| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00362/И |
| Дугаар | 314/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00363
2025 06 06 314/ШШ2025/00363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр багт оршин суух, 1975 онд төрсөн, 50 настай, **** хүсэлттэй,
“**** хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ****, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “**** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би **** 1996 онд танилцаж, 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү ****, 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү **** нар төрсөн. Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч бид хоёрын гэрлэлтийг гэрлэсний гэрчилгээнд 2006 онд гэрлэсэн гэж баталсан. Иймд намайг 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцаж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдарч эхэлсэн. 2015 оноос 2025 оныг хүртэл нөхрийн хамт мал маллаж хоёул амьдарч байна. Тухайн үед гэрлэлтээ батлуулж байгаагүйн улмаас тэтгэмжээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг **** 1998 оноос 2006 он хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 173 тоот албан бичиг, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү ****, **** нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-10/2331 дугаартай архивын лавлагаа, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006, онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данснууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. **** нь “**** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч **** нь “...1998 онд дутуу төрөөд эмнэлгээр яваад бүртгэчихсэн байх гэж бодож явж байсан чинь бүртгээгүй байсан. Тэгээд сүүлд 2006 онд бүртгэлээ гэж хэлж байсан...” гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагч **** нь **** 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 173 тоот албан бичиг, 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ****, 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү **** нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-10/2331 дугаартай архивын лавлагаа, 1997-2001, 2004-2006, онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данснууд, гэрч **** нарын зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч **** нь 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл **** хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ****, **** нарыг 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА