Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00025

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00025

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2021/00285 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч НДГЗБА-нд холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас хохирол учирсан болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сард Засаг даргын шийдвэрийн дагуу явж байна гэсэн хэсэг бүлэг этгээдүүд бичиг баримтаа танилцуулаагүй, мод тарихаар барьсан төмөр хашааг нурааж, нэхэмжлэгчийн санаачлагаар олон нийтийн хөрөнгөөр бий болгосон, хамгаалалтын төмөр хашааг нурааж ачиж авч явсан. Мод тарьсан газарт чацарганы төгөл бий болгосон, хүн ашиглах боломжгүй намагтай чийглэг газарт нь нэмж суулгац суулгаж, модны үр цацсан байсныг хамгаалалтын хашааг нурааж төрийн нэрийн өмнөөс хохирол учруулсан. Захирамжийг үзүүлээгүй, баримт үлдээгээгүй. Засаг даргын захирамжгүй мод тарьсан байна гэж ойлгомжгүй шаардлага тавьсан, хүн ашиглах боломжгүй газарт мод тарихад зөвшөөрөл авдаг журамтайг ойлголоо. Журмыг олж үзсэнгүй. НДГЗБА-ны хууль бус үйлдлийн улмаас өөрт нь хохирол учирсан эсэхийг тогтоолгохыг хүссэн. Нэхэмжлэгчийн тарьсан чацарганы модыг мал орж идсэн, иргэнд хохирол учирсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон. Үүнийг тогтоолгосны дараа бид дараагийн хохирлыг бодитой үнэлж шаардлага гаргах юм гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/213 дугаар захирамжаар дүүргийн 1 дүгээр хороо нэгдсэн зусланд 472 м.кв газрыг зуслангийн зориулалтаар С.Б-д олгосон. Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11/02 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Газар албадан чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/140 дугаар захирамжаар засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус албан даалгаварт тусгагдсаны дагуу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй хаалт, хашлагыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн хашаалсан нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, орц гарц хаасан айл өрхүүдийн хашааг албадан буулгах арга хэмжээ хийгдсэн. Дүүргийн ажлын хэсэг зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа барьсан иргэдийн газрыг албадан чөлөөлсөн. С.Б-гийн тус дүүргийн 1 дүгээр хороо, нэгдсэн зусланд байрлалтай илүү хашсан хашааг буулгасан. Хашааг буулгах явцад хэн нэгэнд хохирол учруулсан зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч НДГЗБА-нд холбогдуулан гаргасан хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан эсэхийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Б- давж заалдах гомдолдоо: Шийдвэр гарснаас хойш 37 хоногийн дараа шийдвэрийг явуулж байгаа нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалж байна. Иргэний хувийн өмчийн хашааг нураан авч явсан ба эргүүлж мөнгөөр үнэлэн худалдсан. Хууль зөрчин иргэдэд ноцтой хохирол учруулсан байхад эзэн холбогдогч нь олдохгүй байна гэж илт нөлөөнд автан хуйвалдаж хэргийг удаашруулж байсан. Хохирол учирсан бол үнэлгээ хийлгэх, хохирол тодорхойгүй гэх үндэслэлээр буцааж байсан.Тарьсан модыг хамгаалсан хашааг нураан авч явж малд идүүлж устгуулсан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, харьяаллыг өөр шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Нэхэмжлэгч С.Б- нь НДГЗБА-нд холбогдуулан 2019 оны 9 дүгээр сард Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчин бичиг баримтаа танилцуулаагүй, сонсох ажиллагааг хийхгүйгээр мод тарихаар барьсан төмөр хашааг нураан авч явснаас нэхэмжлэгчид хохирол учруулсан болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1/

 

Хэрэгт Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/213 дугаар захирамжаар дүүргийн 1 дүгээр хороо нэгдсэн зусланд 472 м.кв газрыг зуслангийн зориулалтаар иргэн С.Б-д олгосон баримт авагдсан.

 

Мөн хариуцагч ... Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11/02 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Газар албадан чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын орлогч С.Т-аар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан, уг ажлын хэсэг явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй хаалт, хашлага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн хашаалсан нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, орц гарц хаасан айл өрхүүдийн хашааг албадан буулгах арга хэмжээ хэрэгжүүлсэн, С.Б-гийн 1 дүгээр хороо нэгдсэн зусланд байрлалтай илүү хашсан хашааг албадан буулгасан гэж тайлбарлажээ./хх20/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хашаа буулган авч явсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгоно, хохирол учирсан гэсэн агуулгаар тайлбарлаж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлэх юм. Харин хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт хүсэх гол үндэслэл нь нь эрх зөрчигдсөн байх, уг зөрчигдсөн эрхийг хуульд заасан аргаар сэргээх явдал юм.

 

Иймд нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн зөрчигдсөн, хэн зөрчсөн, иргэний эрх зүйн хамгаалалтын ямар аргаар сэргээлгэхээр шаардаж байгааг тодруулах нь зүйтэй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах агуулгатай эсэх нь тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4, 62.1.5 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг, нэхэмжлэлийн үнийг тусгахаар зохицуулжээ. Хэрэв эдгээр зүйлийг дутуу тусгасан байхад хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол тодруулах шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох талаар заасан. Хэрэв мөнгө төлүүлэхээр шаардаж буй бол мөнгөн дүн тодорхой байх, эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилж байгаа бол эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүн тодорхой байх ёстой.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаатай холбоотой нотлох үүргийн хуваарилалт, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан. Хариуцагч нь төрийн байгууллагын хувьд түүнд бүх бичиг баримт мэдээлэл хадгалагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч илүү хашаалсан байсан гэснээс өөр баримт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хохирол учруулсан эсэх үйл баримтыг шүүх шалган тогтоох үндэслэлгүй, үйл баримт тогтоолгох нь бие даасан шаардлага биш, зөвхөн нотолгооны хэрэгсэл гэж ойлгомжгүй дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Чацарганы модыг мал идэж сүйтгэсэн, хашаагаа хайж байж олж аваад буцаан худалдан авсан зэрэг материаллаг хохирлыг тодорхойлжээ. Хэргийн үйл баримт тогтоогдоогүй, талууд бүрэн мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үнэ, шаардлага тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2021/00285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД