Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүн харз овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1802000550036 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Гүн харз овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1996 оны 6 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4-236 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Булган аймаг дахь сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, …………………………………………

          Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/  2017 оны 8 дугаар сард Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидро каннабинолын агууламжтай “Каннабис” /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4-236 тоот байранд хууль бусаар хадгалсан, улмаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 25 тоотод Б.Цогтбаатар, Г.Нинжин, Г.Түвшинням нарт өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Би  анх каннабис гэдэг өвсний талаар 5-6 жилийн өмнө кино болон дуу дээрээс мэдэж авч байсан. Миний амьдардаг газар хаа сайгүй байнга ургадаг. Тухайн өвсний талаар мэдсэн ч гэсэн ерөөсөө ойртдоггүй байж байгаад нэг удаа интернетээс харсныхаа дараа сонирхож үзэж нэг атга өвсийг түүж авсан. Түүж байх үедээ буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ хуулийн дагуу ял шийтгэл өгдөг талаар сайн мэдээгүй. Түүж авсан өвсөө сонирхож үзээд хадгалсан байсан. Дараа нь Амгаланбаяр гэдэг хүүхэд надаас маш их хэмжээгээр өдөр болгон шахуу залгаж гуйсан учир нэг удаа очиж өгч байсан” гэв.

Шүүгдэгч Г.Бс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”…Хэрэг болсон өдөр буюу 1 сарын 12-ны өдөр танил Амгаланбаяр над руу залгаад өнөөдөр манай найзын төрсөн өдөр болж байна, найздаа нөгөө өвсөө өгчих л дөө манай найз хэрэглэж үзье гэнэ гээд гуйхаар нь би зөвшөөрөөд өөрт байсан үлдсэн багахан хэмжээний өвсийг Амгаланбаярын байсан газарт очиж өгсөн. Би очих замдаа хаягийг нь асуух гээд Амгаланбаяр руу залгахад нэг найз нь буюу очоод нэрийг нь мэдсэн Цогтбаатар гэх залуу утсыг нь аваад надад хаягаа нарийвчлан зааж өгөөд орц кодтой байсан тул гарч ирээд намайг дотогш оруулсан. Харин гэрт нь орсон хойноо байсан өвсөө би Амгаланбаярт өгчихөөд удахгүй гарсан ...Би интернет орчинд мэдээлэл хайж байхад Каннабис өвсний талаар мэдээлэл байсан. Уг өвсийг олон төрлөөр ашиглаж болдог талаар болон Англи хэл дээр эмчилгээний журмаар болон тайвшруулах журмаар ашиглаж болно гэж байсан болохоор сонирхоод түүж авсан. Би Монголд энэ зүйл хууль бус гэдгийг мэдэж байсан ...Би 2017 оны сүүлээр Амгаланбаяртай Зайсангийн РС тоглоомын газарт тоглож байхдаа нунтгаасаа Каннабис өвс түүж авч ирээд хаана хийснээ олохгүй байна гэж хэлж байсан болохоор хэрэг болсон өдөр надад нөгөө юм чинь байвал өгчих гээд байсан. Би өөрийн үйлдэл гэм бурууг маш сайн ойлгож ухамсарласан болохоор дахиж хэзээ ч хууль бус зүйл хийхгүй байж чадна гэдгээ амлаж байна надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /хх-70х/,

Гэрч Г.Энх-Амараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...дээрх хаяг дээр манай аав Б.Ганбат нь миний төрсөн дүү Г.Нинжингийн хамт амьдардаг юм. 2017 оны 10 дугаар сарын үеэс миний дүү Нинжин нь найз залуутай болсон гээд нэг залуу гэрт авч ирж байсан ...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз залуугийн төрсөн өдөр болж байгаа гэж утсаар хэлж байсан. Тэгээд 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Нинжингийн утас нь холбогдохгүй болохоор нь би гэрт ирэхэд гэрийн эд зүйл эмх цэгцгүй байдалтай байсан бөгөөд манай дүү гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь өнөөдөр 17 цагийн үед гэрт ирэхэд дүү бас л байхгүй болохоор нь яасан юм бол гэж сандраад гэрт байсан хогийн уут, хогийн сав зэргийг ухаж үзэхэд Комикс 7 хайрцаг бүгдийг нь хэрэглэсэн байдалтай мөн ундааны жижиг том 2 ширхэг савыг хоёр талаас нь цоолсон байдалтай хажууд нь 100 төгрөгийн дэвсгэрт хуйлж скочоор ороосон, мөн тугалган цаасыг шүдэнзний толгой дээр ороож тогтоосон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Энэ үед гаднаас дүү Нинжин орж ирэхээр нь болсон асуудлыг асуухад “найз залуугийндаа байж байгаад ирлээ” гэсэн. Комикс болон манай найз залуугийн найзууд нунтаг өвс авч ирж татсан гэж хэлсэн. Тэгэхээр нь дүүгээ ч бас шинжилгээ өгүүлж энэ байдлыг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоолгож цаашдын гарч болох хор уршгаас урьдчилан сэргийлэх гэж бид нар өөрсдөө цагдаад шалгуулахаар шийдсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-34-35х/,

Гэрч Б.Оюунгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр миний төрсөн ах Ганбат нь ажлын шугамаар Австрали улс руу 3 сарын хугацаатай яваад надад өөрийн бага охин Нинжинг харж хандаж байгаарай гээд захиж үлдээсэн юм. Би 2 юм уу 3 хоногтоо гэрт нь очиж шалгадаг, өдөр бүр утсаар ярьж Нинжинтэй холбоотой байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр залгахад утас нь холбогдохгүй, 13-ны өдөр мөн залгаад утас нь холбогдохгүй байхаар нь 14-ний өдөр гэрт нь яваад очтол гэрийнх нь гал тогооны хэсэгт архи, пивоны шил болон хогийн саванд нь Комикс эмний 7 хайрцаг байхаар нь за ерөөсөө цагдаад дуудлага өгч шалгуулъя гээд 102 луу би залгаад мэдээлэл өгсөн. Нинжингийн ах Энх-Амар нь хамт амьдардаг байсан боловч сүүлийн 3 сар найз охинтойгоо хамт гэрт нь амьдраад байгаа болохоор Нинжин аавыгаа явснаас хойш ерөнхийдөө ганцаараа байсан. Ингээд дуудлага өгчихөөд цагдаа нар үзлэг хийж байтал Нинжин гадаас ганцаараа ороод ирсэн. Юу болоод байгаа талаар асуухад 2-ны өдөр найз залуугийнх нь төрсөн өдөр болоод найзууд нь ирээд бүгд ярилцаж байгаад сонирхоод Комикс эм уугаад тамхи шиг юм татаж үзсэн гэж надад хэлсэн. Би цагдаа нартай хамт гэрийнх нь бүх юмыг шалгаж үзэхэд өөр зүйл илрээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-36х/,

 Гэрч Г.Нинжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сард би өөрийн найз залуу болох Болдбаатарын Цогтбаатартай танилцсан. 1999 онд төрсөн залуу байгаа. Ингээд миний найз залуугийн төрсөн өдөр нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болоод манай гэрт Цогтбаатар 6 эрэгтэй найзын хамт ирж 2 сав том пиво, 1 шил 0.75 граммын виски уусан. Дундуур нь Цогтбаатарын 2 найз нь авч ирсэн “Комикс” нэртэй эмийг хувааж ууцгаасан. Миний хувьд 10 ширхэгийг аяганд хийж байгаад нэг дор уусан. Харин бусад нь ямар ч гэсэн уугаад л байсан ба хэн хэн хэдэн ширхэгээр уусан талаар мэдэхгүй байна. Тэгээд комикс уухад маш тайван байдалтай, хараа бүрэлзэх зэрэг мэдрэмж төрж байсан өөр сүртэй ямар нэгэн гаж мэдрэмж төрөөгүй үүний дараа Цогтбаатарын нэг найзад нь байгаа гээд гаргаж ирсэн нунтаг хатаасан өвсийг бид нар ундааны савны 2 талыг жижиг цоолж байгаад нэг талын нүхэнд нь хуйлж ороосон 100 төгрөгийн дэвсгэртийг хийж үзүүрт нь шүдэнзний модны үзүүрт тугалган цаасаар хийсэн тогоонд өвсөө хийж байгаад шатаагаад ундааны савны амаар нь сорж хэрэглэсэн. Энэ өвсийг бол бүгд хэрэглэсэн. Өвс татах үед би 1, 2 удаа сорсон. Гэхдээ надад ямар нэгэн сүртэй мэдрэмж төрөөгүй. Нөгөө хэд ч гэсэн зүгээр архи уусан халамцуу хүн шиг л байгаад байсан угаасаа пиво виски уусан байсан учраас бүгд л халамцуу байсан. Бид нар орой нь бүгд тарсан би найз залуугийнхаа гэрт очиж хоносон. Маргааш нь мөн тэнд хоносон. Тэгээд өнөөдөр ирэхэд гэрт эгч ах нар ирчихсэн цагдаад дуудлага өгчихсөн байсан юм ...Би өөрөө кино үзээд сонирхож байсан мөн хар тамхины чиглэлээр хичээл дээр бие даалт хийж байсан, ямар үйлчилгээтэй болохыг судалж байсан өөрөө сонирхож үзсэн боловч сая л тэр хүүхдүүдтэй хамт нэг удаа хэрэглэж үзсэн түүнээс өөр асуудал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-37-38х/,

Гэрч Б.Цогтбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Комикс эмийн талаар өмнө нь интернэтээс мэдээлэл харж байсан болохоор тэрийг хэрэглэж үзэх санаа сэдэл төрөөд бид нар Нинжингийн гэрт ирээд Амгаланбаяр, Киоко 2 эмийн сан орж 1 хайрцагандаа 30 ширхэгтэй нийт 7 хайрцаг 210 ширхэг Комикс эм худалдаж аваад Нинжингийн гэрт  ...аяганд хийгээд уусан. Эм үйлчлээд бүгд манараад өвс татаж үзэцгээе гээд Амгаланбаяр найзыгаа дуудсан. Удалгүй Амгаланбаярын дуудсан найз нь ирээд орц кодтой байсан тул би гарч авсан. Би тэр хүүхдийн нэрийг мэдэхгүй боловч Байгаль гэж дуудахаар нь Байгаль гэдэг юм байна гэж бодсон, албан ёсоор танилцаагүй. Тэр залуу халааснаасаа ууттай бага зэрэг Каннабис өвс гаргаж ирээд бид нар хуванцар сав ашиглаж байгаад өвсөө татаж хэрэглэсэн ...Би энэ жил төрсөн өдрөөрөө анх удаа өвс хэрэглэж үзсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-40х/,

Гэрч Ц.Амгаланбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай найз Байгаль над руу залгахад Цогтбаатар миний утсыг авч яриад Нинжингийн гэрт дуудчихсан. Удалгүй Байгаль ирээд хамт ууж байгаад халааснаасаа өвс гаргаж ирээд Билгүтэй, Мөнхцогт, Киоко бид 4-өөс бусад нь тагтан дээр гараад сорж хэрэглэсэн ...Би 2017 оны 12 сард анх удаа Каннабис өвс олоод хэрэглэж үзсэн, үлдсэнийг нь гэртээ хадгалж байсан энэ асуудлаараа шалгуулж байгаа болохоор би айгаад дахин хар тамхи хэрэглэхгүй гэж шийдсэн. Тухайн үед би виски пиво уугаад согтолттой байсан болохоор хэн хэрэглээд хэн хэрэглээгүйг сайн хараагүй. Ямар ч л байсан Билгүтэй, Мөнхцогт, Киоко нар хэрэглээгүй гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /хх-42х/,

 

Гэрч Г.Түвшинбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз Цогтбаатарын төрсөн өдөр болоод уулзаж Easy dinner нэртэй хоолны газарт хамт хоол идэж пиво уучихаад тэндээсээ Цогтбаатарын найз охин Нинжингийн гэрт очсон. Би Нинжингийнд очихоосоо өмнө Голомт банк орчихоод очсон бөгөөд намайг дотогш ороход ширээн дээр Комикс нэртэй эм олон хайрцаг байсан. Би тэрнээс уугаагүй тэнд миний танихгүй өөр хүүхдүүд ирчихсэн байсан. Тэндээ бид нар пиво, виски уугаад сууж байтал гаднаас нэг танихгүй шар ногоон үстэй залуу ирээд тэр залууг ирэхээс өмнө тэнд байсан хэсэг залуус өвс хэрэглэнэ гээд хуванцар сав бэлдээд байсан бөгөөд шар үстэй залуу ирсний дараа тэд нар тагтан дээр гараад өвсөө татаж хэрэглэсэн. Би тийм зүйлээс хол байдаг болохоор эхэндээ хамт тагт руу гарахгүй дотор сууж байсан боловч намайг тэд нар дуудаад байхаар нь тагт руу гараад тэр юмнаас нь 3-4 удаа сорсон. Дараа нь бид нар ууж байгаад би тэндээс гэртээ харихаар явсан. Манай гэр хажуу талд нь байдаг болохоор би өөр тийшээ яваагүй гэртээ ороод амарсан. Би Цогтбаатарын төрсөн өдрөөр Каннабис өвс гэх хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-43х/,

 

Гэрч Т.Жамбалдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Байгаль өөрөө интернет орчинд ажиллах мэдээлэл авах дуртай англи хэл дээрх мэдээ мэдээллүүдийг орчуулж унших сонирхолтой болохоор нэг удаа интернетээс марихуан буюу 5 салаа каннабис гэдэг ургамлын талаар уншсан, барууны орнуудад эмчилгээний журмаар ашигладаг юм байна гэдгийг олж мэдлээ гэж надад хэлж байсан. Ингээд 2017 оны зун Булган аймгийн Хялгантад байхдаа нөгөө 5 салаа ургамлаа хараад мөн эсэхийг шалгаж үзэхээр түүгээд авчихлаа бага зэрэг байгаа гэж хэлсэн. Би Байгалийн хамгийн сайн найз нь болохоор надад бүх зүйлээ илэн далангүй хэлчихдэг юм ... “ гэсэн мэдүүлэг /хх-44-45х/,    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар байрны 25 тоот байрны гал тогооны хэсэгт хийсэн үзлэгээр 2 талыг нь түлж цоолсон байдалтай том жижиг Соса соla гэсэн бичигтэй ундааны хуванцар савнууд, хажууд байсан цэнхэр өнгийн гялгар уутны тасархай дээр хуулж нарийн болгож ороосон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, тугалган цаасыг шүдэнзний 1 ширхэг модонд ороон тогтоосон цаас 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-7, 8-10х/,

Эд зүйлсэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-32-33х/,

Хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримтууд болох 1,25 литрийн Соса соla гэсэн бичигтэй хуванцар сав ямар нэгэн бичиггүй хуванцар сав, ZN5684158 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс “дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1543 дугаартай дүгнэлт /хх-52-54х/,

Г.Нинжингийн шээсэнд “СЕ Multi drug screen test cup бүхий зориулалтын тестерийг дүрж 30 секунд байлган шалгахад тестерийн 5 баганын ТНС гэсэн бичигтэй багананд улаан өнгийн 1 ширхэг зураас тодорч INV шинж илэрч дельта-тетрагидроканнабинол буюу олсны ургамал байна гэсэн заалтыг зааж байсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12х/,

Г.Нинжингийн шээснээс “тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1518 дугаартай дүгнэлт /хх-60х/,

Б.Цогтбаатарын биеэс нь биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-25х/,

Г.Түвшиннямын биеэс нь биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-26х/,

Б.Цогтбаатар, Г.Түвшинням нарын шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 1711 дугаартай дүгнэлт /хх-56-58х/,

Шинжээч А.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бодисыг шинжлэхдээ хроматографи масс спектрометр багаж ашиглан явуулдаг учир илүү өндөр нарийвчлалтай үр дүн гарч Дельта-9-тетрагидроканнабинол илэрлээ гэж бичигддэг, харин шээсэнд шинжилгээ хийхдээ чанарын аргаар урвалд оруулан шинжилдэг тул зөвхөн үндсэн бодис буюу тетрагидроканнабинол гэж бичигддэг. Дельта-9-тетрагидроканнабинол, тетрагидроканнабинол нь ижил төрлийн бодисууд юм ...” гэсэн мэдүүлэг /хх-61-62х/,

Монфа трейд ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/32 дугаартай албан бичигт: “...Комикс эмийн найрлаганд орсон Декстрометорфан бодис нь ханиалгын төвийг дарангуйлах үйлчилгээтэй учир ханиалгад маш өргөн хэрэглэдэг бөгөөд ийм бодисын найрлагатай эмийг олон улсад болон Монгол улсад жоргүйгээр олгож байна. Декстрометорфан бодисыг хэт өндөр тунгаар хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хөөрөлд орох гаж нөлөө үзүүлнэ ...” гэжээ /хх-111-112х/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №110 тоот дүгнэлтэд:

1. Г.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Г.Б нь сэтгэцэд нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Г.Б нь сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэв сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэж оношлогдсон тохиолдолд Монгол улсад, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. Г.Бд нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэжээ /хх-49-50х/,

Шүүгдэгч Г.Байгалийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -81х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-83-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь  2017 оны 8 дугаар сард Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидро каннабинолын агууламжтай “Каннабис” /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4-236 тоот байранд хууль бусаар хадгалсан, улмаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 25 тоотод Б.Цогтбаатар, Г.Нинжин, Г.Түвшинням нарт өгсөн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Байгалийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 талыг нь түлж цоолсон байдалтай 1.25 литрийн Соса cola гэсэн бичигтэй ундааны хуванцар сав 1 ширхэг, 2 ширхэг нүх гаргаж цоолсон ямар нэгэн бичиггүй, таггүй, жижиг хуванцар сав 1 ширхэг, доор нь 1 ширхэг шүдэнзний мод шургуулж хийсэн тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг зэргийг устгаж, ZN5684158, JN5481579 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэртүүдийг устгуулахаар Монгол банкинд шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.