| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00322/И |
| Дугаар | 314/ШШ2025/00364 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00364
2025 06 06 314/ШШ2025/00364
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ****** сумын 5 дугаар багт байрлах “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 13 дугаар баг, 7-700 тоотод байрлах “****” ХХК-д холбогдох,
“№08/2020 дугаартай туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэрэгт зохигчдын гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “****” ХХК нь захиалагч Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын санал болгосноор “****” ХХК-ийн /РД:3566412/, захирал ****тэй №08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ"-г байгуулж, уг гэрээгээр “****” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт баригдсан Усан спортын цогцолборт боулингийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг иж бүрнээр нь чанартайгаар хийж гүйцэтгээд, төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу боулингийн тоног төхөөрөмжид төсөвлөсөн 160000000 төгрөгийг “****” ХХК нь туслан гүйцэтгэгч “****” ХХК- ийн хаан банкны 5561302949 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 100000000 төгрөг, 20000000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20000000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 20000000 төгрөг нийт 160000000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Харин “****” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Үүнээс шалтгаалж “****” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан үндсэн захиалагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар “****” ХХК-г шүүхэд хариуцагчаар татаж, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Иймд “****” ХХК-тай байгуулсан “№08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-г үндэслэн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч “****” ХХК-ийн захирал **** нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “****” ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, “****” ХХК-тай байгуулсан БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн хийгдсэн “****” ХХК болон “****” ХХК-ийн хооронд байгуулагдсан 08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хэргийн оролцогч талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.
Нэг. “****” ХХК нь 08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-ний үүргийн дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Усан спорт цогцолборын 2 давхарт байх боулингийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг иж бүрнээр нь чанартайгаар хийж гүйцэтгээд 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэхэд Өвөрхангай аймгийн Өмчийн газарт хүлээлгэн өгч, Засаг даргын Тамгын газраас томилогдсон комисст хүлээлгэн өгсөн байхаар харилцан тохиролцов.
Хоёр. Боулингийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын чанар, баталгаат хугацааг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар буюу захиалагч байгууллагаас тогтоосон хугацаанд “****” ХХК нь хариуцах болохыг бид харилцан тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан “№08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох “№08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор хангуулахаар хугацаа тохирч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид хугацаа тохирч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “****” ХХК-д холбогдох “№08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэрэгт зохигчид “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Усан спорт цогцолборын 2 давхарт байх боулингийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг иж бүрнээр нь чанартайгаар хийж гүйцэтгээд 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Өмчийн газарт, Засаг даргын Тамгын газраас томилогдсон комисст хүлээлгэн өгөхөөр” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “****” ХХК-аас 35100 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний 50 хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА