Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 742

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би Т.С*******, Д.Б*******, О.Ц******* нарын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч О.Ц*******, Т.С*******, Д.Б******* нарын нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ц******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие О******* овогтой Ц******* нь Нийслэлийн Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшсэн боловч Налайх дүүргийн Сонгуулийн хорооноос нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан тухайн үед гаргасан тогтоол нь тодорхой бус ямар шалтгаанаар /үндэслэлээр/ О.Ц******* бие даан алдаатай, буруутай хууль зөрчсөн үйлдэл гаргасныг тодруулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан болно. Сонгуулийн хорооны шийдвэр нэгэнт гарсан болохоор иргэн хүний хувьд буруу зүйл байгаагаа хүлээн зөвшөөрч өргөдлөө буцаан авч гомдолгүй гэдгээ илэрхийлж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.С******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Т******* овогтой С******* нь 2016 оны орон нутгийн сонгуульд Налайх дүүргийн 5 дугаар хороонд бие даан өрсөлдөхөөр материалаа бүрдүүлж өгсөн ч, хугацаандаа амжиж гарын үсгээ цуглуулаагүй гэдэг шалтгаанаар бүртгэж авахаас татгалзсан тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч өөрийн хариуцлагагүйгээс нэр дэвших боломжгүй болсоноо ойлгож хуулиа дээдлэн хүндэтгэж захиргааны хэргийн шүүхэд өгсөн өргөдлөөсөө татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Д******* овогтой Б******* миний бие Налайх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөлгүй нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч зохих журмын дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.С*******, Д.Б*******, О.Ц******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр шүүхэд гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Т.С*******, Д.Б*******, О.Ц******* нар нь Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Налайх Дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                  О.ОЮУНГЭРЭЛ