Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00149

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00149

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02509 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н Ш Ш Г Г-холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Н Ш Ш Г Г гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ хуулийн буруу хэрэглэсэн. Хуульд эрэн сурвалжлагдаж байгаа, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаадад оргон зайлж болзошгүй тохиолдолд тус арга хэмжээг авахаар заасан атал төлбөр төлөгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Т-д хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад тус арга хэмжээг авсан 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1865 дугаар тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан байхад шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль зөрчөөгүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

 

2.    Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцвал зохих этгээдэд холбогдуулан хэрэг үүсгэсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3.    Нэхэмжлэгч Б.Т- нь Н Ш Ш Г Г-холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1865 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ.

 

4.    Нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлд заасан Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэх албаны дарга ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан /хх-4/ байхад уг хэргийн хариуцагч Н Ш Ш Г Г оролцсон үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа бөгөөд хариуцвал зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа тодорхойлоогүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Хэрэв нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг уг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хариуцах үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

5.    Хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу нэхэмжлэлийг гардаж авсан этгээд шүүх хуралдаанд оролцоогүй нь нэхэмжлэлийг шууд хангах үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6.    Дээр дурдсанаар анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН