Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/00498

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ө.Э,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ө.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн   дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай хурлын тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  дугаартай хурлын тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай хурлын тогтоол, түүний хавсралт, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5945 дугаартай лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч ******* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч Ө.Э 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Ө.Э нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1488 дугаартай лавлагаа, тэргүүний хүмүүсийг шагнах тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай хурлын тогтоол, түүний хавсралт, малчдын баярыг тохиолдуулан тэргүүний хүмүүсийг шагнах тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай хурлын тогтоол, түүний хавсралт, цэрэгт явах малчдад хадгаламж нээх тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай хурлын тогтоол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ө.Э ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ө.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Палан овогт Ө.Э 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ө.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Г.БАТЗАЯА