| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05563/И |
| Дугаар | 191/шш2025/01169 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/шш2025/01169
2025 02 07 191/ШШ2025/01169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** оршин суух, ******* овогт М.С*******/иргэний бүртгэлийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, ******* овогт Ц.Г******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох
Гэрээ зөрчсөнөөс 4,000,000 төгрөг буцаан гаргуулах, гэрээнээс учирсан хохирол 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Сособурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******* айгмийн ******* сумын хүн. ******* аймгийн суманд 100 га газар ногоо тарьсан. Тэжээлээ хураах зарыг цахим орчинд тавиад Ц.Г******* утсаар холбогдож, тэжээлээ хураалгаж, боолгохоор тохиролцоод 2023 оны 9 дүгээр сарын 30-нд Дархан хотод бид уулзаад Ц.Г*******гийн хүсэлтээр урьдчилгаа болгож, түүний Хаан банк дахь 53 тоот дансанд 4,000,000 төгрөг шилжүүлж, маргааш нь Ц.Г******* нэмээд 1,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь мөн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ц.Г******* тэжээл хадхаар очсон боловч трактор нь хадуураа ажиллуулж чадахгүй, дийлэхгүйгээс өөр трактор авч ирж хадна гээд явсан. Би утасдаад хүлээгээд байсан ч М.Г******* тэр чигтээ алга болсон. Би хэчнээн хоног хүлээгээд 10 дугаар сарын 20-доор талбай нь цайж хатаад, мал ороод яадагаа алдаад тэгээд өөр хүнээр комбайнаар хадуулсан.
Ц.Г******* Цээл сумаас очно та хүлээж бай гээд бас л мал ороод арга буюу боолгосон. Ц.Г*******гоос болж тэжээл малд идүүлж, хатаад хорчийгоод хорогдол гарсан. Би 100 га талбайгаас 8,000 хүрэхгүй боодол тэжээл хураасан. Ноднин өвөл *******д мал их үхсэн, тэжээл өвсгүй болоод үхсэн. Би өвөл болоход 1 боодол ногоон тэжээлийг 16,000 төгөгөөр авсан. Ийм учраас би хохирлоо төлүүлэхээр 7,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүний 1 сая төгрөгийг нь өгсөн тул 6 сая төгрөг нэхэмжилж байгаа.
Ц.Г******* орхиод явсан трактораа явуулчих би өвс хадмаар байна, илүү том трактор явуулна гэхэд нь би итгээд тракторыг нь банкийг нь дүүргэж өгөөд явуулсан. Настай хүн сэтгэл гаргаж байхад арай дэндүү хандаад байна. Ийм учраас өөрөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.С*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, М.С*******ын эзэмшдэг Хаан банк дахь 5 тоот дансны 2023.09.20-2023.10.20-ны өдрийн дансны хуулга,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Ц.Г*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа;
Шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Хариуцагчид шүүх хурлын тов мэдэгдэж, хариуцагчтай 94193979 дугаарын утсаар холбогдсон тухай тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М.С******* нь хариуцагч Ц.Г*******д холбогдуулан, 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба ******* аймгийн суманд 100 га газарт тарьсан ногоон тэжээл хураах талаар Ц.Г*******той тохиролцоод урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгсөн боловч хураалтын ажлыг Ц.Г******* хийгээгүй, 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн, тэжээл хатаад хорчийгоод хорогдол гарсан, өөрөө тэжээлийг хураан авч 2,000,000 төгрөгийн хохирол гарсан хэмээн нийт 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
3. Хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. Хэрэгт авагдсан М.С*******ын эзэмшдэг Хаан банк дахь 5 тоот дансны 2023.09.20-2023.10.20-ны өдрийн дансны хуулга нь теллерийн тэмдэг дарагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангаагүй, хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй боловч хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд 94193979 дугаарын утаснаас шүүгчийн туслахын утас руу ...миний эзгүйд шийдвэрлэнэ үү, нийт 5 сая төгөргөөс 1 сая төгрөгийг өгсөн, одоо хүлээн зөвшөөрч байгаа 4 сая төгрөг байгаа, хадуураа аваад барагдуулахад бэлэн гэх зурвас илгээсэн байна.
6. Талуудын хооронд ногоон тэжээл хураах ажил гүйцэтгэх хэлцэл байгуулагдаж, 5,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцэж байх бөгөөд ажил гүйцэтгэх тал ажлын хөлс 5,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Улмаар, хариуцагч Ц.Г******* нь ногоон тэжээл хураах ажлыг гүйцэтгээгүй ба хүлээн авсан 5,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.С*******д буцаан өгчээ.
8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй ба талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч М.С******* ажлын хөлсөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцнэ.
9. Харин нэхэмжлэгч М.Сособурам нь ногоон тэжээлийг хариуцагч хураахгүй удааснаас тэжээл нь малд идүүлж, хатаж, хорогдсон, өвөл хатуу болж мал их үхснээс ногоон тэжээл 1 боодлыг нь 16,000 төгрөгөөр худалдан авч хохирсон хэмээн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг шүүх хангах үндэслэлгүй гэж үзлээ.
10. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус зааснаар хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь дээр дурдсан 2,000,000 төгрөгийн хохиролтой холбоотой аливаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.
11. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, харуицагч Ц.Г*******гоос 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.С*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 110,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г*******гоос улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА