Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00052

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох 1832000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах,  *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхтунгалагийн Б. /РД: */

 

           Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-21 тоотод байрлах гэрийнхээ гадна гудамжинд хохирогч С.Утой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бгийн өгсөн…. ...  2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай охин Урангоо уйлаад үс нь сэгсийчихсэн хувцас нь шороо болчихсон орж ирээд ээж та яагаад намайг тосоогүй юм Эрхсаран намайг зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би гүйж гараад Эрхсаранг явж байхаар нь яагаад чи хүүхэд зодож байгаа юм гээд хоёр гар луу нь алгадсан. Тэгээд гэртээ байж байтал удалгүй Эрхсарангийн ээж нь Эрхсаранг дагуулаад манай гадаа ирээд дуудсан. Би гарч очоод уулзахад намайг хүүхэд зодлоо гэхээр нь би түүнд танай хүүхэд чинь манай хүүхдийг зодсон байна гэж хэлэхэд надтай хэрэлдсэн. Тэгээд Эрхсарангийн ээж нь миний үснэс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд би замын чулуунд бүдэрч унахдаа Эрхсарангийн ээж Уын үснээс нь зулгаасан чигээр унасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......2018 оны 03 дугаар сарын 20-нд орой 18 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай том охин болох 3-р ангийн 9 настай У.Эрхсаран гаднаас уйлчихсан орж ирсэн. Юу болсон талаар асуухад манай ангийн Урангоогийн ээж нь намайг 2 удаа алгадлаа гэж надад хэлсэн. Юунаас болж алгадаж байгаа юм гэхэд Урангоо намайг сургууль дээр байхад шатны уруу түлхсэн. Мангар юм уу намайг унагаалаа ш дээ гээд нуруу руу цохьчихсон юм. Тэгсэн чинь ээждээ хэлээд ээж нь намайг алгадсан гэсэн. Тэгэхээр нь би охиноо дагуулаад Урангоогийн гэрт очоод хашааны хаалгыг нь нүдсэн чинь Урангоогийн аав нь гарч ирсэн. Эхнэр хүүхдээ дуудаад гаргаад ир гэсэн чинь намайг гэрт ороод уулз гээд байхаар нь би айлд ормооргүй байна зүгээр эхнэр хүүхдээ дуудаад гаргаад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр нь эргэж гэртээ ороод удалгүй Урангоо ээжтэйгээ гарч ирсэн. Тэгэхээр нь би Урангоогийн ээжид чи одоо хүний хүүхдийг зоддог хэн юм, би өөрийнхөө хүүхдээ зодох битгий хэл загнаж үзээгүй гээд бид хэсэг хэрэлдсэн. Тэгэхэд намайг эцэггүй олон шээс гаргасан гэж хэл амаар доромжлоод байхаар нь би түлхээд бид 2 барилцаж авсан. Тэгэхдээ би Урангоогийн ээж буюу Бг нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгээд бид бие биенийхээ үснээс үсдэлцээд гудамжинд газар унасан. Энэ үед цаанаас Бгийн нөхөр нь гарч ирээд салгах гэсэн. Тэгэхээр нь би чи муу намайг зоддог хэн бэ, намайг өмгөөлж хамгаалах хүн байдаг шүү гэж орилоод хүүхэддээ хүн дууд гэж хэлсэн. Манай охин цааш гүйхэд Үтрэмийн 20 тоотоос манай нэг хуурай дүү гарч ирээд бид нарыг салгасан гэх мэдүүлэг /Хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч А.ГОы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......2018 оны 03 дугаар сарын 20-ны 18 цагийн орчим намайг гэртээ байж байхад гадаа хүмүүс хашгираад байсан. Энэ үед гаднаас манай гэрт Уын 8 настай Саркана гэх охин уйлчихсан орж ирээд гадаа манай ээжийг хүн зодоод байна гэхээр нь би гүйгээд хашааны гадаа гартал манай зэргэлдээ Үтрэмийн 21 тоот айлын хашааны гадаа У нэг хүүхэнтэй зууралдаж үсдэлцсэн байдалтай зогсож байсан. Тэр 2-ыг үсдэлцээд зууралдаж байхыг манай дүү Ганцэцэг хараад салгасан байсан. Харин намайг очиход тэр 2 аль хэдийн салчихсан үсээ боож байсан. Энэ тэд нарын хажууд байсан Утой зууралдаж үсдэлцсэн хүүхний нөхөр бололтой халамцуу залуу амандаа пизда гээд элдэв юм үглээд байсан. Тэгэхээр нь тэд нарт хандаж та нар ингэж болохгүй ш дээ зүгээр учраа олчихгүй гэж хэлээд Уын охин Сарканаг миний дүү манайх руу ороод утас аваад ир гэж хэлж гүйлгэж утсаа авахуулаад цагдаа руу залгасан гэх мэлүүлэг /Хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.Цоын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......2018 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай том охин 9 настай Ц.Урангоо гаднаас үс нь сэгсийчихсэн уйлчихсан манай ангийн хүүхэд намайг зодлоо гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь манай эхнэр хэн зодсон гээд асуусан чинь манай ангийн хүүхэд намайг зодсон, гадаа байна гэхээр нь эхнэр гэрээс гүйж гараад явснаа удалгүй 2 алгадчихаад ирлээ гэсээр орж ирсэн. Тэгэхэд нь би хүний хүүхэд алгадаад яадаг юм ээж аав нь ирвэл юу гэх юм гээд байж байтал удалгүй 15 орчим минутын дараа нөгөө алгадуулсан охины ээж хүүхдээ дагуулчихсан манай хашааны хаалгыг нүдээд байсан. Тэгээд намайг очоод хаалга тайлсан чинь эхнэрээ дуудаад ир яахаараа манай хүүхдийг зоддог юм гээд нөгөө хүүхэн хашгираад байсан.Тэгэхээр нь би гэрт ороод уулз гэсэн чинь би айлд орж хэрүүл хийхгүй гээд байсан. Би буцаж ороод эхнэрээ дуудаж байна гээд хэлсэн чинь манай эхнэр гараад явсан. Намайг гэртээ хоолоо хийгээд сууж байтал манай дунд охин Нарангоо цонхон дээр гарчихсанааваа ээж гадаа зодолдоод байна гэхээр нь би гүйж гарсан. Намайг хашаанаас гарсан чинь манай эхнэр нөгөө хүүхэнтэй гудамжинд зам дээр дээр доороо ороод үснээсээ зулгаачихсан газар хэвтэж байсан. Би очиж салгасан чинь тэр хүүхэн улайм цайм дайраад эхнэр бид 2-луу цамнаж дайраад та нар шиг муусайн юмнуудыг ална гээд орилж хашгираад дайраад байхаар нь би цагдаа дууд гэж тэр хүүхэнд хэлсэн. Нөгөө хүүхэн орилж хашгирсаар манай ар талын айлруу орохоор явсан. Тэгээд эхнэр бид 2 гэртээ орж ирээд байж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 52 ...... Дүгнэлт:

1.Уын биед зүүн гарын бугалга, зүүн хөлийн өвдөгний үений  дотор хэсэгт цус хуралт, баруун, зүүн өвдөгний үений доод хэсэгт зулгаралт, хуйханд үс халцарсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 10 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/

Э.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 38 дугаар хуудас/

Э.Б нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 37 дугаар хуудас/

Хохирогч С.Уын Э.Бгаас хохирлын мөнгө болох 500000 төгрөгийг авсан тул гомдолгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт /Хх-н 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-21 тоотод байрлах гэрийнхээ гадна гудамжинд хохирогч С.Утой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Э.Бгийн хохирогч С.Уыг цохиж зодсон үйлдэл нь хүүхэд зодлоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч С.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч С.Уын толгойн үс гэх шар өнгийн гялгар ууттай хэсэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Энхтунгалагийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч С.Уын толгойн үс гэх шар өнгийн гялгар ууттай хэсэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН