| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09161/И |
| Дугаар | 191/шш2025/00821 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/шш2025/00821
2025 01 29 191/ШШ2025/00821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *** оршин суух *** Г.Б******* /регистрийн дугаар:*******/-ийн хүсэлттэй,
Е******* ******* ХХК-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : 2023 оны 06 сарын 09-ны өдөр Г.Б******* болон "Е******* *******" ХХК нар "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан Олон үйлдэлт цамхагт тоглоом /14х7х5 хэмжээтэй, гулсуур буух тавцан 3м өндөр/ хийлгэх, суурьлуулахаар харилцан тохиролцсон болно. Гэрээний дагуу Г.Б*******ээс 5,000,000 төгрөг, "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 1.6-д зааснаар 4,500,000 төгрөгний үйлчилгээ үзүүлэн нийт 9,500,000 төгрөг төлсөн билээ. Гэтэл дээрх гэрээний үүрэг болох олон үйлдэлт тоглоомыг гэрээний хугацаа буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор хүлээлгэн өгөөгүй юм. Гэрээний зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Хөвсгөл аймаг, Хатгал тосгонд Онголог тур амралтын газар тээвэрлэн суурьлуулсан боловч, дараах зүйлийг хийж дуусгаагүй байна. Зм өндөр гулсуур, жижиг гулсуур таараагүй, багадсан гулгуур, цамхаг хооронд гүүрний бэхэлгээг хийж дуусгаагүй, өндөр цамхагийн хана онгорхой, авирдаг турнек хийгээгүй, цамхагын ил гарсан боолтуудыг таглаа, бөглөө хийж аюулгүй болгоогүй, цамхагын гүүрний гүүрийн хэмжээ алдагдсан, цамхаг нь 3 давхар гэж тохирсон байхад 2 давхар хийгдсэн доороос цамхаг руу авирах олсон шат хийгээгүй, гулсуур болон цамхаг, гүүр зэрэгт гарах буух аюулгүй байдлыг хангаагүй чанарын шаардлага хангаагүй зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн "Е******* *******" ХХК-д гэрээний үүрэг хангуулах тухай мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа билээ. Тиймээс иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 2551, 255.3-т зааснаар гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй хэмээн үзэж гэрээнээс татгалзаж гэрээг цуцалж байгаа бөгөөд гэрээний үнэ болох 9,500,000 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10- ны өдрийн 182/Ш32024/17198 дугаартай шүүгчийн захирамжаар нь "Е******* *******" ХХК нэхэмжлэл дээрх хаягт байхгүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс 2023 оны 06 сарын 09-ны өдөр "Е******* *******" ХХК-тай байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-г цуцалж гэрээний үнэ болох 9,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1. 155.2 дах хэсгүүдэд заасныг үндэслэн иргэний хэрэг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Е******* *******" ХХК-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Е******* ******* ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/17198 дугаар захирамж, Е******* плэй ХХК-ийн захирал Б.Сайханцэцэгтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ Е******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Е******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Е******* ******* ХХК-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Е******* плэй ХХК /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Е******* плэй ХХК /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА