| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00286/И |
| Дугаар | 314/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00358
2025 06 04 314/ШШ2025/00358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
“***** ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь “***** ажиллаж байсан байдлаа тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ***** нь 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар томилогдсон байдаг. 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэрэгт татагдсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт Өвөрхангай аймгийн архивын тасгаас гарч ирэхгүйн улмаас улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд нь орж тооцогдохгүй хохироход хүрээл байна. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан талаарх нотлох баримт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдаг. Иймд *****ыг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0331 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаат цэргийн алба хааж байсан архивын лавлагаа, Өвөрхангай аймаг Хүрэмт дахь рашаан амралтын даргын 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай тушаалын хуулбар, Тарагт сумын Хүрэмт ББХК-ийн захирлын 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар, №425697 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай албан бичиг болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 770 дугаартай архивын лавлагааны хуулбар зэргийг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ***** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
6. Шүүхээс Өвөрхангай аймгийн архивын тасгаас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь “***** ажиллаж байсан байдлаа тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилд орсон гарсан тушаал байхгүй ...” гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай албан бичигт “...тус архивын хэлтсийн хадгаламжийн санд Нэгдэл дундын үйлдвэрт /хуучин нэрээр/ 1985-1988 оны даргын тушаал, цалингийн баримтыг шүүж үзэхэд *****т холбогдох баримт гараагүй тул лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно” гэжээ.
Гэрч ***** “...1985-1989 онд Тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1985-1988 он хүртэл барилгын ажилчин хийдэг байсан...”, ***** “...Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрт 1985-1988 оны 10 дугаар сар хүртэл барилгачнаар ажилладаг...” талаар тус тус мэдүүлжээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар ***** нь Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна.
Хэдийгээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****ын хүсэлтээр ***** нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн бөгөөд хүсэлт гаргагчийг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.
6. Иймд Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****ын гаргасан “***** ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****ын гаргасан “***** ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА