Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/748

 

 

 

 

      2024           06            27                                          2024/ДШМ/748

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч Б.Уын өмгөөлөгч О.Баяраа,  

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч К.Манлай,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Түмэннаст, Э.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.У, түүний өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бд холбогдох 2206034202700 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн эхнэр К.Мг найз Б.Утай хардаж
2022 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 09 минутад ********** *********** ************* *********** ************** Б.Уын гэрт
очиж, Б.Уыг хаалга онгойлгож өгөх үед өөрийн авч очсон хутгаар түүний
цээжин тус газар нь хутгалж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Быг “Хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бын урьд энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гэм хэргийн улмаас учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 8.594.600 төгрөг, хохирогч Б.Ут 33.500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Ут нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл санааны болон бусад хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардал, хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн балимтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Б.У давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд энэ хэргээс болж эрүүл мэнд, ажил төрлийн хувьд маш их хохирсон. Би ямар эмнэлэг, эмч сонгон үйлчлүүлэх нь надад хуулиар олгогдсон эрхтэй байхад шүүх “заавал Энэтхэг явж эмчлүүлэх шаардлагагүй” гэж дүгнэн миний Энэтхэг явж эмчлүүлсэн бодит зардалыг иргэний журмаар нэхэмжил гээд үлдээсэн. Энэтхэг улсад эмчлүүлсэн зардалаас үлдэгдэл 33.757.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хүнд хэцүү хугацаанд ээж маань сэтгэл санааны хүнд байдалд орж бие нь муудсаар элэг устаж нас барсан. /2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр/ Хүний амьнаас илүү гарз хохирол гэж байхгүй билээ. Иймд хуулийн дагуу сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.

Мөн алдагдсан хугацаанд ажил төрөлтэй холбоотой хохирол, алданга зэргийг хуулийн хүрээнд зөвшөөрөгдөх дүнгээр иргэний журмаар нэхэжлэх болно.

Анхан шатны шүүхээс Ц.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохироогүй, хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “…Миний бие гэнэтийн цочролд орсондоо найзынхаа цээжинд 1 удаа хутгалсан. Өөрийн энэ болчимгүй үйлдэл хийсний дараа эхнэрээрээ түргэн тусламж дуудуулж, эмч ирснээс хойш түүнийг дамнуурган дээр хэвтүүлж 9 давхараас явган хүний шатаар цагдаагийн албан хаагчийн хамт буулган, хохирогчийн амь насанд учирч болох эрсдлийг бууруулан иргэний үүргээ биелүүлсэн. Миний хийсэн энэ алдаанаас болж ойр дотны хүмүүс, гэр бүл минь хүнд байдалд орж, тэднийгээ өнчрүүлж үлдээсэндээ харамсаж сууна.

Би 80 гарсан настай ээжийгээ асарч, халамжилдаг ба 4 нас, 3 настай 2 хүүхэдтэй. Том хүү маань төрөхдөө эмчийн хайхрамжгүй үйлдлээс болж төрөхийн тархины саажилт, мэнэнгит өвчтэй болж эмчийн хяналтанд байдаг. Гэмт хэрэгт холбогдож, нийгмээс тусгаарлагдсанаар ар гэр, ойр дотны хүмүүст олон бэрхшээл тулгараад байна.

Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний эрүүл мэндэд тусгайлан санаа тавьж, өөрт байгаа бүх боломжоор хохирлыг барагдуулж, гэм буруугаа ойлгож, ухаарсан.

Би нийгэмд өөрийн байр суурьтай, эрэлтэд ажил, мэргэжилтэй ба гэр бүлийнхээ цор ганц асран хамгаалагч нь юм. Иймд дээрх байдлуудыг минь харгалзан надад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж өгнө үү. …” гэжээ.

Хохирогч Б.Уын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “найман жилээс арван тав” жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд тухайн гэмт хэргийн завдсан үйлдэлд ялын дээд хэмжээг “дээд хэмжээний гуравны хоёр”-оос хэтрүүлэхгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанаас дээш хорих ял оногдуулахаар байхаар байхад түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногуулсан Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэв шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулсан бол энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурьдаагүй, үндэслэлээ тайлбарлаагүй, ойлгомжгүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн зүгээс санаа сэтгэл хүчтэй цочирч гэмт хэрэг үйлдсэн, түүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж хөнгөрүүлэн зүйлчлүүлэхээр шүүхийн хэлэлцүүлэгт маргасан бөгөөд шүүх Ц.Б болон түүний гэр бүлийн гишүүн ойр дотно хүн нь бусдад хүчээр дарлагдсан, доромжлогдсон, хүчирхийлэл, заналхийлалд өртсөн бусдын хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч бусдын амь насыг хохироох аюултай үилдэл хийсэн болох нь тоггоогдоогүй гэж, мөн цаашид дүгнэхдээ “тухайн хоёр хүнийг хардаж тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хиихийн тулд хутга авч гэрт нь очиж уурын мунхагаар асуудалд хандсан гэж тус тус дүгнэжээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай мэтээр хандаж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгг авагдсан мэдүүлэг, баримтуудаар тодорхой харагдана. Шүүх нь дээрх дүгнэлтээс эрс зөрүүтэйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид үндэслэлгүйгээр оногдуулах ялыг илтэд хөнгөрүүлсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэх нөхцал байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг ойлгохоос бусдыг хувийн харилцаанаас үүдэлтэйгээр хардалтын улмаас бусдыг санаатайгаар алахыг завдсан үйлдлийг хамааруулж ойлгохгүй гэж үзэж байна.

Ц.Б нь хохирогч Б.Уын цээжин тус газар хутгалсан нь баримтаар
тогтоогдсон үйлдэлдээ маргадаггүй боловч хутгыг хохирогч Б.Уыг алах санаа зорилготой авч явсан, тэр үйлдлээ төгсгөсөн нь баримтаар тогтоогдсон байсан мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан байхад ч маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байх ба хохирогчийг сэхээний тасагт байхад л хэдэн төгрөгийн тусламж үзүүлсэн бусад үед ямар ч тусламж үзүүлсэнгүй, хүний урманд бие нь яаж байна гэж асууж ч байсангүй, шүүхийн шатанд 13.000.000 төгрөг өгсөн болно. Хохирогч Б.У нь сайн эмч нарын хүчинд цаг алдалгүй мэс засал, эмчилгээнүүдийг хийснээр амьд гарсан, энэ хүний амь нас маш эрсдэлтэй, хүнд байсан.

Анхан шатны шүүхээс Ц.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохироогүй, хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй байна. Иймд хэргийг хянан үзэж шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон түүний өмгөөлөгч нар сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлыг нэхэмжлэхээсээ татгалзаж, иргэний журмаар нэхэмжилнэ гэж байна. Анхан шатны шүүх Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой асуудлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ талаар бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид тус гэмт хэрэгтэй холбоотойгоор хохирогч Б.Уын бие, эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд бид төлж, хохирлыг барагдуулна гэдгээ шүүх бүрэлдэхүүнд илэрхийлж байна. Мөн хохирогчид энэ талаар илэрхийлсэн. Хохирогч давж заалдах гомдолдоо “нийт 33.757.000 нэхэмжилж байна” гэсэн боловч хохирогчийн өмгөөлөгч 28.757.792 төгрөг болгон буруулж илэрхийллээ. Энэ мөнгөн дүнг хохирогч болон түүний өмгөөлөгч нарын хэн аль нь давж заалдах гомдолдоо дурдсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг зөв тооцсон. Энэ хохирлыг шүүгдэгч Ц.Б завсарлага авч төлсөн. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн ярьж буй 28.757.792 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдохгүй байх тул тус хохирлын хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хэрхэн ял оногдуулах эсэх асуудал нь шүүгчийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Мөн хохирогч ялын санал хэлээгүй атлаа ял багадсан гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Хохирогч хохирол төлбөрт автомашин авсан. Тэрээр анхан шатны шүүхэд “хохирол төлбөр авсан, гомдол, саналгүй” гэж мэдүүлж байсан. Иймд хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь “гэм буруутай эсэхдээ маргахгүй, хохирол, төлбөр төлсөн, ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн асуудал, хэргийн зүйлчлэлийн асуудал зэрэгт маргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн хугацаанд удааширсан. Маргасан үндэслэл нь “сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн, түүнээс биш санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй” гэж байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэний дараа ч гэмт хэргийн зүйлчлэлд маргаж, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэлд маргахгүй байхыг ойлгоно. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугийн асуудалд маргаж байсан тул прокурорын зүгээс анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлагын санал танилцуулахдаа 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай санал гаргасан. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Ц.Бын “ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч Б.У нь сэтгэл санааны хохирлыг хамтад нь нэхэмжилсэн давж заалдах гомдол гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гээд сэтгэл санааны хохиролтой холбоотой дүгнэлт гаргуулаагүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “үүнтэй холбоотой асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин прокурорын зүгээс хэрэгт шүүгдэгчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан, Энэтхэг улсад эмчлүүлсэн тухай баримт хангалттай авагдсан гэж үзэж, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, анхан шатны шүүх хуралдаанд төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах байр суурьтай оролцсон. Энэ саналаа дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын хохирол, хор уршигтай холбоотой хэсэгт хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчөөс нэхэмжилсэн 28.757.792 төгрөгийг шүүгдэгч Ц.Баас гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зардлыг анхан шатны шүүх хэлэлцэхгүйгээр орхисон. Үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй тул энэ талаар баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн эхнэр К.Мг найз Б.Утай хардаж
2022 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 09 минутад Баянзүрх дүүргийн 26
дугаар хороо, Энканто хотхоны 305 дугаар байрны 65 тоот Б.Уын гэрт
очиж, Б.Уыг хаалга онгойлгож өгөх үед өөрийн авч очсон хутгаар түүний
цээжин тус газар нь хутгалж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Уын “...Намайг найз нь учраас “хэлж ойлгуулаад өгөөч” гэсэн
зүйл яриад сууж байсан чинь хаалга тогшихоор нь онгойлгосон чинь Б
шууд цээжинд нэг удаа хутгалсан чинь би сонин болж орцонд хана налаад унасан
чинь цээжнээс цус гарч байсан. Тэгээд гэрийн хаалга онгорхой байсан учраас
Б цаашаа явж ороод “чамаас болж би найзыгаа ингэчихлээ, гичий минь” гэж
эхнэртэйгээ хэрэлдэж байхыг сонссон. Тэгээд би утсаараа М “ах нь хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...Ц.Быг орж ирэхэд К.М хувцастайгаа буйдан дээр сууж байсан, би гэртээ байсан шорт, пудволктай
хаалга тайлсан чинь үгийн зөрүүгүй хутгалчхаад цаашаа яваад орсон. ...” /1хх 20-21/, ы

гэрч К.Мгийн “...У бид хоёр пиво уугаад байж байтал манай нөхөр над руу залгахаар нь би утсаа авахгүй байсан. Гэтэл У руу манай нөхөр залгахад “хүрээд ир” гэж У хэлж байсан. Энэ үед жолооч нь гарч явсан байсан. Удалгүй манай нөхөр Угийн
гэрийн хаалгыг тогшиж У хаалгаа онгойлгоход манай нөхөр “та хоёр юу хийж
байгаа юм” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед манай нөхөр
ширээн дээрээс миний ууж байсан пиво авч над руу цацсан, би доош хараад сууж
байтал манай нөхөр “цагдаа эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Би У дээр очоод
хартал цээжин хэсэгт хутгалуулсан цус гарсан байдалтай байхаар нь би эмнэлэг
болон цагдаа дуудсан. Манай нөхөр хардсаны улмаас түүнтэй маргалдаж эхэлсэн.
...Үүдний хэсэг хаалттай байсан учир би сайн хараагүй, удаан маргалдаагүй нэг мэдэхэд л манай нөхөр “эмнэлэг цагдаа дуудаарай” гэж байсан. Ямар хутга хаанаас яаж аваад түүнийг хутгалсан талаар би мэдэхгүй байна. ...” гэх /1хх 71-72/,

гэрч Э.М “...Сансар орчихоод байрных нь гадаа машин дотор сууж байсан чинь 1 цаг орчим болсон байх, У ах 07 цаг 11 минутад залгаж “хутга шаалгачихлаа, хурдлаарай” гэж хэлсэн чинь цаана нь хүмүүс хэрэлдээд байсан тул шууд 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. ... У ах гэрийнхээ босгыг тэгнэсэн байдалтай, цээжин хэсэг нь хаалганы гадна, хөл хэсэг нь гэр дотроо орсон байдалтай ойр орчимд нь цус болсон байсан. ...” /1хх 74-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Уын биед цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушгины дээд дэлбэн, баруун уушгины уг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун уушгины бүрэн уналт, цээжнчй баруун хөндийд хий, шингэн хуралт, цус алдалтын шок 3-р зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9197 дугаартай /1хх 32-33/ дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, дуудлага лавлагааны хуудас /1хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 155, 2хх 74-75/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 125-128/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 129-134/, хутга харьцуулж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 135-139/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.У болон түүний өмгөөлөгч О.Баяраа нар “...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Мөн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэсэн шүүгдэгч Ц.Б “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн

Шүүгдэгч Ц.Баас “хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, эсхүл хүндрүүлж шийдвэрлэхгүй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх талаар хуульд заагдаагүй байх тул хоохирогч болон түүний өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.У нь Энэтхэг улсад эмчилгээ хийлгэсэн талаар баримтыг хавсаргаж өгсөн бөгөөд уг Энэтхэг улсад “тархины хавдар”-ийн эмчилгээ хийлгэсэн байх тул хохирогчийн зүгээс тус хэрэгт хамааралтай баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Түүнчлэн, хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хохирол төлбөрийг барагдуулаагүй зэргийг харгалзан, түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй, түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Быг хүнийг алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааасан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, ийнхүү зүйлчлэхдээ залилах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.У, түүний өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/322 дугаартай шийтгэх тогтоолыг заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.У, түүний өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ