Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 273

 

Б.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий

аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн

Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг,

                                                      Г.Банзрагч,

                                                     Б.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, мөн уг албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлөх тушаал гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0200 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулж,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай “Шийдвэр хүчингүй болгох” тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.М-ыг 2015 оны 06 дугаар сарын 29- ний өдрөөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж, үлдсэн хэсэг болох нэхэмжлэгчийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0200 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч Б.М орон тооны цомхотголд орсон буюу маргаан бүхий мэргэжилтний ажлаас хууль бусаар халагдсан тухай төрийн албатай холбоотой маргааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 110\ШШ2016\0019 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.М-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн тухай дурджээ. Гэтэл нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 08 дугаар сард Засгийн газрын тогтоолоор шинээр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргах ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Д.М нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухайн үедээ Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн эс үйлдэхүйн талаар харьяалах Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байсан.

4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.М нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Иймд Б.М-ын нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулсан хөөн хэлэлцэх хугацаа алдаж гаргасан нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

5. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдаж 45 орон тоотой одоо ажиллаж байгаа ба урьд нь Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь нийт 65 орон тоотой ажиллаж байсан.

6. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нэхэмжлэгч Д.М-ын нэр, ажиллаж байсан албан тушаал нь шинээр зохион байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан ёсоор шилжин ирээгүй байгаа буюу энэ нь Б.М-тай тус газар нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байгааг давхар нотолж байна. Одоо нэхэмжлэгч Б.М-ын ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс албан ёсоор татан буугдсан, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тэмдэг нь хүчингүй болсон.

7. Нэгэнт татан буугдсан байгууллагын нэрийн өмнөөс тус газрын дарга нь Б.М-ыг ажлаас чөлөөлсөн тухай нөхөн тушаал гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгч Б.М нь хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлөгдөх байсан гэж эрх зүйн байдлыг тогтоолгох хүсэлтэй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох” гэсэн буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

8. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргаагүй, хариуцагчаас зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хамаарах нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийлээ.

10. Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, чөлөөлсөн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нийгмийн даатгалд хамрагдах, тэтгэмж гаргуулах, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх эрхээ эдлэхийн тулд ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгтэй” гэж тодорхойлжээ.

11. Нэхэмжлэгчийн тухайд, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон байна. Тухайн үед ийнхүү томилохдоо захиргааны байгууллага нь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаар магадлалыг биелүүлж, нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилж байжээ.

12. Харин нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 36 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар дээрх Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож байсан боловч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд томилсон Б/04 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, Б.М-ыг үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгосон байна.

13. Улмаар Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Б.М-ын хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянаад шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, мөн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан үйл баримттай холбогдуулан тухайн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэл гаргаж байжээ.

14. Уг нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цалин гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

15. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “...бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаал өөр албан тушаалтай нэгтгэгдсэн тул захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах үүрэгтэй байжээ.

16. Гэтэл захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргалгүйгээр хууль бус эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох болон төрийн албаны нөөцөд бүртгүүлэх эрхийг зөрчсөн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

17. Хариуцагчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” тухай гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.М нь өөрийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан, шүүхээс хөдөлмөрийн харилцааг эцэслэн шийдсэн үйл баримттай холбогдуулан шинэ эрх зүйн үр дагавар үүсч, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой өөр ашиг сонирхол үүссэн, энэ хугацаанд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй үргэлжилж байсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д зааснаар тогтоосон журмаар гомдол гаргаж, хэлэлцэх хугацаа тасалдсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

18. Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүрэг нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжсэн тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргах үүрэг мөн шилжсэн, энэ үүргээ биелүүлээгүй буруутай тул хариуцагчийн “нэхэмжлэгч нь Халамжийн үйлчилгээний газарт албан ёсоор шилжин ирээгүй тул Б.М-тай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, одоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс албан ёсоор татан буугдсан” тухай гомдол үндэслэлгүй.

19. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0200 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ