| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0124/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/138 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/138
2018 05 10 2018/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох эрүүгийн 1821000000067 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд ............. оны ........... дугаар сарын ..........-ны өдөр төрсөн, ........... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ................. оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/А/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261.1-д тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, ******* овогт *******. /РД: .............../
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн хөвүүн” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 0,75 граммын “Болор” нэртэй архи 1 ширхэг, 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй архи 1 хайрцаг, бэлэн мөнгө 75000 төгрөгийг хулгайлж хохирогч *******д 120500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ар гэрээ тэжээдэг ганц хүн нь байж энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өдөржин дэлгүүртээ сууж байгаад орой 23 цагт дэлгүүрээ хаагаад гэртээ орж амарсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт дэлгүүрээ нээгээд дотогш ороход баруун талын цонхон дээр байсан арц, хүж асаадаг савны байрлал байсан байрнаасаа өөрчлөгдсөн, цонхны хажууд байсан сандлын давцан дээр гутлын мөр үлдсэн байсан. Тэгээд би дэлгүүрт хулгай орсон байна гэж мэдсэн. Би дэлгүүрийн камерийг шалгахад гадна камерний байрлал өөрчлөгдөж өөр зүгт харсан байсан. Алдагдсан эд зүйлээ шалгахад бэлнээр 75000 төгрөг, 0,75 граммын “Болор” нэртэй архи 1 ширхэг, 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй тамхи 1 хайрцаг зэрэг зүйлс алга болсон байсан. Дэлгүүрийн дотор талын бичлэгт *******-ын дүрс үлдсэн байсан...би алдсан эд зүйлээ бүгдийг нь хүлээж авсан...” гэжээ. /хх-ийн 12-14 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа ирэхэд “Нутгийн хөвүүн” хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орж эд зүйлс, бэлэн мөнгө алдагдсан байна гэж ******* надад хэлсэн. Юу болсон талаар ******* эгчээс асуухад “Манай хүнсний дэлгүүрийн баруун урд талын цонхоор хүн орж ирээд өчигдрийн орлогын мөнгө бас бусад зүйл авсан байна, чи хурдан цагдаа дууд” гэж хэлсэн...ямар ч байсан хүнсний дэлгүүр дотор баруун талын цонх нээлттэй, цонхны доор байрлах хар өнгийн сандал дээр хүн гишгэсэн юм шиг шорооны мөртэй, хулгай орсон цонхны дотор доор хэсэгт байрлах паар дээр шороо асгасан харагдсан. Өөр ямар нэгэн зүйл анзаарч хараагүй...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Нутгийн хөвүүн” хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орж эд зүйлс бэлэн мөнгө алдагдсан байна гэж хүнсний дэлгүүрийн худалдагч ******* надад хэлсэн. Юу болсон талаар ******* эгчээс асуухад “Хүнсний дэлгүүрийн баруун урд талын цонхоор хүн орж ирээд өчигдрийн орлогын тал мөнгө бас бусад зүйл авсан юм шиг байна би эд зүйлсээ бүртгэхээр сууж байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-7 тал/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/
- Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 тал/
- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 тал/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн хөвүүн” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 0,75 граммын “Болор” нэртэй архи 1 ширхэг, 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи 1 ширхэг, “Улаан шонхор” нэртэй архи 1 хайрцаг, бэлэн мөнгө 75000 төгрөгийг хулгайлж хохирогч *******д 120500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******д 120.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгчээс алдагдсан эд зүйлээ буцаан авсан учир шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг гаргасан тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ