Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/752

 

 

 

 

 

      2024             07            02                                        2024/ДШМ/752

 

                                                 Д.Ад холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/393 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ад холбогдох 2402000350113 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол
дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “
**** ****” зочид буудлын 503 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0,034 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А 1 /нэг/ жилийн хугацаанд хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн асаагуур 1 ширхэг, тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, зиплок уутанд хийсэн цэвэр жин 0,034 грамм “мөс” гэх нэршилтэй бодис зэрэг эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан талаарх баримтыг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд нэн даруй ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдлээ ухамсарласан. Өөрийн сэтгэл санааны тогтворгүй байдал, нийгмийн хор аюулыг ойлгож ухамсарлаагүйгээс болж анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний бие эрүүл мэндийн хувьд 2013 онд сахартай гэж оношлогдож үүнээс хойш 13 жилийн хугацаанд эрс муудаж, нүдний хараа 60-80 хувийн муудсан, бөөрний дутагдал, зүрх судасны нарийсал, улмаар хоёр 2 хөл өвдөгнөөс доош мэдээ алдсан, бодисын солилцоо алдагдсаны улмаас хорт хавдрын оноштой болсон. Уг өвчний улмаас мэргэжлийн эмчийн байнгийн хяналтад байж, сахарын ховор эм, тариаг хэрэглэж байсан ч биеийн байдал муудсаар байна.

Би “***** ****** ***** ” ХХК-д засварчинаар ажилладаг бөгөөд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Уул уурхайн хүнд машин механизмыг дуудлагаар явж засвар үйлчилгээ үзүүлж гэр бүл, амьжиргаагаа залгуулдаг, гэр бүлийн хүн болох эхнэр маань архины хамааралтай болоод удаж байгаа бөгөөд олон хоног гадуур архи уугаад явдаг. Энэ бүхнээс болж 3 хүүхдийн сурч боловсрох, эцэг, эхийн асран хамгаалалтад байх эрх давхар зөрчигдөх асуудал үүсээд байна.

Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт Д.Агийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас ажилласан бөгөөд Д.А өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу дээр маргадаггүй, хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон. Миний бие гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тал бүрээс дүгнэж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Д.А ар гэрийн болон эрүүл мэндийн байдлаа анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой ярьсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад Д.А нь бага насны хүүхүүдтэй, гэр бүлийн байдал тогтворгүй, сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байсан бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хувийн байдлыг харгалзан үзэхэд, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох шаардлага байгаагүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ар гэрийн байдлаа маш тодорхой ярьж байсан, 3 хүүхэд нь өсвөр насны хүүхдүүд байдаг. Шүүгдэгчийн гаргасан гомдолтой нь холбоотойгоор хувийн байдлыг харгалзаад эрүүгийн хариуцлагыг нь өөрчилөхөд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****** ****” зочид буудлын 503 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0,034 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

          Д.Агийн яллагдагчаар “...Өрөөнд ороод олсон зүйлээ сонирхоод нэг хэрэглэсэн. Хэрэглэхэд түлэнхий амтагдаад биед өөрчлөлт орохгүй байсан тул ...үнсний саванд хийгээд хаясан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 134-136/ гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,   

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 274 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “БГД-II” гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуурын хэсэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шилний хэсэг, цагаан өнгийн гуурс мэт зүйл, цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.034 грамм байна. ....” /хх 64-65/ гэсэн дүгнэлт,

 

          гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16, 17-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22, 23-24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25, 26-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29-32/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо нараас “...Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдлээ ухамсарласан. Бага насны хүүхүүдтэй, гэр бүлийн байдал тогтворгүй, сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байсан бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.

          Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

          Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.А 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг метафетамин (methamphetamine) агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 0.034 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

 

          Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

          Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Агийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын сарын 02-ны өдөр хүртэл 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ