Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0094

 

“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын өмгөөлөгч Ц.Ж гаргасан давж заалдах гомдлоор, “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг дарга, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2.2, 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 53 дугаар зүйлийн 53.2, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэлийн “багц-1-д “Ш х” ХХК-ийн тендер хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер , шаардлагад нийцэж байна” гэх шийдвэр, мөн хорооны Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот “зөвлөмж хүргүүлэх тухай” орон нутгийн өмчийн газрын зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 146 тоот тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, захиргааны байгууллагаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хамт нэхэмжилсэн хохирлын тухайд шүүхийн шийдвэрт хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж дүгнэсэн атлаа “нэхэмжлэгч хохирол гаргуулах тухай шаардлагаа тодруулж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх эрх нь нээлттэй юм” гэж нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын хамт хохирлоо нэхэмжилсэн байтал иргэний шүүхээр нэхэмжлэх тухай дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг зөрчин нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж хоорондоо илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг” гэж зааснаар тухайн тендер зохион байгуулалтыг Үнэлгээний хороо хэрэгжүүлэх үүрэгтэй ба захиалагч нь Үнэлгээний хорооны хуулийн шаардлагын дагуу хянаж үнэлсэн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрхтэй байдаг. Түүнчлэн, Үнэлгээний хороо нь хуульд заасны дагуу Тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийн хүрээнд үнэлэлт өгч, дүгнэлт гаргах үүрэгтэй ба нэхэмжлэгч “Э т” ХХК-иас тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бэлтгэн ирүүлсэн нь Үнэлгээний хорооны дүгнэлтэд нөлөөлөх хамгийн чухал үндэслэл болсон гэдгийг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг харуулж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Э т” ХХК нь “Үнэлгээний хорооны хурлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн Багц-1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Ш х” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийн Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хэсэг, Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийн “Ш х” ХХК-тай гэрээ байгуулахаар зөвлөмжилсөн хэсэг, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/146 тоот “Гэрээ байгуулах тухай” тушаал, Дундговь аймгийн Засаг дарга, “Ш х” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1-ийн Гэрэлтүүлэг, аудио хөгжим нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн тодорхойлж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, үг зүйн нийцэл тохиромжгүй, агуулга нь тодорхойгүй шүүхийн шийдвэрт тусгагдсан байх тул давж заалдах шатны шүүх үг зүй, найруулгыг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсныг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлийг анхааралгүй шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн зэрэг алдааг гаргасан байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Үнэлгээний хороо нь “Э т” ХХК-ийн тендерээс “захиалагчийн техникийн тодорхойлолттой нийцээгүй” гэх үндэслэлээр татгалзахдаа нарийн мэргэшсэн хүн байгаагүйгээс техникийн тодорхойлолтыг буруу ойлгосон болохоо өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, багц-1-ийн үнэлгээг хийж “Ш х” ХХК-ийг шалгаруулахдаа тендерийн баримт бичигт тендерийн үнэ, тендерийн баталгаа, тендерт нийлүүлэх барааны тодорхойлолт зэргийг хавсаргаагүй байхад шалгаруулсан зэрэг үйл баримт нотлогдсон байх бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Ийнхүү Үнэлгээний хорооны тендерээс татгалзсан болон тендерийг үнэлсэн зэрэг үйл ажиллагаа хууль зөрчсөн байх тул Үнэлгээний хорооны хурлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн Багц-1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Ш х” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийн Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хууль бус байсан  болохыг тогтоосон нь зөв бөгөөд дээрх хууль бус шийдвэрүүдийг үндэслэн гарсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/146 дугаар тушаалыг мөн адил хууль бус гэж үзнэ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “нэхэмжлэгч “Э т” ХХК-иас тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бэлтгэн ирүүлсэн нь Үнэлгээний хорооны дүгнэлтэд нөлөөлсөн” гэх гомдлыг хангах боломжгүй.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хүсэлтээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байхад шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагад буюу захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн шаардлагад дүгнэлт өгч, шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсээгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу байна.

          Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж заасныг гэрээ дуусгавар болоогүй, эсхүл хэрэгжиж эхлээгүй тохиолдолд хэрэглэх нь тохиромжтой бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага гаргах нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх боломжтой байжээ.

         Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл  эрх зүйн шууд үр дагавар бий болгож чадахгүй, захирамжилсан шийдвэрт хамаарахгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийг захиргааны актад тооцон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасантай нийцэхгүй байна. 

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар “Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийн “Ш х” ХХК-тай гэрээ байгуулахаар зөвлөмжилсөн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. 

         Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “Үнэлгээний хорооны хурлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн Багц-1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Ш х” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийн Багц-1-д “Ш х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хэсэг, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/146 тоот “Гэрээ байгуулах тухай” тушаал, Дундговь аймгийн Засаг дарга, “Ш х” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Зөөврийн угсардаг тайз, гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1-ийн Гэрэлтүүлэг, аудио хөгжим нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр 109.2-т заасныг баримтлан “Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 тоот зөвлөмжийн “Ш х” ХХК-тай гэрээ байгуулахаар зөвлөмжилсөн хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, 3, 4 дэх заалтыг 2, 3 болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ШҮҮГЧ                                  Э.ЛХАГВАСҮРЭН

                       ШҮҮГЧ                                 Э.ЗОРИГТБААТАР    

                       ШҮҮГЧ                                  О.НОМУУЛИН