| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 140/2016/00154/и |
| Дугаар | 001/ХТ2016/01394 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2016/01394
Л.Санжаажамцын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 254 дүгээр шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлал,
Нэхэмжлэгч : Л.Санжаажамц,
Хариуцагч : Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургууль,
Нэхэмжлэлийн шаардлага: Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажил үүрэг гүйцэтгэдэг. 2016.3.23-ны өдөр захирал хууль бус тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас халсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байгаагүй, ажлын байрны зорилго, зорилтоо хангалттай биелүүлж ирсэн. Гэтэл 20 хувь цалин бууруулах арга хэмжээ авсан байна. Энэ тушаалыг би зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Л.Санжаажамц нь ажлын өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа ууж байсан нь тогтоогдоно. 2015.10.05-нд Д.Санжаажамц, М.Батмөнх, Д.Ренчин-Очир нар архи ууж ажил тасалсан учир 2015-10-06 ны өдөр өөрсдөд нь амаар сануулга өгсөн. 2015.10.16-нд Улиастайд анги удирдсан багш нар, нийгмийн ажилтны семинарт багш нарын хамт Их-Уул сумын машинд сууж Улиастай орох замдаа мөн л архи уусан согтуу явсан. Улиастайд 2015-10-17 ны өдрийн сургалтандаа архи уугаад суугаагүй, тэр орой 1910 цагийн үед Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Нарангэрэл багш манай нийгмийн ажилтан сургалтад суугаагүй гэж утсаар хэлсэн. 2015.11.24-нд Санжаажамц Батмөнх Түвшинбаяр нар ажлын өдөр ажлын цагаар архи ууж байхад нь эмнэлгийн арын хашаанаас би өөрөө очиж авчирсан. 2015.10.30-нд аймгийн хэмжээний Нийгмийн ажилтны илтгэлийн уралдаан болон хүүхдийнQ байгууллагын ойн арга хэмжээнд оролцоогүй тул Батмөнх, Л.Санжаажамц нарт сахилгын шийтгэл ногдуулсан. 2015.12.26-нд М.Батмөнх, Л.Санжаажамц нар багшийн хөгжлийн танхимд архи ууж байгаад Л.Санжаажамц нь Батмөнхийн толгойг сандлаар цохиж зөрчил гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 28,29-ны өдөр Л.Санжаажамц ажил тасалсан. 2015.12.30-нд сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд сумын тэргүүний хүүхдийн тодорхойлолтыг өгөөгүй байсан тул асуудлыг тодруулахад бас л архи уугаад өгч чадаагүй байсан. Дээрх ёс зүйгүй, ажил тасалж, архи ууж байгаа үйлдлүүдийг сумын Засаг дарга мэдэж байсан ба энэ хүн дээр арга хэмжээ аваад хариу мэдэгд гэсэн. Эдгээрт нь цалинг нь 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2016.01.11-нд Л.Санжаажамц, М.Батмөнх нар нь ажлын байран дээр архи уусан. 2016.01.26-нд бүрэн дунд сургуулийн хамт олны хурлаар Л.Санжаажамцад анхааруулга өгч итгэл хүлээлгэн үргэлжлүүлэн ажиллуулсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 1,2,3,4,7 өдрүүдэд 5 хоног ажилдаа ирээгүй, архи ууж, 2016.03.08-ны орой архины хордлогонд ороод эмч дуудаж үзүүлэн, 2016.03.09-ний өдрөөс 03-р сарын 11-ний өдөр хүртэл акт авч ирж өгсөн. Боловсрол соёлын газраас нийгмийн ажилтантай ярих гэсэн боловч архи уугаад ажилдаа ирээгүй 3 хоног ажлаа тасалсан гэж мэдэгдэж, 2016.03.23-нд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Бүрэн дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг Подиум компаниас 2013.10.24-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2014.04.04-ны өдөр 04/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 23.342.948 төгрөгийн хувцас авсан боловч одоогийн байдлаар 17.071.158 төгрөг төлөгдөөгүй байна. Сурагчдын ноосон майк авсан 1.571.410 төгрөгний үлдэгдэлтэй байгаа гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 254 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Санжаажамцын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулах, Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлал гаргаж, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт...Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын Б/33 дугаар тушаалаар авагдсан зөрчлүүд байх бөгөөд 2015.12.30-ны өдрөөс хойш яг ямар зөрчлийг хэдэн сарын хэдний өдөр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь: Л.Санжаажамцын зөрчил гэх 2015 оны 11 сараас өмнөх үйлдэлд 2015.11.25-ны өдрийн Б/29 тушаалаар, үүнээс хойшхи 2015.12.26-нд Ажлын байранд архи уусан гэх, 2015.12.30-нд шилдэг хүүхдийн материал өгөөгүй гэх бүх үйлдэл, эс үйлдэхүйг ажил олгогч олж мэдэж 2015.12.30-нд арга хэмжээ авсныг хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өөрийнх нь тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт...Ийнхүү 2015.12.30-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулснаас хойш Л.Санжаажамц нь ажлын байран дээр архи уусан зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, дээрх тайлбарыг баталж мэдүүлсэн гэрч Н. Мөнхжаргалын "Л. Санжаажамц ер нь дуртай үедээ ажлаа тасалдаг ш дээ. Ажлаа тасалж сүүлдээ эмчилгээнд явсан бие нь өвдсөн болоод л дуусдаг юм...гэсэн мэдүүлгээр нотлогдож байна... гэж хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гол нотлох баримт болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.Учир нь Н.Мөнхжаргал гэрчийн мэдүүлэг нь ерөнхий бөгөөд гаргасан зөрчлийн цаг хугацаа огноог заагаагүй. Энэ хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, ажил олгогч сахилгын зөрчлийг мэдсэн буюу илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл хүлээлгэх хуулийн шаардлагыг хангах юм. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь 2015.12.30-ны өдрөөс өмнөх үйлдлүүд байх бөгөөд энэ зөрчлүүдэд зохих сахилгын арга хэмжээ авсан. Л.Санжаажамц нь 2015.12.30-наас хойш хаана (ажлын байранд дээр эсэх), хэдийд, (ажлын цагаар эсэх) хэнтэй, (хамт ажиллагсадтайгаа эсэх), хэчнээн удаа (дахин давтан эсэх) архи уусан гэдгийг нотолж чадаагүй.Үндэслэх хэсэгт гэрч Н.Мөнхжаргал нь Л.Санжаажамцыг ажил тасалдаг талаар мэдүүлдэг.Мөн Л.Санжаажамцын согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг хэдийд (хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр) ажил олгогч мэдсэн нь тодорхойгүй байна. Ажил олгогч нь зөрчлийг илрүүлж мэдсэн хугацааг Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн 2016.01.26-ний өдрийн хурлын тэмдэглэлээр мэдсэн гэж үзэхээр бол үүнээс хойш 1 сарын дотор буюу 2016.02.26-ны дотор архиуусан, хэрэглэсэн асуудалд нь сахилгын шийтгэл ногдуулахболомжтой.Энэ хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-г зөрчсөн гэж үзэж байна.Мөн хэрэгт ач холбогдол бүхий 2016.3.23-ны өдрийн тушаалын агуулгад Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлын байрандээр ажлын цагаар удаа дараа архи ууж, сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго, зорилтоо удаа дараа ноцтой зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул ... гэж тусгасан бөгөөд ажил тасалсан гэх эс үйлдэхүйг тушаалд тухайлан заагаагүй,хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараар Л.Санжаажамцын ажлаас халах болсон шалтгааныг 2016 оны3 сард ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа нь гаргасан тушаалын агуулга, шүүхэд гаргаж өгсөн тайлбар 2 зөрч байна. 2016 оны 3 сард ажил тасалсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Мөн 2016.01.26-ны өдрийн хурлаар архи уудаг асуудлыг хэлэлцсэн уг хурлыг захирал удирдсан болох нь хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд ажил олгогч сахилгын зөрчлийг мэдсэн гэж үзнэ. Архи уусан гэх зөрчлийг ажил олгогч буюу захирал 2016.01.26-ны өдөр мэдсэнээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой. 2016.01.26-наас хойш архи уусан тухайнотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.3-т заасныг хариуцагч биелүүлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2015.12.30-ны өдрийн Б/33 тушаалд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь ажил олгогч гаргасан тушаалаа хэдийд : танилцуулсан нь тодорхойгүй, танилцуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй нэхэмжлэгчийн тайлбараар манай сургууль цалингаа сарын сүүлээр 25-иар тавьдаг, тэгэхэд мэдсэн гэдэг нь 2016.01.25-нд эсвэл түүнээс хойш мэдсэн, мэдэх боломжтой байна. Тиймээс 2016.4.25-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна. Магадлалын үндэслэх хэсгийн 5 дугаар догол мөрөнд мөн л 2015.12.30-наас өмнө гаргасан зөрчил болон сахилгын шийтгэл авагдсан, ажил олгогч нь мэдсэн үеийн нотлох баримтыг үндэслэсэн байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-т заасныг зөрчсөн дүгнэлт хийсэн байх юм. Магадлалын үндэслэх хэсгийн 6 дугаар догол мөрөнд ...ажлын байрны зорилго, зорилтоо умартан удаа дараа зөрчил гаргаж, албан үүргээ биелүүлдэггүй байсан болох нь ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ямар ажлыг хэзээ даалгаж, хэзээнээс биелүүлж эхлээгүй, үүнийг ажил олгогч хэзээ мэдсэн гэх мэт хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй байгаа юм. Мөн магадлалын үндэслэх хэсгийн 7 дугаар догол мөрөнд ...ноцтой зөрчилд тооцогдохоор байжээ гэсэн нь сахилгын ноцтой зөрчил ч бай, энгийн зөрчил ч бай мөн л сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, мэдсэн буюу илрүүлснээс хойш 1 сарын хөөн хэлэлцэх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулна гэснийг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь 2016.02.23-наас өмнө илрүүлсэн зөрчилд 2016.3.23-нд сахилгын арга хэмжээ авах боломжгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтанд тулгуурласан хууль зүйн дүгнэлт өгсөнгүй.Сахилгын давтан зөрчил бол сүүлийн зөрчил хэзээ гаргасан хэрэгт ач холбогдолтой, ноцтой зөрчил гаргасан бол тухай зөрчлийг хэзээ гаргасан нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд тухай зөрчлийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байх хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Л.Санжаажамц нь ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, зохих татвар шимтгэлийг хуульд заасны дагуу суутгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг баримтлан Л.Санжаажамцын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 30 -ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын талаар :
Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б/29 дугаар тушаал гаргаж “...ажлын цагаар болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэж... ёс зүйгүй хандсан...” гэж нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл /хх 21/ ногдуулсан байна.
Түүнчлэн, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б/33 дугаар тушаал гаргаж “...ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, ажлын байран дээр танхайрч, ёс зүйгүй хандсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан /хх 7, 22/ бөгөөд уг тушаалыг Л.Санжаажамц хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн нэг шаардлага болгожээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 6, 17-ны өдөр архи ууж, ажил тасалсан учир 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б/29 дүгээр тушаалаар сануулах арга хэмжээ /хх 24/ авагдсан нь, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуу үедээ ажлын байранд бусдыг зодсон тул ажил олгогч 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б/33 ны өдөр тушаал гаргаж цалингийн 20 хувийг суутгах сахилгын шийтгэл ногдуулсан /хх 24/ нь тус тус тогтоогдсон байх тул нэг зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.3-г зөрчөөгүй гэж үзлээ.
2. Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар :
Ажил олгогч 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б/03 дугаартай тушаал гаргаж, “...ажлын байр дээр ажлын цагаар удаа дараа архи ууж сахилгын зөрчлийг давтан гаргаж ажлын байрны зорилго зорилтоо удаа дараа ноцтой зөрчсөн...” гэсэн үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 10.9, 10, 11, 4, Хөдөлмөрийн гэрээний 2-р бүлгийн в, г, ё-ийн 1-5, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 41-р тушаалыг баримтлан нэхэмжлэгчийг нийгмийн ажилтны ажлаас чөлөөлжээ. /хх 6/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2-ын в, г, ё-н 1-5-ийн зохицуулалтаас үзвэл “...ажлын хариуцлага алдсан тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх... багшийн ёс зүйг хангаж ажиллах...” талаар заасан бөгөөд “...ажлын цагаар архи уух, хариуцлага алдах, ажлыг шалтгаангүй 5 хоног тасалсан, ажлын байрыг 5 удаа орхиж явсан...-г ноцтой зөрчилд тооцох...”-р зохицуулжээ.
Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-131.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 254 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ