Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/751

 

     

 

 

 

 

2024            07              02                                         2024/ДШМ/751         

                       

                                                                                         

                                                Х.Бд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,  

яллагдагч Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/1408 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр Х.Бд холбогдох 2406000000864 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч Х.Б нь 2024 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Бгийн эзэмшлийн “Самсунг А-95” загварын гар утас, 13 граммтай алтан бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдад 3.299.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэж, Х.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татах тогтоолоо гардаж аваад танилцсан. 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол үйлдсэн. Хэрэгт авагдсан баримтаар, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явагдсан байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараах тохиолдолд гэрэл зураг, эсхүл дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулж болно” гэж заасан. Гэтэл таньж олуулах ажиллагааг хийхдээ таньж олуулж байгаа хүнийг бодитоор, биетээр таньж олуулах ажиллагааг хийх шаардлагатай байхад үүнийг хийх боломжгүй байсан гэдгийг мөрдөгч тайлбарласан ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүйгээр энэ ажиллагаа хийгдсэн учраас хууль зөрчсөн. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлтэй, яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт он, сар, өдөр бичигдээгүй, хэзээ гаргасан нь тодорхойгүй, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гарсан байна. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн саналтай, ял шийтгэлийн лавлагаанууд, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналтай, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 469 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдэж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлтэй, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/2743 дугаар шүүх рүү хэрэг шилжүүлсэн албан тооттой зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй.

Мөн прокурор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, 1.2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянахаар хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч энэ төрлийн гэмт хэрэгт урьд 2 удаа ял шийтгэгдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг зориудаар дагуулж явж байгаад согтсоныг далимдуулан гарт нь байсан бөгж, халаасанд нь байсан утсыг аваад орхиод явж байгаа гэмт үйлдлийн санаа сэдэл, арга, нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзалгүйгээр хүсэлтийг хүлээн авч хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлагын саналтай шүүхэд ирүүлжээ.

Иймээс дээрх үндэслэлүүдээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл хангагдаагүй байхад хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн тогтоолтой шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн зорилго зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчиж ажиллагаа хийгдсэн гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн нэгдүгээрт заасан асуудлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт огт яригдаагүй бөгөөд шүүхийн шийдвэр уншиж сонсгохдоо уг асуудлыг мөн уншиж сонсгоогүй болно.

Гэтэл шүүх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, түүнчлэн шүүхээс шийдвэр гаргах үед уншиж сонсгоогүй, талууд маргаагүй, мэтгэлцээгүй асуудлаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгчийн захирамжид дурдсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй” гэх бичгийн баримт сэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яг ямар зүйл, заалтыг хэрхэн ноцтой зөрчсөн болох, энэ тухайн хэргийг шийдвэрлэхэд ямар саад болж байгаа болохыг дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх талаар хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд тусгалаа олсон байгаа.

Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийн хувьд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2 дугаар зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл, журмыг хуульчилж өгсөн бөгөөд хориглох заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй”, “Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж тусгажээ. Гэвч шүүхээс уг тусгай журамд заагаагүй үндэслэлээр буюу эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн хууль тогтоогчоос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь зөрчигдсөн эрхийг даруй сэргээн тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, эрүүгийн процесс ажиллагааны зардлыг хэмнэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажлын ачааллыг бууруулах, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр төрийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын энэрэнгүй хандлагыг мэдрэх, хохирлоо нөхөн төлөх, хор уршгаа арилгах зэрэг “зөөллөх” алхмуудыг дэмжих замаар нийгмийн амьдралын сөрөг уур амьсгалыг намжаах, эрүүгийн процессын ажиллагааг хэрэгжүүлэх албан хаагчийн хүнд суртал, дарамтаас ангижрах, эрүүгийн процесс ажиллагааг шуурхай, хялбар, энгийн ойлгомжтой, хүртээмж хүрэлцээтэй болгосноор гэмт хэрэгт холбогдсон хүний ажиллах, хөдөлмөрлөх бололцоог түргэн нээх зэрэг болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Яллагдагч Х.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Эсэргүүцлийг дэмжиж байна. ...”   гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх үндэслэл хангагдаагүй байхад хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн
тогтоолтой шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчиж ажиллагаа хийгдсэн
. ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрлэх эсхүл шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/1408 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ