байхгүй юм шиг болохоор нь гүйцээд гартал өөдөөс машин маш хурдтай ороод ирсэн. Тухайн үед сандраад зүүн тийш дарсан боловч амжаагүй. Сүүлд харсан жолооч жолоочийнхоо талаар л мөргөлдчихсөн байна лээ. Би ухаан алдаад сэрсэн чинь надад юу ч харагдахгүй болчихсон байсан тэгээд би машинууд гараараа даллаад зогсоох гэсэн зогсохгүй байсан. Тэгээд хөлөө хөдөлгөх гэсэн чинь хөл маань дарагдчихсан нөгөө хөл санжганаад унжчихсан байсан дарагдчихсан хөл маань янгинаж өвдөөд болдоггүй дахиад машин зогсоох гээд бараг 20 мин болсон байх тэгсэн Улаанбаатар талаас приус машинтай ах хүрч ирэхээр нь нөгөө машин руу яваарай ахаа нөгөө машины хүмүүс зүгээр үү гээд явуулсан үүний дараа олон машинууд ирж зогсоод тэнд байгаа хүмүүсээр машины багажинд аптек байгаа нөгөө хүмүүсрүү яваарай гэж дахин хэлсэн. Тэнд хүүхэд байсан уу гэхэд байгаагүй хоёр хүн нь өнгөрчихсөн гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсыг мөн тэнд зогсож байсан хүмүүсээр авахуулаад мэддэгээрээ Дарханы цагдаа, аврах анги руу залгуулсан. Тэгсэн Дарханаас Баруунхарааруу хэлээд Баруунхараагаас түргэн тусламж, онцгой байдлынхан ирээд хаалгыг эвдэж намайг гаргасан. Тэгээд тэндээс Гүрсэд гэх ах, Ат гэх эмэгтэй бид гурвыг Дарханы эмнэлэг рүү авч явна гээд хувцасны гаднаас өвчин намдаах тариа хийж явсан. Тэгээд эмнэлэгт очоод маргааш нь хагалгаанд орсон. Тухайн үед утасаа хүнээр авахуулчихаад хамгийн түрүүнд ах руугаа, түргэний машин дотор эхнэр рүүгээ бас залгаж хэлсэн. Нөгөө машинд хүүхэд явж байсан байхвий л гэж их айсан. Хохирол төлбөрийн тухайд оршуулгын зардал гэж маш шуурхай шилжүүлсэн. Хохирогч Атд 4766370 төгрөг, хохирогч Гүрсэдэд 688300 төгрөг, талийгаач Баярсүрэнгийн ар гэрт 7700000 төгрөг, талийгаач Гхийн ар гэрт 8485000 төгрөг приус 20 автомашины 13573000 нийт үнэлгээний мөнгө бүгд 37160570 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн. Би өөрөө бас хүндэвтэр гэмтсэн. Би олон жаахан хүүхэдтэй. Дээрээс нь хохирогч нараас уучлалт гуймаар байна, санамсар болгоомжгүйгээс ийм хэрэгт холбогдлоо, миний буруу намайг уучлаарай, гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байна, бодитой хохиролыг би бүрэн барагдуулсан. Тухайн үед би ажлаар явж байсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ц өгсөн …… 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 дахь өдөр байсан. Манай ээж ирэх 7 хоногийнх нь 20-ны өдөр таван цагийн нислэгээр Солонгос улсруу явах гээд билетээ захиалчихсан байсан. Дархан явах шалтгаан нь барилгын компанитай хийсэн гэрээ байсан энэ барилга олон жил дамнаж байгаа барилга үүнийхээ хамгийн сүүлийн төлөлтөө Ариг банкнаас зээл авч болохоор юм байна та барилгын компанитай бүх гэрээ юмаа авч очоод банкнаас шилжүүлгээ хийж байж Улаанбаатраас зээл гарахаар байсан. Энэ ажлаа зорьж явж байгаад ийм харамсалтай зүйл болсон. Тэр өдөр аль эрт Дарханд оччих ёстой байсан утас нь дуудаад байсан утасаа аваагүй тэгсэн сүүлд нь яг осол болсон цагтай давхацсан ч юм уу тэрний дараахан л биднийг залгахад утсаа аваагүй юм байна лээ. Бид нар онцгой байдал, түргэн, цагдаа руу гэж явсаар байгаад сүүлдээ Баруунхараагийн цагдаад хамааралтай болсонг мэдээд мөрдөн байцаагчтай нь холбогдоход бичиг баримтнаас нь регистрийг нь хэлээд ээж чинь газар дээрээ өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд л бид Улаанбаатараас гараад манай дүү Дарханаас гараад Баруунхараа дээр ирсэн. Ирэхэд бүх зүйл ойлгомжтой болчихсон байсан. Шүүгдэгчийн ах нь эхнэртэйгээ ирчихсэн манай дүү түрүүлээд ирсэн байсан болохоор эмгэнэл илэрхийлсэн гэж байсан. Ажил явдал болоод оршуулгын зардал 5000000 төгрөг гаргахын өмнөх өдөр нь ах нь авчирч өгсөн. Тэгээд оршуулгын зардал баримтуудаа өгсөний дараа 2500000 төгрөгийг нэмж дүүд өгөн бичиг хийлгэж авсан. Одоо бид нарын хувьд хамгийн үнэ цэнэтэй хүнээ алдчихлаа. Зандангийн ар гэх газар очоод үзэхээр чиний унаж явсан машин чинь баруун рультэй чи заавал бүтэн биеэрээ харж байж чи түрүүлэх байсан дээр нь тэмдэглэгээгүй газраар явсанаас чинь болж өмнөөс чинь ирж байсан машин чамд дохио өгөөд байхад тэрийг харахгүйгээр,  анхааралгүйгээсээ болж хүмүүсийн алтан амийг олон хайртай хүнээс нь хагацууллаа. Одоо нэгэнт ийм зүйл болчихсон босоод ирэх биш. Харин одоо бид шүүгдэгч талаас ямар зүйлийг нэхэмжилж байгаа вэ гэхээр ээж маань амьд сэрүүн байсан бол барилгын компанитай хийсэн гэрээний дагуу төлөх зээлээ банкнаас гаргуулаад 3 дахь өдрөө Солонгос улс руу явж ирчихээд зээлээ хаах байдлаар бүх юмаа зохицуулах байсан. Ядаж ээжийн минь энэ гэрээг харвал үндсэн, анхдагч барилгын компанитай хийсэн гэрээ дахин нэмэлт гэрээ гэж хийж ирсэн. Яагаад гэвэл  2015 онд анхнаас нь мөнгийг нь өгчихсөн байр байсан. Тэгээд энэ нь баригдахгүй санхүүжилт байхгүй дутсаны улмаас удаан хугацааны дараа ашиглалтанд орохоор үнийн зөрүү болоод бид хоорондоо тохиролцоод үнэд нь өөрчлөлт ороод энэ гэрээний дагуу төлбөрийг барагдуулах ёстой байсан. Тэгэхээр ээжийнхээ зорьсон зүйлийг нь гүйцээгээд ард нь гарчих юмсан. Дээр нь хань ижил нь энэ байранд нь оруулах гэж тэтгэвэртээ гараад мөнгөө оруулчихсан. Одоо аав маань ямар ч орлогын эх үүсвэргүй тэтгэвэрт гарчихсан хүн үлдэж байна. Тиймээс бодит байдал дээр тулгуурласанг иргэний журмаар гаргаад өгөөчээ гэсэн үндэслэлээр хандаж байгаа. Шүүх хуралдаанаас өмнө эхнэр нь надруу холбогдсон таны гаргаж байгаа нэхэмжлэл чинь 100% үнэн танд итгэж байна гэтэл бид нар үүнийг одоо гаргаад өгөхөөр санхүүгийн хүндрэлтэй байна ямар нэг байдлаар гаргаад хохиролыг чинь чадах чинээгээрээ барагдуулахыг хичээнэ гэж байсан. Би өөрөө ч нялх хүүхэдтэй өөрийн чинь 3 хүүхдийг бодохоор өрөвдөж байна. Гэхдээ хүн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Ажил явдалтай холбоотой зардалыг өгсөн. Дээр дурдсанг барагдуулахыг л хүсч байна. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ат өгсөн.......  Би 2017.12.15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Дархан-Уул аймагруу явахаар Мандал сумын Бороогийн салдаг уулзвар гэж нэрлэдэг төв фальтан замаас Мандал сум руу салдаг шороон замын уулзвар дээр замын машинд гар өргөж өдөр 12 цагийн орчим суусан юм. Намайг авсан машин Приус-20 загвартай машин байсан. Тэр машины жолооч эрэгтэй хүн байсан хойдд талын суудал дээр нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн сууж явж байсан. Урд талын суудал нь хүнгүй байсан болохоор би тэр машины жолоочийн эсрэг талын урд суудап дээр суугаад Дархан-Уул аймагруу явсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сум өнгөгч явахад би өөрийн 9 настай охин Оюунжаргалтай утсаар ярихад 13 цаг 36 мин болж байсан. Ингээд явж байгаад осол гарсан газарт явж байхад манай явж байсан чиглэлийн эсрэг урсгалаас буюу Дархан- Ууп аймгийн чиглэлээс ЗИЛ-130 машин ирж явсан ба манай машин тэр ЗИЛ 130 машинд дөхөж ойртоод ирсэн чинь тэр 3ил 130 машины араас хар өнгийн машин гэнэт манай эгнээнд орж ирсэн, тэгтэл манай жолооч ах “Энэ чинь одоо яаж байгаа юм бэ” гэж хэлтэл урдаас ирж явсан хар машинтай манай машин мөргөлдсөн . Би хэсэг ухаан алдаад нэг сэрсэн чинь жолооч руль дээрээ надруу толгойгоо харуулчихсан, амьсгаатай байсан. Хойд талын суудал дээр сууж явсан ах хоёр суудлын завсраар урагшаа гараад ирчихсэн байсан. Хойд талын суудал дээр сууж явсан эгчийг би анзаарч хараагүй. Ингээд байж байтал ЗИЛ-130 загварын машины жолооч ах ирээд надаас “Яаж байна ахын байна' гэж асуухаар нь би “Хөдөлжж болохгүй байна. Би дотуур цус алдаад байх шиг байна” гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд хойд талын суудал дээо сууж явсан Гүрсэд гэдэг ахыг болон эсрэг урсгалаас ирж мөргөсөн Б гэдэг жолооч бид гуравыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Одоо надад нэмж ярихад би эмчилгээний зардалдаа зарцуулсан тооцоогоо гаргаад ирлээ. Би эмчилгээний зардалдаа 2,155,200 төгрөг зарцуулсан, үүнээс 711,700 төгрөгийн хохирлын баримт байгаа. Бусад зардал нь баримтгүй байна. Мэдэхгүй тэрийг би анзаараагүй. Би унтаж зүйрмэглэж байхад жолооч Гх “Өө энэ одоо юу болж байнаа” гэж хэлэхээр нь би сэрж урдах замаа харсан чинь эсрэг урсгалаас хар өнгөтэй машин ирж мөргөлдсөн. Ийм л зүйл болсон. Тэр хар өнгөтэй машин яах ийхийн зуургүй урдаас гарч ирээд шууд хоёр машин мөргөлдсөн. Тоормос гишгэсэн талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 26-28 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Өх өгсөн ...... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тэс петролиум ХХК-ний эрхлэгчээр ажилладаг. Манай Дархан-Уул аймгийн Дархан салбарын Тэс петролиум ХХК-ний захирал Ж.Заяабаатар намайг хэрэг бүртгэлтийн 173200124 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчЗэр оролцуулахаар хүсэлт гаргасан учраас би иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт 2017.12.15-ны өдөр манай Тэспетролиум ХХК-ний Дархан салбарын эзэмшилтэй 15-33 УББ улсын дугаартай ЗИЛ-130 загвартай тээврийн хэрэгсэл шатахуун түгээхээр явж байгаад зам тээврийн осол хэргийн улмаас эвдэрч гэмтэн 525,000 төгрөгийн хохирол учирсан байна. Би буруутай этгээдээс Тэс петролиум ХХК-д учирсан 525,000 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байна. Ойн бирж ХХК нь манай Тэс петролиум ХХК-ний толгой компани байгаа юм. Өөрөөр хэлбэл Тэс петролиум ХХК нь Ойн бирж ХХК-ний охин компани гэсэн үг л дээ. Нэг л байгуулага гэж ойлгож болно гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.Алимаагийн өгсөн ..... Манай нөхөр талийгаач Ж.Гх бид хоёр хувьдаа 96-15 УНБ улсын дугаартай ПРИУС-20 загварын авто машинтай байсныгаа 2017.10.30-ны өдөр Гочоогийн Галхүү гэдэг залууд 10 сая тегрөгөөр зарж, дээр нь бэлэн 3,5 сая төгрөг төлөөд 2008 оны бүтэн Ж Приус-20 загварын авто машиныг 13,500,000 төгрөгөнд бодож худалдаж авсан юм. Худалдаж авсан машинаа миний нэр дээр бүртгүүлж 24- 62 УБЗ улсын дугаар авсан. Манай нөхөр Ж.Гх худалдаж авсан Приус-20 загварын 24-62 УБЗ улсын дугаартай машинаараа Улаанбаатар хот дотроо таксинд явж орон гэрээ тэжээдэг байсан юм. Тэгтэл 2017.12.14-ны өдөр манай нөхөр Гх орой гэртээ орж ирэхдээ “Дархан-Уул аймагт Дарханы Уугуул иргэдийн холбоо нэртэй холбоо байгуулсан, намайг дэд даргаар нь томилсон гэж байна, маргааш өдөр намайг Дарханд хүрээд ир гэж байна” гэж яриад бөөн баяр хөөр болчихсон орж ирээд усанд ороод унтсан. Маргааш өглөө нь буюу 2017.12.15-ны өглөө 09 цагийн орчим босоод Гх сахал үсээ аваад ач зээ нараа үнсээд Дархан-Уул аймагруу явчихаад маргааш өглөө ирнэ гэж хэлээд 24-63 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явсан юм. Одоо цагийг нь сайн санахгүй байна гэрээсээ гарч явсныхаа дараа надруу утасдаад “Би хотоос гараад Дарханруу явж байна, хоёр хүн авчихлаа, нутгийн хүн байна” гэж ярьж байсан. Тэрнээс хойш дахиж ерөөсөө залгаж яриагүй, би 2017.12.15-ны өдрийн 14 цаг 20 минутын үеэс би маш олон удаа Гхийн утасруу залгасан боловч утас нь холбогдож дуудаад байгаа мөртлөө ерөөсөө утсаа аваагүй, би бараг зуу залгасан байх. Тэгтэл 16 цаг өнгөрч байхад миний гар утасруу танихгүй дугаартай утаснаас залгаад “Би Цагдаагийн хүн байна, энд осол гарсан байна” гэж хэлэхээр нь би “Хүүеээ ямар айхтар юм болсон юм бэ? Гх зүгээр үү амьд уу” гэж асуусан чинь “Энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Миний нөхөр Ж.Гх нь 1963.03.06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, Дархан-Уул аймагт Ерөнхий боловсрол эзэмшсэн. Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан, Дархан-Уул аймгийн Гурилын үйлдвэрт ажиллаж байсан. Зан харьцааны хувьд их сайхан зантай, хүнтэй нөхөрсөг, зөөлөн сэтгэлтэй, маш тулахтай хүн байсан юм. Надад гомдол санал маш их байна, миний хань ижил болсон хүнээ алдсандаа маш их харамсалтай байна. Би сэтгэл санааны цочролд орсон. Би 24-62 УБЗ тээврийн хэрэгслийг худалдаж авсан үнэ буюу 13,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний 24-62 УБЗ дугаартай тээврийн хэрэгсэл дахин засварлах боломжгүй болтолоо эвдэрсэн байна лээ. Дээрээс нь талийгаач Ж.Гхийн оршуулгын ажил явдалд нийт 9,264,953 төгрөг зарцуулсан. Үүнээс баримтгүй зардал 780,000 төгрөг, баримт цуглуулсан 8,484,953 төгрөг. Үүнээс жолооч С.Бын зүгээс 6,900,000 төгрөг хүлээн авсан. Ингээд нийт 9,264,953 төгрөгнөөсөө Бын өгсөн 6,900,000 төгрөгийг хасч бодохоор 1,584,953 төгрөг үлдэгдэл мөнгө болж байна. Ингээд жолооч С.Баас Приус-20 авто машины үнэ 13,500,000 төгрөг, оршуулгын ажпын үлдэгдэл зардал 1,584,953 төгрөг нийт 15,084,953 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 39-40 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Туяагийн өгсөн ........ Би талийгаач Ж.Гхийн төрсөн эгч нь байна. Бид эхээс тавуулаа, Ж.Гх нь миний хамгийн бага дүү байгаа юм. Бидний эцэг Жижигдсүрэн гэдэг хүн байсан, 1999 онд нас барсан, эх Сэнгээ гэдэг хүн байсан 1975 онд нас барсан. Миний төрсөн дүү Ж.Гх 2001 оноос хойш Тж гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад 2002 онд Ж.Гхийн охин Анужин төрсөн, 2005 онд хүү Гантулга нь төрсөн. Дүү Гх маань 2012 оны орчим Тж гэдэг эхнэрээсээ салаад Апимаа гэдэг хүүхнэтэй хамтран амьдраад эхэлсэн. Алимаа Гхийн дундаас хүүхэд төрөөгүй, гэр бүлийн баталгаа байхгүй. Гх урьдын эхнэр Тжтайгаа ч гэр бүлийн баталгаа байхгүй. Манай дүү Гх өөрийн хувьдаа Приус загварын тээврийн хэрэгсэлтэй тэр машинаараа Улаанбаатар хот дотор таксинд явж амьдардаг байсан. 2017.12.15-ны өдөр манай Гхийн хамтран амьдрагч Алимаа надруу 15 цаг өнгөрч байхад утсаар яриад “Гх Дархан руу гарсан, утсаа ерөөсөө авахгүй байна, Дарханд танайд очсон уу” гэхээр нь би ирээгүй байна гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 30 минутын дараа Апимаа над руу дахиж утасдаад “Гх Баруунхараагийн замд осолд ороод газар дээрээ нас барсан байна” гэж хэлсэн. Ингэж л би дүүгээ нас барсан гэдгийг мэдсэн юм. Миний дүү Ж.Гхийг оршуулах ажил явдал Улаанбаатар хотод сүүлд амьдарч байсан Апимаа, Гх нарын гэрт зохион байгуулсан. Апимаа л оршуулгын зардал мөнгийг барьж гаргасан. Энэ тал дээр надад ярих юм байхгүй. Миний дүү Жигжидсүрэнгийн Гх 1963.03.06-ны өдөр төрсөн, 55 настай хүн байсан. Багадаа Дархан-Уул аймгийн Тосгоны найман жилийн 4 дүгээр сургуулийг төгссөн, Дарханы Гурилын үйлдвэрт ачигчаар ажиллаж байсан. Улаанбаатар хотод танкын Цэргийн ангид алба хааж байсан. Хувиараа машин унаагаар хүн амьтан зөөж таксинд явдаг байсан. Анужин, Гантулга хоёр өөрийн төрсөн эх Тжаараа овоглодог, тэжээгчээ алдсаны тэтгэмж авч өгөх гэсэн чинь овог нь Гхаар овоглодоггүй учраас тэтгэмж олдохгүй гэсэн. Би гомдолтой байна, би оршуулгын зардал, машины мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Талийгаач Ж.Гхийн 12 настай хүү Гантулга, 14 настай охин Анужин нар үлдэж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж ч үгүй байгаа учраас би гэм хорын хохирол нэхэмжилнэ.Өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 45-46 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гхийн өгсөн ...... Би Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг Тэс петролиум Шатахуун түгээх станцад Цистерн ЗИЛ-130 авто машины жолоочоор ажилд ороод 6 сар болж байна.

Өнөөдөр буюу 2017.12.15-ны өдөр өөрийн жолооддог 15-33 УББ улсын дугаартай ЗИЛ-130 загварын 5 тоннын цистернд дүүрэн дизель түлш, мөн 6200 литрийн цистерн чиргүүлд* мөн адил дүүрэн дизель түлш ачаад 12 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгийн Дархан сумын төвөөс гарч Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг Тэс Петролиум шатахуун түгээх станцад түгээлт хийхээр ганцаараа гарсан юм. Хустайн даваан дээр гараад машинаа зогсоож бие засчихаад цаг харахад 14 цаг өнгөрч байсан. Тэгээд цааш зогсолгүй явж өнөөдрийн осол хэрэг болдог газарт явж байхад урдаас эсрэг урсгалаас ирж явсан мөнгөлөг саарал өнгөтэй Приус-20 загварын тээврийн хэрэгсэл ойрхон ирчихээд гэрлээрээ дохиод байхаар нь би “Энэ машин яагаад гэрлээрээ дохиод байгаа юм бол” гэж бодоод арыг харах толиндоо харсан чинь араас ирж явсан хар өнгөтэй жижиг суудлын авто машин эсрэг урсгалд орчихсон намайг гүйцэж түрүүлэх гээд миний машины хажууд орж ирсэн байсан. Тэгтэл хэдхэн секундын дотор миний эсрэг урсгалаас ирж явсан Приус-20 загварын авто машин, миний араас эсрэг урсгалд орчихсон намайг гүйцэж түрүүлэх гэж явсан хар өнгөтэй жижиг суудлын авто машин хоёр намайг явж байхад миний машины хажууд замын зорчих хэсэг дээр өөд өөдөөсөө мөргөлдсөн. Хоёр машин мөргөлдснөөс олж Приус-20 загварын авто машны бөгс нь гуядагдаад миний машины зүүн талын бензины бакыг шүргэж гэмтээсэн. Би авто машинаа зогсоогоод осол болсон газарт явж очиход хар өнгөтэй тоёота кровн загварын суудлын авто машины жолооч “Хөл хугарчих шиг боллоо, надад туслаарай” гэж хашгирч байсан. Тоёота приус-20 загварын авто машины урд суудал дээр сууж байсан эмэгтэй хүн өвдөж шаналж байгаа бололтой “Ёо ёо” гээд байсан, хойд суудал дээр сууж байсан эрэгтэй хүн урд хоёр суудлын завсраар урагшаа гарчихсан ёолж байхаар нь замын машинууд зогсож хойд хаалгаар нь гаргаж авсан. Приус-20 загварын машин дотор байсан жолооч намайг эхэлж очиход амьсгаатай байсан хэдхэн минутын дараа нас барчихсан. Тэр тоёота кровн машины жолоочийг Баруунхараагийн аврах анги ирж байж машинаас нь гаргаж авсан. Миний утас сүлжээ байхгүй байсан болохоор би замаар явж байгаад зогссон машины хүмүүсийг гуйж байгаад эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн. Ингээд би эмнэлэг, цагдаагийн байгууллага ирэхээр нь болсон явдлыг хэлж мэдэгдсэн. Би 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Би мэдээгүй, урдаас ирж явсан мөнгөлөг саарал өнгөтэй тоёота приус-20 загварын авто машины гэрлээрээ дохиод байхаар нь яагаад гэрлээрээ дохиод байгаа юм болдоо гэж бодоод толиндоо хартал араас тоёота кровн загварын хар өнгөтэй машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан Би жолооч хүний хувьд осол хэрэг болсон газар нь Дархан-Уул аймгийн чиглэлээс зорчиход гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэгтэй байгааг харсан. Бас зам дээр үргэлжилсэн цагаан шугамтай байгаа нь тод харагдаж байсан. Осол хэргийн улмаас бензины бак нь засварлаж болохгүйгээр хонхойгоод чихэгдсэн байна. Ойн бирж ХХК-ний өмч байгаа юм. Надад гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /Хх-н 47-48 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гүрсэдийн өгсөн ...... Би өөрөө Улаан баатар хотод амьдардаг юм. Миний төрсөн эцэг эх хоёр маань Дархан-Уул аймагт амьдардаг юм. Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт очиж ээж, аавынхаа сар шинийн баяраар хэрэглэх ууц, идэш хоолыг бэлдэж өгөхөөр явсан юм. Дархан-Уул аймагру явахдаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Драгон тээврийн товчоон дээр ирхэд Дархан явах автобусны хүн нь дүүрээгүй байсан. Тэгтэл орон нутгийн белэд бичдэг кассын дэргэд зогсож байтал Дархан явах хүн байна уу гэхээр нь би явая гээд тэр залуугийн машинд суусан. Надтай хамт Дархан-Уул аймгийн Баярсүрэн гэдэг урьд надтай хамт ажиллаж байсан хүүхэн суусан. Тэр залуугийн машин мөнгөлөгийн Приүс-20 загварын машин байсан. Ингээд тэр залуу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Баярсүрэн бид хоёрыг машиндаа суулгаад Дархан-Уул аймагруу хөдөлсөн. Замд Төмөр замын 61 дүгээр гарамын ойролцоо нэг эрэгтэй хүн гараа өргөж зогсоогоод манай машинд сууж хэсэг явсан. Төв аймгийн Баянчандмань суманд тэр эрэгтэй хүн буусан. Баянчандмань сумаас цааш явхад нь би унтаад явсан. Тэгтэл Зүүнхараагийн салдаг уулзвараас нэг эмэгтэй хүн гар өргөж зогсоож жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суугаад явсан. Баярсүрэн бид хоёр хойд суудал дээр сууж явсан. Намайг хойд суудлын дунд унтаж явж байхад осол хэрэг болсон байна лээ. Нэг сэрсэн чинь би урд хоёр суудлыг голоор урагшаа орчихсон, миний өмсөж явсан малгай урд шилэн дээр тогтчихсон байсан. Замааас урд суудал дээр суусан эмэгтэй нүд ам нь хөдлөөд амьд байсан. Жолооч залууг харсан чинь ямарч хөдөлгөөнгүй болчихсон рүлээ дэрэлсэн байсан. Хойд суудал дээр миний хажууд сууж явсан Баярсүрэн ямарч хөдөлгөөнгүй доошоо тонгойчихсон байсан. Тэгтэл замаар явж байсан хүмүүс тусалжурд суудал дээр сууж байсан эмэгтэй бид хоёрыг гаргаж, бас урдаас ирж явсан гэх машины жолооч залуу бид гуравыг эмнэлэгийн машинд суулгаж Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэсэн. Эмч нар надад хэлэхдээ яс хугараагүй байна. Доргилт өгсөн байна гэж хэлсэн. Өнөөдөр намайг Дарханд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж хэлээд гаргасан. Миний бүх эмчилгээний зардлыг урдаас ирж мөргөсөн машины жолооч залуугийн ах дүү хамаатан садан нь төлөөд байгаа. Надаас мөнгө төгрөг гараагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би яг осол болох үед унтаж явсан. 70-80 келометр цагийн хурдтай явж байсан. Намайг унтаагүй байх үед шүү дээ гэх мэдүүлэг /Хх-н 54-57 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Тжын өгсөн ...... Би талийгаач Ж.Гхтай 2001 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд анх танилцаж нэг гэ|Ьт хамтран амьдарч эхэлсэн юм. Ж.Гх бид хоёр 13 жил хамтран амьдарсан. Ж.Гх бид хоёрын дундаас 2002 онд охин Анужин төрсөн, 2005 онд хүү Гантулга төрсөн. Би Ж.Гхтай хамтран амьдарч эхлэхээсээ өмнө 1990 онд Амарсайхан гэдэг хүнтэй гэрлэж гэрлэлтээ батлуулчихсан, гэрлэлтийн баталгаагаа Амарсайханыг олж салгуулж чадахгүй байсаар байгаад 2001 онд Ж.Гхтай хамтран амьдарч хоёр хүүхэд төрүүлсэн юм. Ж.Гх бид хоёр 2001 оноос 2014 он хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Ж.Гх бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас надаас төрсөн Анужин, Гантулга хоёр надаар овоглодог юм. Гх надтай хамтран амьдарч байхдаа хоёр хүүхдээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлмээр байна гэж ярьдаг байсан. Би нэг удаа хоёр хүүхэд дээрээ Ж.Гхаас тэтгэмж тогтоолгох гэж шүүх дээр очсон чинь “Тэр Гхийн хаяг энэ тэр хэрэгтэй” гээд олон юм шаардаад байхаар нь би “За за яршиг” гэж бодоод шүүхээр тэтгэмж тогтоолгоогүй юм. Ж.Гх бол надаас гарсан хоёр хүүхэддээ шүүхээр орж албан ёсны тэтгэмж төлдөггүй байсан. Гэхдээ амьдрал дээр Гх хоёр хүүхэддээ их сайн хандцаг, хоёр хүүхэддээ хичээл сургуулийн хувцас хунар, дэвтэр ном байнга авч өгдөг, охин Анужиндаа илүү сайн ханддаг байсан. Үгүй гэрлэлтээ баталгаажуул байгаагүй. Би одоо болтол Амарсайханыг олж гэрлэлтээ салгуулаагүй байгаа. Амарсайхан хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэх мэдүүлэг /Хх-н 242 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр № 59 ....... Шинжээчид дараах асуултыг тавьж байна.

Асуулт 1.Тоёота Кроун загварын 29-33 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар заалт зөрчсөн байна вэ?

 

Асуулт 2.Тоёота Прусс-20 загварын 24-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Гх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар заалт зөрчсөн байна вэ?

 

            Асуулт 3.Зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг ямар жолооч бүрдүүлсэн байна вэ?

            Хариулт 1.Тоёота Кроун загварын 29-33 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх-ийг мэдсэн байх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх. “1 дүгээр хавсралт”-ын Хоёр. “Хориглох тэмдэг”-ний 2.20 "Гүйцэж түрүүлэх хориотой"-цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно, Долоо. “Хэвтээ тэмдэглэл”-ийн 25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

 

            Хариулт 2.Тоёото Прусс-20 загварын 24-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Гх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчсөн.

Хариулт 3.Жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. а/, б/, 1 дүгээр хавсралтын Хоёр. “Хориглох тэмдэг”-ний 2.20, Долоо. “Хэвтээ тэмдэглэл”-ийн 25. 7.2 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэл гаргав гэх /Хх-н 59 дүгээр хуудас/

 

           2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 75 ...... Шинжээчийн дүгнэлт:

 

            1.Ж.Атын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний хальсны урагдал, цус хуралт, бүлэн, хэвлийн хөндийн цусан хураа, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

            2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

 

4.Ж.Атд учирсан гэмтэл нь  цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 69 дүгээр хуудас/

 

            2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 77 ...... Шинжээчийн дүгнэлт:

 

            1.С.Бын биед баруун хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал, тархи доргилт, 2 гарын сарвуу хүзүү орчмын зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо.

            2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.С.Бд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 73 дугаар хуудас/

 

                 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 76 ...... Шинжээчийн дүгнэлт:

 

            1.Ц.Гүрсэдийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 гар сарвуу, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо.

                  2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

             3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Ц.Гүрсэдэд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 76 дугаар хуудас/

 

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний дүгнэлт № 10 .........

 

           1.Талийгаач Ж.Гхын биед дотуур цус алдалт, элэгний задрал, баруун гуяны далд хугарал, баруун зүүн талын олон хавирганы хугарал, баруун шуунд шарх, зүүн хацар, эрүү, баруун эгэм, цээж, баруун бугалга, баруун өвдөгө, баруун шилбэнд зулгаралт, цээж, зүүн бугалга, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2.Талийгаач Ж.Гхын биед учирсан дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, доргилт, дарагдалын үед үүсгэгдэнэ.

           3.Талийгаач Ж.Гхын биед үхэлд хүргэх ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

           4.Талийгаач Ж.Гх нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

           5.Талийгаач Ж.Гх нь В(111) бүлгийн цустай байжээ.

           6.Талийгаач Ж.Гх нь элэгний задралын улмаас дотуур цус алдаж нас баржээ гэх /Хх-н 80-81 дүгээр хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний дүгнэлт № 06 ........

 

           1.Талийгаач Т.Баярсүрэнгийн биед хүзүүний 5-р нугалмын хугарал, нугас тасралт, дотуур цус алдалт, уушигны цоорол, баруун зүүн талын олон хавирганы хугарал, толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2.Талийгаач Т.Баярсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, доргилт, дарагдалын үед үүсгэгдэнэ.

           3.Талийгаач Т.Баярсүрэнгийн биед үхэлд хүргэх ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

           4.Талийгаач Т.Баярсүрэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.

            5.Талийгаач Т.Баярсүрэн нь хүзүүний 5 дугаар нугаламын хугарал, нугас тасрал, уушигний эдийн цооролын улмаас дотуур цус алдаж нас баржээ гэх /Хх-н 91-92 дугаар хуудас/

 

           2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 888..... Шинжээчийн дүгнэлт:

 

           1.Шинжилгээнд ирүүлсэн “С.Б 32 настай эрэгтэй” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх /Хх-н 121 дүгээр хуудас/

 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-15 дугаар хуудас/

Хохирогч Т.Баярсүрэнгийн иргэний үнэмлэхний болон эрүүл мэндийн  даатгалын гэрчилгээний хуулбар /Хх-н 16-17 дугаар хуудас/

Хохирогч Ж.Гхийн иргэний үнэмлэхний болон жолооны үнэмлэхний хуулбар /Хх-н 18 дугаар хуудас/

Тоёото Прүис маркийн 24-62 УБЗ улсын дугаартай авто машин тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 19 дүгээр хуудас/

Ойн бирж ХХК-ний эзэмшлийн Зил 130 маркийн 15-33 УББ улсын дугаартай авто машин тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 21 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт болох авто машины дугуйн обудны нэг ширхэг хэлтэрхийн гэрэл зураг /Хх-ийн 23 дугаар хуудас/

29-33 ДАХ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5.385.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1.320.000 төгрөгөөр, нийт 6.705.000 төгрөгөөр үнэлсэн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 101-107 дугаар хуудас/

Тоёото Прүис маркийн 24-62 УБЗ улсын дугаартай авто машины эвдрэл хохирлын шууд зардлыг 6.553.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1.320.000 төгрөгөөр, нийт 7.873.000 төгрөгөөр үнэлсэн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 110-117 дугаар хуудас/

Зил 130 маркийн 15-33 УББ улсын дугаартай авто машины эвдрэл хохирлын шууд зардлыг 395.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1.30.000 төгрөгөөр, нийт 525.000 төгрөгөөр үнэлсэн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 131-132 дугаар хуудас/

Хохирогч Ц.Гүрсэдийн өвчний түүхийг хянах дэвтэрийн хуулбар /Хх-н 136-143 дугаар хуудас/

Хохирогч Ж.Атын өвчний түүхийг хянах дэвтэрийн хуулбар /Хх-н 145-198 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Бын гарын хээн дардас /Хх-н 208 дугаар хуудас/

С.Б нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 209 дүгээр хуудас/

Дархан дулааны цахилгаан станц Төрийн өмчит компанийн С.Бын ажил байдлын талаарх тодорхойлолт /х-ийн 213 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01  дүгээр сарын 15-ны өдрийн № 407 дугаар тодорхойлолт /Хх-ийн 214 дүгээр хуудас/

С.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 216 дугаар хуудас/

С.Бын гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх-н 217 дугаар хуудас/

С.Бын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 218-221 дугаар хуудас/

Тоёото Кровн маркийн 24-99 ДАХ улсын дугаартай авто машин тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 230 дугаар хуудас/

Хохирогч Т.Баярсүрэнгийн оршуулгын ажилд зарцуулсан мөнгөний баримтуудын / 2 дугаар Хх-ийн 06-11 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Гхийн оршуулгын ажилд зарцуулсан мөнгөний баримтуудын / 2 дугаар Хх-ийн 19-21 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Атын эмчилгээний зардлын баримтууд / 2 дугаар Хх-ийн 28-29 дүгээр хуудас/

С.Бын хохирогчид хохирол төлбөр төлсөн тухай баримтууд / 2 дугаар Хх-ийн 33 дугаар хуудас/

Хохирогч Ж.Атд байр түрээслэж өгсөн тухай баримтууд / 2 дугаар Хх-ийн 34-35 дугаар хуудас/

Хохирогч Ц.Гүрсэдийн эмчилгээний зардлын баримтууд / 2 дугаар Хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч З.Алимаагийн ирүүлсэн хохирлын баримтууд / 2 дугаар Хх-ийн 63-65 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Цгийн хохирол нэхэмжилсэн тухай баримтууд болон шүүгдэгч С.Бын хохирол төлсөн баримтууд зэрэг болно. 

 

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 29-33 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зандангийн ар гэх газарт замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байх, б/ Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэхийг зөрчсөний улмаас хохирогч Ж.Атын биед хүнд хохирол учруулсан, Ж.Гх, Т.Баярсүрэн нарын амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч С.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас нэг хүний биед хүнд хохирол, хоёр хүний амь нас хохироосон үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Б нь хохирогч Ж.Ариунтууын эмчилгээний төлбөрт 4.766.370 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Д.Цд хохирогч Т.Баярсүрэнгийн оршуулгын зардалд 7.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Алимаад хохирол төлбөрт 22.820.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өлзийсайханд 525.000 төгрөгийг тус тус төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Цгаас талийгаач Т.Баярсүрэнгийн орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.467.000 төгрөг, эцэг Ж.Дамбахүүгийн 20 сарын тэтгэвэр 7.500.000 төгрөг нийт 22.967.000 төгрөг нэхэмжилсэнг шүүх эцэг Ж.Дамбахүүгийн 20 сарын тэтгэвэр болох 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэрэгсэхгүй болгож, мөн талийгаачийн орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.467.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах хэсэгт заасан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулах зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас тулгуур эрхтэндээ гэмтэл авсан, тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алдалтын 50%-иар буюу бүтэн нэг жилийн хугацаагаар тахир дутуугийн группт орсон, олон хоногийн хугацаанд эрүүл мэндийн улмаас ажлаа хийж чадахгүй байгаа, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөг хүртэл эрүүл мэнд нь сайжраагүй, хувийн байдлын хувьд ар гэр ахуй амьдрал нь хүнд бага насны 4 хүүхэдтэйгээс бага 3 хүүхэд нь ихэр хүүхдүүд юмаа, эхнэр нь 4 хүүхдийнхээ амьдралыг залгуулах болж байгаа, 4 хүүхэд гэдэг бол харьцангуй амьдралын нөхцөл байдалд нь нөлөөлөх хүнд нөхцөл юм. Мөн орон сууцны зээлийн гэрээтэй гэх мэтчилэнгээр хувийн амьдралд нь нөлөөлөх хүнд нөхцөл байдал үүссэн гэлээ ч гэсэн энэ нөхцөл байдлаа үл хайхран өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөд хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг ямар ч тайлбаргүйгээр нөхөн төлсөн, С.Бын гэм буруугаа ойлгож байгаа, хувь хүний ёс зүй, шударга байдал, энэрэнгүй хүнлэг чанартай хүн бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Эдгээр нь хувийн байдлын талаасаа гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал талаасаа хуульд заагаагүй ч гэсэн онцгой нөхцөл байдал гэдэгт хамаарч байна. Иймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага буюу 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн ялыг нь онцгой нөхцөлд тооцон хөнгөрүүлж 01 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх  хүлээн авах нь үндэслэлтэй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж зааснаар шүүх шүүгдэгч С.Бын хувийн байдалыг харгалзан өөрөөр хэлвэл шүүгдэгч нь бага насны /3-8 насны/  4 хүүхэдтэй, үүнээс 3 настай 3 ихэр хүүхэдтэй болон гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн машины обудны хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч С.Быг №386686 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сангийн Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 01 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бд оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.

 

5.Шүүгдэгч С.Б нь хохирогч Ж.Ариунтууын эмчилгээний төлбөрт 4.766.370 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Д.Цд хохирогч Т.Баярсүрэнгийн оршуулгын зардалд 7.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Алимаад хохирол төлбөрт 22.820.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өлзийсайханд 525.000 төгрөгийг тус тус төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Цгаас хохирогч Т.Баярсүрэнгийн орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.467.000 төгрөг, эцэг Ж.Дамбахүүгийн 20 сарын тэтгэвэр 7.500.000 төгрөг нийт 22.967.000 төгрөг нэхэмжилсэнг шүүх эцэг Ж.Дамбахүүгийн 20 сарын тэтгэвэр болох 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэрэгсэхгүй болгож, мөн талийгаачийн орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.467.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэж шийдвэрлүүлэх  эрхтэй болохыг дурьдсугай.

 

   6.Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины обудны хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.Бын №386686 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ.