Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/750

 

                                                       

 

 

      2024         07            02                                         2024/ДШМ/750

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/869 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.Гт холбогдох 2310000000670 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч Б.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих
шөнө ************ *********** ********** ******* “Хурдан морь унаач Н.Сыг явуулахгүй” гэх шалтгаанаар автомашиныг нь зогсоох гэсэн Л.Зыг “Хюндай Портер”
загварын ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрсны улмаас
Л.Зы эрүүл мэндэд гавал тархины гэмтэл, толгойн хуйх, хатуу хальс
урагдал, нүүр, гавлын орой хэсгээр их хэмжээтэй хуваагдаж, салж, гавлын яснууд,
гавлын орой ба суурь яс, баруун нүдний ухархайн дээд, доод, дотор хана, хамар яс,
нүүрний яснуудын хэлбэр алдагдал, баруун, зүүн чамархай, зулай, дагзны яснууд
их хэмжээний үйрч бяцарсан хугарал, суурь ясны салсан хугарал, зүүн нүдний
ухархайн дээд хана, самалдаг цөмөрсөн хугарал, тархины эдүүд цөмөрсөн ясанд
наалдсан, хэлбэр алдагдал, эдийн няцрал бүхий амьдрах боломжгүй гавал тархины
гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон
гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Насанд хүрээгүй гэрч Н.Сын мэдүүлэг түүний хууль ёсны төлөөлөгч солигдсон үеэс эрс өөрчлөгдсөн байна. Иймд энэ хэрэгт хувийн сонирхолгүй бөгөөд насанд хүрээгүй гэрч Н.Сын хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг авахад байлцсан Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн
хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэгээс гэрчийн мэдүүлэг
авч “2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр насанд хүрээгүй гэрч
Н.Саас мэдүүлэг авахад хөндлөнгөөс хэн нэг нь хөтөлсөн, тулгасан, ятгасан зэргээр нөлөөлсөн эсэх, насанд хүрээгүй гэрч нь мэдүүлэг өгөх үедээ сэтгэл
зүйн хувьд тогтвортой байсан эсэхийг тодруулж асуух нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөл,
гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр прокуророос Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гт
холбогдох хэргийг зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 10.6 дугаар зүйл
/Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг
/Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд
нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь
нас хохирсон/ гэмт хэргийн аль нь болохыг тогтоож чадаагүй, энэхүү ажиллагааг
шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь
зүйтэй гэж үзэж, яллагдагч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Насанд хүрээгүй гэрч Н.С нь анхны мэдүүлэгтээ “…З ах гарч ирээд гараараа даллаад боль гээд байхад А ах шууд дайраад явчихсан. Тэгээд З ах машины доогуур орчихсон” гэж хохирогчийг тээврийн хэрэгсэлд дайруулсан тухай, харин хоёр дахь мэдүүлэгтээ “Намайг машин дотроос харах үед З ах А ахын машины жолооч талын хаалганы харалдаа цаад талд үлдэх шиг болсон” гэж амь хохирогч Л.Зыг дайруулсан, дайруулаагүй талаар биш хэрэг, ослын газраас явж байхад болж өнгөрсөн асуудлын талаар мэдүүлсэн тул ноцтой зөрүүтэй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар, прокурор яллах дүгнэлтдээ насанд хүрээгүй гэрч
Л.Зы 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгийг хавтаст
хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар давхар
нотлогдсон гэж үзэн, хэргийн үйл баримтыг тогтоохдоо “яллагдагч Б.Г
нь согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-
Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол, Бурхант 3 дугаар
гудамжинд “Хурдан морь унаач Н.Сыг явуулахгүй” гэх хувийн сэдэлтээр
автомашиныг нь зогсоох гэсэн Л.Зыг 89-97 ГСА улсын дугаартай
“Хюндай Портер” загварын тээврийн хэрэгслээр дайрч, амь насыг нь хохироосон” гэж
дүгнэсэн байна.

Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч
Н.Сын өгсөн мэдүүлгийг зөрүүтэй, түүнд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж
үзвэл шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн
прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой
болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн, шаардлагатай гэж үзсэн
хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл
байдлыг тодорхой болгох боломжтой.

Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар
зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын
мэтгэлцээний үндсэн дээр тогтоох талаар заасан хуулийн зохицуулалтад
нийцэхээр байна.

Мөн шүүхийн захирамжид заасан Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн
хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэгээс гэрчийн
мэдүүлэг авах ажиллагаа нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн
хэлбэрийг нотлоход ач холбогдолгүй ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр заасан нь
үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Баярбилэгийг насанд хүрээгүй гэрч
Н.Сын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол хүчин
төгөлдөр байгаа тул шүүх хуралдааны явцад тухайн оролцогчоос зарим ач
холбогдолтой байж болох зүйлүүдийг асууж тодруулах зэргээр нөхөн гүйцэтгэх
боломжтой ажиллагаа юм.

Түүнчлэн шүүх гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан
байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гт холбогдох
хэргийг зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн
10.1, 10.6, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн аль нь болохыг
тогтоож чадаагүй, энэхүү ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх
боломжгүй гэсэн хэдий ч шүүгчийн захирамжид ямар ажиллагаа гүйцэтгэх, уг
мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэснээр хэргийн ямар үйл баримт нотлогдох,
үгүйсгэгдэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг
биелүүлэхэд эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан
“...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон
шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцохгүй байх. ...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг
тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг
үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх,
хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх
хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн
хуулийн 1.7 дугаар зүйлд зохицуулсан.

Яллагдагч Б.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд
шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт
хороолол, Бурхант 3 дугаар гудамжинд ****** ***улсын дугаартай Хюндай
Портер маркийн тээврийн хэрэгслээр амь хохирогч Л.Зыг дайрч, амь
насыг нь хохироосон болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон бөгөөд энэхүү үйл
баримттай хэргийн оролцогч талууд маргаагүй, харин яллагдагч хүний амь нас
хохироосон үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу хохирогчийг тээврийн
хэрэгслээр дайрсан санаа зорилгыг тодорхойлж чадаагүй явдлыг нотлох
баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй
харьцуулан жишиж, зүйлчлэх үед эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэх
үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа Б.Гт
холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 10.6, 27.10 дугаар зүйлийн
3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн аль нь болохыг тогтоох чиглэлээр дахин мөрдөн
шалгах ажиллагаа явуулах нь хугацаа алдсанаас шинэ үр дүн бий болгохгүй
болсон байгааг анхаарч, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн
хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, ял
хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг
шинжлэн судлахгүйгээр шүүгдэгчийн гэм буруугийн буюу хэргийн зүйлчлэлийг
тохироогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг
зөрчсөн байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7
дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Шүүх хэргийн бодит байдлыг талуудын
мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. …”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт “…Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх
асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно. …” гэж, мөн
хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “…Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр
яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг
хэлэлцэхгүй. …” гэж заасныг тус тус зөрчсөн.

Мөн Шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг
явуулахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах
ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэлэлцсэн хэдий ч шүүгчийн захирамжид ямар
ажиллагаа гүйцэтгэх, уг мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэснээр хэргийн ямар
үйл баримт нотлогдох, үгүйсгэгдэх талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан
“…Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн
эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. …” гэсэн шаардлагыг хангаагүй гэж
үзэхээр байна

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар
прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророоос Б.Гийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих
шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол, Бурхант
3 дугаар гудамжинд “Хурдан морь унаач Н.Сыг явуулахгүй” гэх
шалтгаанаар автомашиныг нь зогсоох гэсэн Л.Зыг “Хюндай Портер”
загварын ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрсны улмаас
Л.Зы эрүүл мэндэд гавал тархины гэмтэл, толгойн хуйх, хатуу хальс
урагдал, нүүр, гавлын орой хэсгээр их хэмжээтэй хуваагдаж, салж, гавлын яснууд,
гавлын орой ба суурь яс, баруун нүдний ухархайн дээд, доод, дотор хана, хамар яс,
нүүрний яснуудын хэлбэр алдагдал, баруун, зүүн чамархай, зулай, дагзны яснууд
их хэмжээний үйрч бяцарсан хугарал, суурь ясны салсан хугарал, зүүн нүдний
ухархайн дээд хана, самалдаг цөмөрсөн хугарал, тархины эдүүд цөмөрсөн, ясанд
наалдсан, хэлбэр алдагдал, эдийн няцрал бүхий амьдрах боломжгүй гавал тархины
гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон
гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хуульчилсан бөгөөд прокуороос Б.Гт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож ирүүлээгүй, шалгавал зохих асуудлуудыг бүрэн тогтоож чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...насанд хүрээгүй гэрч
Н.Саас мэдүүлэг авахад хөндлөнгөөс хэн нэг нь хөтөлсөн, тулгасан, ятгасан зэргээр нөлөөлсөн эсэх, насанд хүрээгүй гэрч нь мэдүүлэг өгөх үедээ сэтгэл
зүй хувьд тогтвортой байсан эсэхийг тодруулж асуух нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гт холбогдох хэргийг зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд
нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь
нас хохирсон/ гэмт хэргийн аль нь болохыг тогтоож чадаагүй, энэхүү ажиллагааг
шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Яллах дүгнэлтэд “...автомашиныг нь зогсоох гэсэн Л.Зыг “Хюндай Портер” загварын ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрсны улмаас түүний амь насыг нь хохироосон. ...” талаар тусгажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байдаг.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлууд, тэр дундаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний дараа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/869 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ