Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 292

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч Н.Булганчимэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ж хууль ёсны төлөөлөгч А.Баярмаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ж, хууль ёсны төлөөлөгч Д.Батцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Ж, Боржигон овогт Б.Ж нарт холбогдох 201725030620 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хад 38-564 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Б.Ж…………………………….

 Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй 15 настай, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хад 38-564 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Б.Ж…………………………………………………..

Холбогдсон хэргийн талаар:

  Өсвөр насны яллагдагч Б.Ж, Б.Ж нар бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны 24 тоотод оршин суух Б.Болор-Эрдэний орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, Самсунг загварын гар утас, бэлэн 500.000 төгрөгийг хулгайлж, 1.895.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Жг мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “… шилэн шургуулганд байсан 5 ширхэг том мөнгөн аягийг авч орны хажууд байсан цүнхийг аваад мөнгөн аягийг хийсэн …шүүгээг татаж үзэхэд шүүгээнд нэг түрийвч байсан. Бас хар өнгийн Самсунг хуучин гар утас байсан. Эхлээд түрийвчийг авч үзэхэд нэг тасалгаанд 200.000 төгрөг байсныг түрийвчийн хамт авсан, гар утсыг авсан …түрийвчин дотор байсан 200.000 төгрөгийг аваад түрийвчийг хаясан. Гэтэл Жамъянпүрэв энэ түрийвчийг би аваад барьчихъя гэж хэлээд түрийвчийг аваад нээж үзээд арын цахилгааныг татаж үзэхэд бас 300.000 төгрөг байсан …” гэжээ /хх-87-88х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “…удалгүй ах Жамъянмядаг хаалгыг нээгээд гарч ирсэн. Тэр үед гартаа нэг хар өнгийн цүнх барьсан байсан. Бид хоёр гараад явсан би ах Жамъянмядагаас наадах чинь юу юм бэ гэж асуухад мөнгөн аяга байгаа гэж хэлсэн. Цүнхийг онгойлгоход цүнхэн дотор 6 ширхэг мөнгөн аяга, 1 бор өнгийн түрийвч хар өнгийн самсунг гэсэн хуучин гар утас зэрэг эд зүйл байсан. Түрийвчийг онгойлгосон дотор нь бэлэн 500.000 төгрөг байсан …” гэжээ /хх-90-91х/,

Хохирогч Б.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “ ...2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны 24 тоот байрнаасаа Дорнод аймаг явахаар гарсан. Эхнэр Отгонжаргал бид хоёр хамт Дорнод аймаг явсан. Бид хоёр явахдаа гэрийнхээ хаалга үүдийг цоожлоод гарсан. Манай гэрийн түлхүүр эхнэр бид хоёрт байдаг өөр ямар нэг хүнд байхгүй. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай орцны цэвэрлэдэг эгч над руу ярьж танай байрны талаар гадаа сууж буй настай хүмүүс 54 дүгээр байрны 24 тоотны хаалга 7-гоос 8 хоног нээлттэй байна. Эзэн гэж байдаг юм болов  уу гэж ярьж байсан. Танайх энэ байранд амьдардаг уу гэсэн. Ингээд би Улаанбаатар хотод амьдардаг хадам эгч Амаржаргалд манай гэрт хулгай орсон юм шиг байна, ойрхон байвал очиж үзээч гэж хэлсэн. Хулгайд мөнгөн аяга 5 ширхэг, бэлэн мөнгө 500.000 төгрөг алдсан. Би хулгайд алдсан 5 ширхэг мөнгөн аягаа тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлнэ гэж хэлсэн. Тодорхой үнэ хэлээгүй. Манай гэрийн ванны өрөөнд зэвтэй турба төмрөөр цонх хагалж орж ирсэн байх гэж бодож байна …Эхнэр бид хоёрыг Дорнод аймагт явах гэж байгаа талаар хамаатны талын хүмүүс мэдэж байсан. Бэлэн 500.000 төгрөг нь миний цалингаас үлдсэн мөнгө юм. Хулгайд алдсан бэлэн мөнгө 500.000 төгрөг 5 ширхэг мөнгөн аяганы үнэ 1.345.000 төгрөгийг нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна …” гэжээ /хх-22-23, 43х/,

Гэрч Х.Хайрам мэдүүлэхдээ: “…Давсны булаг гэдэг газар такси үйлчилгээнд явдаг байсан. Гэтэл 2017 оны эхээр цагаан сарын дараахан 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би Шар хадны эцэст такси үйлчилгээнд явах гээд зогсож байхад Давсны булаг явах уу гээд 3 залуу ирсэн. Тэр 3 залуугийн нэг залууг харж байсан зүс таних залуу байсан. Зүс таних залуу надаас танд бичиг баримт чинь байна уу гэж асуухаар нь би тэр залуугаас чи бичиг баримтаар яах нь вэ гэж асуусан. Гэтэл нөгөө залуу аав ээж Дархан явсан гэрээсээ мөнгөн аяга аваад явж байна. Та бичиг баримтаараа тавиад өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та 3-т утасны дугаар чинь байна уу гэж асуухад надад 88-тай нэг дугаар өгсөн, мөн гэрийн хаягаа өгсөн, би одоо бол санахгүй байна, тэр залуу өөрийгөө Од гэсэн үгээр эхэлсэн нэр хэлж байсан. Тэгээд тэр залуугаас та нарын наад зүйл чинь хулгай эд зүйл юм биш үү гэхэд үгүй бид нар гэрээсээ авсан аав ээж Дарханд байгаа, энэ аягийг ломбарданд тавиад зардал хийгээд ир гэж хэлсэн гэхээр нь би итгэсэн. Тэгээд миний иргэний үнэмлэх байхгүй байсан тул тэр залуучуудыг дагуулаад гэрт очоод иргэний үнэмлэхээ аваад буцаад Шар хадны эцэст ирсэн. Тэнд байдаг Сайн ломбарданд мөнгөн аягануудыг үзүүлсэн. Тэгээд ломбардны хүн 5 ширхэг мөнгөн аягийг 380.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд нэг жижиг мөнгөн аяга байсан чинь ломбардны хүн энэ аягийг авахгүй гэж байсан. Тэгээд би гарч ирэхэд нэг залуу энэ жижиг аяга миний аяга гэж хэлээд аваад кармалсан. Тэгээд надад 20.000 төгрөг өгөөд бензин хийгээрэй гэж хэлсэн. Од-той нэртэй залуу надаас ломбардны бичгийг аваад явсан. Түүнээс хойш ломбард хугацаа дуусаад хоёр удаа утсаар ярьсан. Тэгээд би өгсөн хаягаар хайгаад нөгөө 3 залууг олоогүй. Тэгээд ломбарднаас огт ярихаа болисон. Би Од нэртэй залууг харвал танина, гэхдээ огт таараагүй. Түүнээс хойш ломбарднаас ярихгүй болохоор нь тэр хүмүүсийг мөнгөн аягаа авсан юм байх гэж бодсон. Тэр 3 залуу ярихдаа аав ээж рүүгээ явах гэсэн юмаа аав, ээж Дарханд байгаа, энийг тавиад зардал хийгээд хүрээд ирээ гэж хэлсэн. Би хэрэв тэр аяга хулгай эд зүйл байсан бол би өөрийн бичиг баримтаар ломбарданд тавихгүй байсан …” гэжээ /хх-63х/,

Насанд хүрээгүй гэрч Н.Одгэрэлийн: “...2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр би хичээлдээ явах гээд Шар хадны эцсийн буудал дээр автобусны картаа цэнэглэх гээд зогсож байсан. Шар хадны DS төвөөс Жамъянпүрэв, Жамъянмядаг хоёр хамт гарч ирсэн. Тэр хоёр гартаа цүнх шивээсний машин хоёр барьсан явж байсан. Тэр хоёр надад андаа чи өнөөдөр хичээлээ тасалчих гэж хэлээд цүнхийг онгойлгоход ширхэг аяга, нэг ширхэг жижиг мөнгөн аяга нийт 6 аяга байсан. Жамъянпүрэв, Жамъянмядаг хоёроос энэ юун аяга бэ гэж асуухад хулгайн эд зүйл гэж хэлээгүй, чи мэдэхгүй, мөнгөн завъяагийн тэндээс олсон гэж хэлсэн. Тэгээд тэр 2 аягийг шар хадны эцэст байдаг 2000-ын таксины ахыг гуйгаад Сайн ломбарданд тавиулсан. 5 мөнгөн аяга нь 480.000 төгрөг болсон. Тэр жолооч ахад тусалсан гээд мөнгөнөөс 20.000 төгрөгийг өгсөн. Нэг жижиг аягийг ломбарданд үнэлэхгүй гэж хэлээд авахгүй байсан …” гэжээ /хх-65х/,

Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-24, 71х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-20х/, нас тоолсон тэмдэглэл /хх-72-73х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69-70х/, төрсний гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74-75х/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж судлав.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Өсвөр насны яллагдагч Б.Ж, Б.Ж нар бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны 24 тоотод оршин суух Б.Болор-Эрдэний орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, Самсунг загварын гар утас, бэлэн 500.000 төгрөгийг хулгайлж, 1.895.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Болор-Эрдэнэ, гэрч Х.Хайрам, насанд хүрээгүй гэрч Н.Одгэрэл нарын мэдүүлэг зэргээр тэдний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Ж, Б.Ж нарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ж, Б.Ж нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ гэмшиж байгаа, хохирогч Б.Болор-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-43х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзээд тухайн хэргийг 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа /2002/ оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.