| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09950/И |
| Дугаар | 191/шш2025/01058 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/шш2025/01058
2025 02 05 191/ШШ2025/01058
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** оршин суух, Л.Б*******/регистрийн дугаар:*******/
Д.Г*******/регистрийн дугаар: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б******* нь 1998 онд Д.Г*******той танилцаж 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Г.Б*******, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү Г.Ч*******, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.М*******, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү Г.Ч******* нарыг төрүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш өдийг хүртэл 6 жилийн хугацаанд тусдаа амьдарч байна. 4 хүүхэд эхийн асрамжид өсч байгаа.
Гэрлэлтийг цуцлуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхэд хандахад хариуцагчийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 777 тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэгүй болж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.14№101 /ШЗ2024/25567 захирамж гарсан.
Иймд Д.Г*******ийг эрэн сурвалжилж өгнө үү.
Г******* шүүхийн ажиллагаанаас санаатайгаар зайлсхийсэн, 2 удаа эвлэрүүлэн зуучлал, 2 удаа шүүхэд өгсөн. 2024 оны 10 сард хэрэгсэхгүй болгосон захирамж дээр Г*******ийн хаягаар яаж очиж ямар ажиллагаа хийгээд хэрэгсэхгүй болсон талаар байгаа. Энэ 777 тоотод оршин суудаггүй, бид нар 777 тооттой холбоотой ажиллагааг 2 жилийн хугацаанд хийлгээд хүүхдүүд нь эхнээсээ насанд хүрээд явж байгаа. Өмнө нь 2 удаа хэрэгсэхгүй болсон ч шүүгчийн туслахыг зөндөө гуйж залгуулаад, цагдаа дагуулж хаяг дээр нь очиж байсан, өөрөө зугтаагаад ирдэггүй. Хамгийн сүүлд 2024 оны 10 сард албадан ирүүлэх ажиллагааг 7 сар хийсэн. Энэ хаяг дээрээ байхгүй юм байна гээд хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан. 777 тоот хаяг дээр байдаг гээд үйлчлүүлэгч хэлээд бид нар эвлэрүүлэн зуучлалд өгөөд, шүүхэд хандсан. Тэгэхэд Д.Г******* нэг ч удаа ирээгүй, би наад хаяг дээр байдаггүй гэж туслахуудтай ярьдаг байсан, тэгээд хэрэгсэхгүй болсон. Тэрний дараа эрэн сурвалжилсан, миний бодлоор шүүхийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулаад яваад байдаг. Эхнэртэйгээ би салахгүй гээд байдаг, тэтгэлгийн асуудал яригдаж байгаа учраас ажиллагаанд саад учруулаад яваад байдаг. Өөрөө тодорхойлолт барьж ирээд тайлбар өгөөд байгаа боловч шүүх 2 удаа ажиллагаа хийгээд энэ хаяг дээрээ байхгүй гэдгийг тогтоосон. Тэгээд эрэн сурвалжлахаар энэ хаягаа цагдаад өгчихдөг, нэг сарын дараа би энэ хаяг дээр байхгүй гээд яваад байдаг. Тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин сууддаггүй, ажиллагаанд оролцох сонирхол огт байдаггүй. Энэ хаягаар нь 3 дахь удаагаа нэхэмжлэл өгөхөөр Баянзүрх дүүргийн шүүх энэ хаяг дээр байхгүй гээд татгалзсан учраас миний нэхэмжлэлийг авах эсэх нь эргэлзээтэй гэв.
Би шүүхэд дахиад нэхэмжлэл гаргая гэхээр шүүгчийн туслах надад танай наад эрэн сурвалжлуулах албан тоотын хугацаа нь хэтэрсэн байна, энэ хооронд хаягаа сольсон байх магадлалтай гэж хамгийн сүүлд хэрэгсэхгүй болгосон шүүгч хэлсэн. Одоо энэ хаяг дээрээ оршин суудаг гэж цагдаагийн газраас тодорхойлолт өгсөн ч хамаагүй, энэ хаягаар нь дахиж өгөөд ер нь эрэн сурвалжлуулахтай албан тооттой байхаар албадан авчруулах ажиллагаа хийлгэх үндэслэл бүрдэнэ. 777 тоотоор дахиж нэхэмжлэл өгөхөөр хаяг дээрээ байхгүй гээд бид нар албадан авчруулах ажиллагаа хийлгэх боломжгүй болно. Цагдаа ийм бичиг өгсөн байсан ч хариуцагчийг албадан авчрах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргана гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25567 дугаар захирамж зэргээс үзэхэд, Д.Г******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
3. Д.Г******* нь *** 777 тоот хаягт 1996 оноос хойш оршин сууж байгаа нь үнэн гэх Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2024.12.19№1239 дүгээр тодорхойлолт хэрэгт авагдсан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25567 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
4. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25567 дугаар захирамжийн Үндэслэх нь: хэсэгт ...Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, хуяглан хүргэх албадан ирүүлэх чиглэлийн хамгаалалтын цагдаа албан тушаалтай, дэд ахлагч Б.Бийн илтгэх хуудсыг үзвэл хариуцагч Д.Г******* оршин суудаг гэх Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 777 тоот хаягийг шалгахад Д.Ү гэж иргэн гарч ирээд хариуцагч Д.Г******* тус тоот хаягт байхгүй, ирээгүй удаж байна. 2024 оны 6 дугаар сараас хойш сураггүй, холбоогүй гэж тайлбар өгсөн, ...хорооны зохион байгуулагчаас тодруулахад бүртгэлтэй боловч оршин суудаггүйг тодорхойлсон, ...хариуцагчийн утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй, ...албадан ирүүлэх боломжгүй. хэмээн дүгнэсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Д.Г*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Улаан малгайт овогт Доржсамбуугийн Г*******/регистрийн дугаар: *******/-ийг эрэн эрэн сурвалжилсугай.
2. Д.Г*******ийг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА