Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/747

 

 

 

2024              06              27                                       2024/ДШМ/747

                          

С.Чад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлай,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Чад холбогдох 1815002860148 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч С.Ч нь “ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авч өгнө”
хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн З.Л-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 05 цаг 14 минутад 141.643.06 юань буюу 50.449.008 төгрөгийг Голомт банкин дахь өөрийн нэр дээр бүртгэлтэй
*********** тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар сарын 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Ч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 22.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 22.500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу орчуулагчийн урамшуулалд шүүгдэгч С.Чаас 353.610 төгрөгийг гаргуулан орчуулагч А.Сарнай /ЖМ90021468/-д олгуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдолдоо: “...

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн дугаар 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус заасан.

Гэтэл шийтгэх тогтоолын хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч С.Ч нь хохирогч З.Л-ыг залилсан гэх байдал шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан хохирогч З.Л, гэрч Л.Аг нарын мэдүүлэг, гэрч Н.Э, Д.Т, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Э, “Г.В” ХХК-ийн захирал С.Ч нарын хооронд байгуулсан 2017/08 дугаартай, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээний хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн З.Л нь С.Чын Голомт банкны 3100002764 дугаартай дансанд 141.643.06 юань шилжүүлсэн төлбөрийн баримт, Ашигт малтмал, газрын тосны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 7/6417 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч З.Л нь гэрч, хохирогч, яллагдагч гэсэн байр сууринаас нийт 7 удаа 4 өөр орчуулагчтай мэдүүлэг өгсөн байдаг ба мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй тодорхой үйл баримтыг нотлохоосоо илүүтэй С.Чыг жигшсэн, гүтгэсэн шинж чанартай байна. Шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээс өмгөөлөгч миний асуусан асуултад тодорхой хариулж чадахгүй, гэрчээр оролцож байсан нөхөр Л.А зөвлөх ярилцах зэргээр эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бүрдүүлж байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч З.Л, гэрч Л.А нар санхүүгийн хувьд нэгдмэл ба тодорхой шийдвэр гаргахдаа хамтран гаргадаг байсан талаар тодорхой мэдүүлдэг. Шүүгдэгч С.Ч нь мэдүүлэхдээ “...би хохирогчтой тодорхой харилцаанд орж байгаагүй, хамтран ажиллах талаар Л.А харилцаж байсан. ...” гэж мэдүүлдэг ба автомашин авахад дутсан мөнгийг нөхөр Л.Аоос зээлсэн талаар мэдүүлдэг.

Гэрч Н.Э, Д.Т, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт С.Чыг шууд буруутгах, хохирогч З.Л-ыг залилсан гэх утга, агуулга байдаггүй. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 2017/08 дугаартай гэрээг хохирогч гаргаж өгсөн бөгөөд тухайн гэрээн дээрх талуудын гарын үсэг, тэмдэг нь хэвлэмэл гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1010 дугаартай дүгнэлтээр /6хх 14-16/ тогтоосон.

Мөн дүгнэлтэд дурдагдсан Н.Э, Д.Т, Б.Б нарын мэдүүлэгт хэргийн үйл баримтын талаар дурдагдсан шүүгдэгчид ашигтай, өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримтыг хэрхэн дүгнэсэн, няцаасан талаар тодорхой үндэслэлийг заагаагүй байна. Хохирогч З.Л нь С.Чын өгсөн хуурамч гэрээнд хууртагдаж хууль бусаар алт олборлосон, С.Ч “намайг хуурч мөнгө авсан” гэж мэдүүлдэг боловч хохирогч, шүүгдэгч нар нь орчуулагчаар дамжуулж, орчуулагч байлцуулж харилцаж, ойлголцдог байсан талаар хэн аль нь мэдүүлдэг.

Хохирогчийн шилжүүлсэн мөнгө нь “Ашигт малтмал олборлох гэрээний үнэ болгож өгсөн” мөнгөний баримт уу, аль эсвэл шүүгдэгчийн тайлбарласнаар “Машин худалдаж авахад зориулж зээлээд эргүүлж өгсөн талаарх” баримт уу гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, түүний өмгөөлөгч нар “Г.Р” ХХК болон “М.Т” ХХК-ийн хооронд байгуулсан Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авч өгөх тухай гэрээг хэрэгт хамаатуулах, яллах талын нотлох баримтаар тооцуулах гэж шинжлэн судалж, мэтгэлцдэг боловч шинжлэн судлах явцад энэ гэрээ нь хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон.

Мөн хохирогч З.Л нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Хорихын гарам нэртэй газарт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Х.Ш” ХХК-ийн нэр дээр ашигт малтмал хууль бусаар олборлож байгаад баригдсан үйл баримт, мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /1хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-7х/, “Х.Ш” ХХК-ийн ажилчдын мэдүүлэг, хамтран ажиллаж байсан байгууллагын удирдлагуудын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар, иш татан шинжлэн судалсан өмгөөлөгчийн саналыг хэрхэн няцаасан талаар дүгнээгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч С.Ч энэ шүүхуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Л энэ гэмт хэрэгтэй холбогдуулан цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч З.Л ба түүний өмгөөлөгч нар Байгаль орчин нөхөн сэргээхтэй холбоотой гарах зардал гэх 103.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Шүүхээс тодорхойлох хэсэгт “энэ нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн хэрнээ тогтоох хэсэгт энэ мөнгийг нэхэж болохоор агуулгатай тусгажээ. Шүүх хуралдааны явцад зөвхөн залилах гэмт хэрэгтэй холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байгааг шүүгч уншиж танилцуулсан ба Байгаль орчныг нөхөн сэргээх 103.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Ч хариуцах хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарласан юм. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт агуулгын хувьд нэмж тайлбар оруулахгүй бол цаашид С.Чын үйлдэлтэй шалтгаант холбоогүй мөнгөн төлбөрийг түүнээс нэхэмжлэх боломжтой гэх агуулгатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Н.Ганчимэг миний бие 2 удаагийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын зөрүүтэй байна гэж үзэхээр байна. Тэрээр өөрийн гаргасан давж заалдах гомдлыг танилцуулахдаа “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргаж байна” гэж тайлбарлаж байна. Тус хэрэг нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлбөрийг төлөх 10 минутын завсарлага авч, хохирол төлбөрийг төлж, улмаар тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзэн улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар санал хэлэхдээ энэ талаар хэлж байсан. Энэ асуудлыг дурдах нь зүйтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байр суурь, давж заалдах гомдолд дурдагдсан “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн агуулга, шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурь зэргийг тодорхойгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд хохирлыг ямар агуулгаар төлсөн эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Хэргийг шийдвэрлэх явцад орчуулагчийн асуудал гарч ирсэн. Иргэд хохирогч болон гэрчээр мэдүүлэг өгсөн асуудал байдаг учраас шүүхийн шатанд хохирогч болон гэрч нарыг байцуулж, оролцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын зүгээс “хуурамчаар үйлдэгдсэн гэх гэрээг надад өгсөн хүн нь С.Ч гэх хүн байна” гэж мэдүүлсэн. С.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирогч гэх хүнтэй 2-оос дээшгүй удаа уулзсан” гэх боловч удаа дараа уулзсан талаар мэдүүлгийг болон холбогдох гэрэл зургуудыг хохирогчийн зүгээс шинээр гаргаж өгсөн. Иймээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад С.Чын үгүйсгэж буй мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн нь шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон. Иймээс улсын яллагчийн зүгээс С.Чыг Бүгд найрамдах хятад улсын иргэнтэй хамтарч үйл ажиллагаа явуулахдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авч өгөхөөр тус ажилд зориулж авсан мөнгийг буцааж өгөх сэдэлгүйгээр авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн дүгнэсэн. Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ залилах гэмт хэргийн шинж болон гэрээнээс ялгагдсан шинж байдалд дүгнэлт хийж, С.Чын үйлдлүүд нь дурдсан баримтуудаар нотлогдож, тогтоогдож байх тул анхан шатны шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ хохирогчоор тогтоогдсон этгээдийн өөрт учирсан гэм хортой холбоотой асуудлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тухайн зүйлтэй холбоотойгоор хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс нутаг руугаа буцаж чадахгүй, Монгол Улсад хилийн хязгаарлалт тогтоосон асуудал, сэтгэл санаагаар хохирсон явдал гэх зэрэг агуулгаар нэхэмжлэлийнхээ агуулгыг тайлбарласан. Байгаль орчинд учирсан хохирлын хувьд “компанийн нэр дээр зөвшөөрөлгүйгээр буюу зөвшөөрөлтэй мэтээр итгэж Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт газар ухаж, олборлолт хийх гэж байсан бэлтгэл үе шатанд зогсоогдсон асуудал нь Монгол Улсын төрд хохирол учруулсан асуудал нь манай компанид хамааралгүй юм. Иймээс буруутай этгээдээс гаргуулъя” гэдэг саналыг хэлж, нэхэмжилсэн. Анхан шатны шүүх “С.Чад холбогдох залилах гэмт хэргийн хүрээнд энэ хэргийг шийдвэрлэнэ. Байгаль орчинд учирсан хохирол, түүнийг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй учраас нэхэмжлэлийг хангахгүй орхилоо” гэсэн дүгнэлтийг хийж, шийдвэрээ уншиж сонсгохдоо тайлбарласан. Иймээс энэ агуулгыг зөвөөр ойлгож, тайлбарлах хэрэгтэй. Хэрэв тухайн нутаг дэвсгэрт, төрд хохирол учирсан бол журмын дагуу тухайн нэгжийн прокурорын газраас, эсхүл компани, төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын асуудлыг иргэний журмаар жич нэхэмжилнэ. Энэ агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль зүйн дүгнэлт хийлгэх гэж буй шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.Ч нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авч өгнө
хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Бүгд найрамдах хятад ард улсын иргэн З.Л-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 05 цаг 14 минутад 141.643.06 юань буюу 50.449.008 төгрөгийг Голомт банкин дахь өөрийн нэр дээр бүртгэлтэй 3100002764 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан
үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч З.Л нь шүүгдэгч С.Чад мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

хохирогч З.Л-ын  “ ...2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний нөхрийн “М.Т” ХХК болон С.Чын “Г.Ф” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. ...Надтай хамааралтай 3 дахь ажлыг хийхийн тулд С.Ч нь “нэн тэргүүн мөнгө хэрэгтэй” гэж хэлсэн. Иймээс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би С.Чын Хас банкны дансанд нь 141.643.06 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 50.449.008 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг хүлээн авсны дараа С.Чтай уулзах бүрт “Би ажлаа бүтээж байгаа, удахгүй болно” гэх зэргээр хэлдэг байсан. Дээрх мөнгийг авсны хариуд С.Ч надад “Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Этай 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бичил уурхай олборлох гэрээг надад үзүүлсэн. С.Ч мөн гэрээнд тус сумын “Туул” гэх газарт шороон ордны алт олборлож болно, хугацаа нь 3 жил, одоо шууд ажлаа эхэлж болно” гэж хэлсэн. Тэрээр мөн хэлэхдээ “энэ гэрээг “Г.В” гэх компанитай хийсэн ба уг ажлыг хийхийн тулд компанийг шилжүүлнэ” гэж хэлсэн. Улмаар уг “Г.В” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн өгсөн. ...” /4хх 6-7/,

гэрч С.Э “...2017 оны зун 7 сард байхаа наадмын дараа манай сумын 3 дугаар баг Усан хошуу гэх газарт зөвшөөрөлгүй хөрс хуулалт хийсэн. Манай сумаас очиж шалгахад хятадууд нь ирээд ажиллаж байсан ба техникүүдийг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон. ...Гарын үсэг, тамга миний мөн боловч скайнардсан мэт харагдаж байна. Би Ч гэх хүнтэй ийм гэрээ байгуулаагүй. ... “Г.В” ХХК-тай 2017 онд “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулж, уг компани 50.000.000 төгрөгийн хандив суманд өгсөн. ...” /3хх 152-154/,

гэрч Л.А-ы “...2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр С.Чад 50.000.000 төгрөгийг бичил уурхайн зөвшөөрөл авах зорилгоор өгсөн. Ингэхдээ “би эхлээд өөрийнхөө “Г.В.Р" ХХК дээр бичил урхайн гэрээ байгуулчихаад компаниа чам руу шилжүүлнэ” гэж хэлээд компаниа манай эхнэр рүү шилжүүлж өгсөн ...” /4хх 20-23/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-4, 5-7, 8-11/, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /1хх 84-86/, “Г.А” ХХК-ийн  шинжээчийн дүгнэлт /1хх 214-217/, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ /2хх 209-212, 5хх 103-106/,  “Хас” банкны төлбөрийн баримт /2хх 213/, Эрх шилжүүлэх гэрээ /1хх 217/, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /2хх 218/, Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг /3хх 73/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5733 дугаартай, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 161-166, 6оо 14-22/, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 36-37, 38, 200-201, 202-206/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 76-93/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /7хх 127-137/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Ч нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Ч нь “ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авч өгнө” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Бүгд найрамдах хятад ард улсын иргэн З.Л-аас 141.643.06 юань буюу 50.449.008 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлай  “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгдэгчийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Чыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны хуулга, лавлагаа, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ч нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авч өгнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Бүгд найрамдах хятад ард улсын иргэнтэй хамтарч үйл ажиллагаа явуулахдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авч өгөхөөр тус ажилд зориулж авсан мөнгийг буцааж өгөх сэдэлгүйгээр авч залилж, хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч С.Чыг бусдыг залилж, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, ийнхүү зүйлчлэхдээ залилах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох, хорих ялын төрлөөс торгох ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 22.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 22.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хувийн байдал зэрэгт тус тус тохирсон гэж үзэв.

 

 Дээрхээс үзэхэд шүүгдэгч С.Ч нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын иргэнтэй хамтарч үйл ажиллагаа явуулахдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авч өгөхөөр тус ажилд зориулж авсан мөнгийг буцааж өгөх сэдэлгүйгээр авсан үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, С.Чын буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт зөвшөөрөлгүй хөлс хуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Байгал орчин, аялал жуучлалын яамнаас байгаль орчин нөхөн сэргээхтэй холбоотой зардлыг эрх бүхий албан тушаалтан гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ