| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/10357/И |
| Дугаар | 191/шш2025/01080 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/шш2025/01080
2025 02 06 191/ШШ2025/01080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** оршин суух, Л.Э******* /регистрийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Э*******, гэрч Б.Ц*******, Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж, 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газрын даргын 1988 оны 09 сарын 05-ны өдрийн 295 тоот тушаалаар дулааны шугам сүлжээ барилга угсралтын конторт яндан хоолойн слесариар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 45 тоот тушаалаар шилжүүлэн яндан хоолойн угсрагчаар ажилласан. 1992 оны 1 сарын 8-ны өдөр Засгийн газрын өмч хувьчлалын комиссын тогтоол 3-аар Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газар нь Нийгэм ахуйн барилга Сан компани болж нэрээ өөрчилсөн. Тухайн компанид яндан хоолойг угсрагчаар үргэлжлүүлэн ажилллаж байгаад 1993 оны 09 сарын 30-ны өдөр Ц.П******* захирлын 54 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд 1988 оны 9 сарын 5-ны өдрөөс 1993 оны 9 сарын 3-ны өдрийг хүртэлх 2 жилийн ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Л.Э*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
4. Хүсэлт гаргагч Л.Э******* нь 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл хугацаанд Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газар яндан хоолойн слесарь, 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Нийгэм ахуйн барилгын Сан ХК-д тус тус яндан хоолойн слесариар тус тус ажиллаж байсан нь Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газрын даргын 1988 оны 09 сарын 05-ны өдрийн 295 тоот тушаал, Сан компанйн 1993 оны 09 сарын 30-ны өдрийн 54 тоот тушаал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Б.Ц*******, Г.Б******* нарын тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Л.Э*******/регистрийн дугаар:*******/-ыг 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл хугацаанд Нийтийн аж ахуйн техник туслалцааны барилга угсралтын ерөнхий газар яндан хоолойн слесарь, 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Нийгэм ахуйн барилгын Сан ХК-д яндан хоолойн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА