Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2025/00375

 

 

 

 

 

 

 

 

2025           06             06                                                 314/ШШ2025/00375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

            Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн **** сумын ****  тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 55 настай, ****,

            Хамтран нэхэмжлэгч: Дорноговь аймгийн **** сумын **** тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 56 настай, ***** нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 8 дугаар баг, 2-4 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 48 настай, ****,

            Хамтран хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 5 дугаар баг, барилгачид гэх газар оршин суух, 1977 онд төрсөн, 48 настай, ****,

            Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, 9-р хороо, ****тоотод оршин суух, 1975 онд, төрсөн 50 настай, ********* нарт холбогдох

            “20000000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, ****, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ****, хариуцагч ****, хариуцагч нарын өмгөөлөгч ****, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ****, **** нар нь хариуцагч ****, ****, нарт холбогдуулан “20000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч ****, **** нар нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч ****, ****, **** нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

2. Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2016 оны 07 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд эхнэр ****гийн хамт шатахуун борлуулах зорилгоор очсон юм. Ингээд тухайн үед Өлтийн аманд алтны бичил уурхай ажиллуулж байсан Уянга сумын 1 дүгээр сургуулийн захирал **** нь надтай уулзаж зээлээр дизель түлш өгөхийг хүссэн. Тухайн үед **** нь өөрийн найз ****, **** гэх залуучуудтай хамтран уурхай ажиллуулж байсан. Ингээд эхнэрээ хориглосоор байхад нь би “Баярмагнай бид нар нэг суманд адилхан төрийн байгууллагууд удирдаж ажиллаж байсан тул мөнгийг найдвартай өгнө гэсэн итгэлээр эхлээд 2016 оны 07 дугаар сарын 16-нд 14310 л дизель түлш, дараа нь 2021 оны 07 дугаар сарын 23-нд 10000 л дизель түлшийг тус тус өгсөн. Бид нар эдгээр залуучуудЫн хойноос Баянхонгор аймгийн заг, Байдраг гэх газарт хойноос явж очиж, хүнд байдалтай байхад нь ажил, албаны шугамаар тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Эхний үед түлш тооцооны төлбөрийг өгч байсан боловч төлбөрийг төлөхгүй байгаагаас бид нар Шунхлай трейдинг ХХК-ны өмнө гэрээний үүргээ биелүүлж чадахгүй өөрсдөө өр төлбөрт орж, улмаар шатахуун тээврийн авто машинаа хураалгасан боловч өр төлбөрийг гүйцэт төлж чадаагүй хүнд байдалд байна. Тухайн үед ****гаас бусдыг огт таньдаггүй байсан бөгөөд ганцхан түүнд итгэж явсаар ийм хүнд байдалд орлоо. 2020 оны 8 дугаар сарынд Уянга сумынд очиж Баярмагнайтай уулзах гэж гэрт нь удаа дараалан очиж зугтаагаад уулзаагүй бөгөөд утсаар “...та нар өдий хүртэл хүлээсэн юм чинь 11 дүгээр сарын 01 хүртэл хүлээчих...” гэсэн боловч нэг ч төгрөг өгсөнгүй. Мөн 2021 оны 03 дугаар сарын 01-нд Арвайхээрт найз ****ынх нь гэрийг олж уулзахад сар бүр 1000000 төгрөг төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлсөнгүй. Манай гэр бүлийн хувьд эдгээр залуучуудад итгэл үзүүлэн, эрхэлж байгаа ажилд нь туслан дэмжсэн хэдий боловч мөнгө өгнө гэж хуурсаар цаг хугацааг ихээр алдсан тул 20000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ техникийн алдаа гарган хариуцагч ****, ****, **** нарт дизель түлш хүлээлгэн өгсөн огноог буруу бичсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл “2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14310 литр дизель түлш, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10000 литр дизель түлш” хүлээлгэн өгсөн гэж бичсэн байгаагаа “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 23010 литр, 2000 литр буюу нийт 24010 литр дизель түлш хүлээлгэн өгсөн хэмээн зөвтгөн, тодруулан өгч байна. Түүнчлэн нэхэмжлэгч бид нэхэмжлэлдээ “хариуцагч ****, ****, **** нараас төлбөрийн мөнгө 20000000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд бид энэхүү шаардлагаа “Хариуцагч нарт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн нийт 24010 литр дизель түлшний үлдэгдэл төлбөр болох 20000000 төгрөгөөс хариуцагч ****гаас 6666670 төгрөг, хариуцагч ****аас 6666670 төгрөг, хариуцагч ****оос 6666660 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *****, **** нарт олгох тухай” гэж тодруулан өгч байна. Иймд нэхэмжлэгч ****, **** бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

3. Нэхэмжлэгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө нэхэмжлэгч ****ын хэлж байгаа зүйлтэй адилхан. Гэхдээ хариуцагч **** бол ****, **** нарыг худлаа хэлүүлж, бид нараас авсан түлшийг аваагүй гэж гүтгэж байгаа хүн нь **** гэж үзэж байгаа. ****аас бид нар хурдан өгөөд дуусгачихъя, сая, сая төгрөгөөр нь өгөөд ч хамаагүй дуусгана гэж хэлж байсан. Өрх гэрийн тэргүүн эцэг хүн байна тэр хэлснээрээ бидний мөнгийг өгчих. Та нарыг хулхидаж мөнгө авах гээд байгаа хүмүүс биш. Бид хоёр ч гэсэн амьдрах гэж явж байгаа нэг гэр бүлийн хүмүүс. Та нарын авсан бүх түлшийг дэвтэр дээрээ дэс дарааллаар нь биччихсэн байна. 2016 оны 06 дугаар сараас эхлээд авч эхэлсэн. 29810 литр түлшний 20000000 төгрөг үлдчихсэн байгаа энэ мөнгийг 3 хүнд хуваахаар нэг хүнд 6600000 төгрөг л оногдоно шүү дээ. Та нарын амьдрал хэцүү байгаа л гээд байх юм. Бид нарын амьдрал ч гэсэн сайн яваад байгаа юм байхгүй байна шүү дээ. Ямар сайндаа л энэ мөнгөний хойноос үхэн хатан өчнөөн жил явахад дээ. Би та нарт сэтгэл гаргая л даа. Та нар наад 6600000 төгрөгөөсөө 600000 төгрөг юм уу 1000000 төгрөгийг хасаад өгчих л дөө. Би тэрэнд үгүй шүү дээ. Өдөр, хоног тооцъё гэвэл би хүлээн зөвшөөрнө. **** надад зовлонгоо хэлээд саяхан эхнэр аваад хүүхэдтэй болсон гэж хэлж байсныг нь би ойлгоод л хүлээсэн. Жинхэнэ баруун зүүнээрээ түлшийг хүлээж авсан хүн нь ****. Ашгүй өнөөдрийн шүүх хуралдаанд сууж байгаад нь баяртай байна. Хэчнээн литр түлшийг яаж хүлээж авснаа дэвтэр дээрээ бичиж хүлээж авсан нь ****. Үүнийг хэл ам хэрүүл хийгээд байлгүй нэг хүнээс 5500000 төгрөг гаргаад бидний мөнгийг өгчих. Өнөөдөр, маргааш өг гэж хэлэхгүй. Өгөх цаг хугацаагаа бичээд өгчих. Тэгэх юм бол хариуцагч бүрээс 5000000 төгрөг аваад энэ асуудлыг дуусгая. Би хөлөө гэмтээгээд хөлний асуудлаар олон жил явсан. Хөлийнхөө асуудлаас гадна даралт ихсээд зүрхний асуудалтай байгаа. Энэ асуудлаас болоод хэсэг хугацаанд эмнэлгээр явсан. Энэ чинь хүндэтгэн үзэх шалтгаан мөн шүү дээ. Анхнаасаа тохиролцсон шүү дээ. Хэрвээ хүлээж авсан гээд гарын үсэг зуруулаад баримттай байсан бол энэ асуудал аль хэдийн шийдэгдчихсэн байсан байх. Тэгээд 29810 л түлш авчихаад аваагүй гэж гүрийгээд байх юм. Үнэхээр ичмээр юм. Та гурвын өмнөөс ичиж байна. Надад та нар шиг хүүхдүүд байгаа. Та нарыг өгчихье гэсэн сэтгэлийг чинь **** дарамтлаагүй байсан бол өгчих байсан байх гэж би боддог. **** бол эзэрхэг түрэмгий зантай хүн байна лээ. Над руу удаа дараа дайрсан. Тэр ****, **** гэж шилжүүлсэн мөнгөнүүд та нарын шилжүүлсэн мөнгө биш. Тэр 11000000 төгрөгийн **** гэдэг нь ****ын шилжүүлсэн мөнгө. Энэ мөнгийг та нар андуурах хэрэггүй. Яасан ч байсан та гурав түлш авсан. Одоо би “Шунхлай” ХХК-д өртэй явсаар 23 литр түлш ордог машинаа хураалгасан. Би та нарт түлш зээлүүлснээрээ өөрөө давхар давхар өрөнд орж байна. Та нарын хэлсэн бүх зүйлсийг би санаж байна. Тэр Байдрагийн гол дээр уулзаж байхад ах, эгч хоёр нааш цааш явсан замынхаа зардалд хэрэглэчихээрээ гээд бараг тэврэлцээд салцгаасан биз дээ. Бор хавтастай дэвтрийн баруун доод талд юу гэж бичиж байснаа ч мэдэж байна. Бүр нарийн тооцох юм бол 20000000 төгрөгөөс ч илүү мөнгө байгаа шүү. гэв.  

 

4. Хариуцагч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд түлш өгсөн нь үнэн. Бензин зээлээр авахаар тохиролцоод Уянгын алтны уурхай дээр буулгаж байсан. Тухайн үедээ бид нарт их тус болж байсан баярлалаа гэдгээ хэлж байсан. Өмнөх шүүх хуралдаануудад ч энэ тухайгаа хэлж байсан. Бид нарт ч гэсэн нааш цааш явах ч гэсэн хэцүү байна. Ажил төрөл хиймээр байдаг, чөлөө авах болдог зүйл зөндөө л байгаа. **** гэдэг хүнээс мөнгө орж ирсэн нь адилхан нэртэй хүн байсан. Бас **** гэдэг хүнээс мөнгө орж ирсэн гээд байна. Доржийн **** гэдэг хүнийг хэлээд байх шиг байна. Тэр хүнээс 11000000 төгрөг орж ирсэн гээд байна. Манайх 11000000 төгрөг ерөөсөө хийгээгүй. ****гэдэг хүн бий. Бид нар Төмөрөө гэдэг. Тэр хүний данснаас 11600000 төгрөгийг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд ******* гэдэг хүний данснаас 10000000 төгрөгийг **** эгчийн данс руу хийсэн. Дараа нь ****** гэдэг хүнээс буюу ****ын эхнэрээс 2500000 төгрөгийг ****гийн данс руу хийсэн. Тэгээд Уянгад байж байгаад 9300000 төгрөгийг өгсөн. Мөн **** өөрийн биеэр 2000000 төгрөгийг хотод өгсөн гэсэн. Байдраг гол дээр байж байхад 2310000 төгрөгийн алтыг өгсөн. Энэ алтыг өгсөн байгаа. Гэхдээ та хоёр цагаан 80-тай Архангайгаас давж орж ирэхэд чинь тэр алтыг өгсөн. Та хэдийг энд ажиллаж байгаа гэхээр нь чинь би хоёр даваад ороод ирлээ, одоо бид нар буцлаа гэж хэлж байхад чинь бид 2310000 төгрөгийн үнэтэй алт өгсөн нь үнэн. Тэгсэн түлшдээ зарцуулаарай гэж өгсөн гээд байна. Байдраг руу Архангайгаас даваад ороод ирэхэд 2,300,000 төгрөгийн түлшний мөнгө гарна гэж юу байхав. Аль аль нь нааш цааш явах үнэхээр хэцүү байна. Дэвтэр хөтөлдөг гээд байна. Би биш **** хөтөлдөг байсан шүү. Ийм тонны түлш буулаа гэж хэлэхээр **** хөтөлдөг байсан. Тэрнээс би дэвтэр хөтлөөд байсан юм байхгүй. Одоо 31850000 төгрөг өгөхөөс 27810000 төгрөг өгсөн гэсэн дэвтэр дээр бичсэн болон дансны хуулгууд байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгөнөөс тооцож үзэхээр бид 4040000 төгрөг л өгөх юм байна лээ. Өөр өгөх мөнгө байхгүй гэв.  

 

5. Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: **** нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн миний нэр дээр төлбөрийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Миний бие 2016 оны 7-9 дүгээр сар хүртэл зун ажлын амралтаараа Уянга сумын Өлт гэдэг газарт өөрийн найз ****, **** нарын уул уурхайн ажилд тусалж хамтран ажиллаж байтал манай суманд цагдаагийн дарга хийж байсан **** 2016 оны 07 дугаар сард манай уурхай дээр ирж ах нь түлшний бизнес хийж байгаа уурхайнуудаар яваад ирлээ ахынхаа бизнесийг дэмжиж түлш ав гэхээр нь одоохондоо бэлэн мөнгө байхгүй зээлээр авч мөнгөө цувруулж өгч байя гэж тохиролцоод 2016 оны 07 дугаар сард 5 тн түлш, 2016 оны 8 дугаар сард 6 тн түлш, мөн 8 дугаар сарынд 8 тн түлш авсан бөгөөд ****ын хэлж байгаа шиг 2 удаа 24310 л түлш аваагүй бөгөөд 3 удаа 20 тн түлш авсан. Манай уурхай 5 тн литрийн багтаамжтай нэг ёмкос, 3 тн 800 литрийн багтаамжтай нэг ёмкостой байсан бөгөөд 10 тн, 14 тн авах сав ч байхгүй байсан. Харин сүүлийн удаа түлш авахад түлшний машиныхаа тоолуурын хошууны ард хаймар хайчилж хийгээд дутуу шахаж байсныг илрүүлж өмнө нь бас ингэж биднийг хуурч байсан юм уу гэж уурлахад санаандгүй хаймар орсон байна уучилаарай гээд энэ түлшнээсээ 100 л түлш хасаж тооцоё гэж байсан. Иймд ****тай нийт авсан 19900 л түлшний 31850000 төгрөгний тооцоо хийхээс манай уурхайгаас алт авдаг байсан ****оор 10600000 төгрөг шилжүүлсэн. ****ыг 2021 оны 08 дугаар сард уурхай дээр ирэхэд миний бие 900000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд надтай хамт **** хамт байсан. Мөн найз ****, **** нар Баянхонгор аймгийн Заг, Байдраг гэх газарт уурхай ажиллуулах гэж очсон үедээ ****, эхнэр **** нарыг өр нэхэж очих үед тухайн үеийн ханшаар 2310000 төгрөгний 30.4 гр алт өгсөн. Мөн **** эхнэр ******* данснаас 2000000 төгрөг шилжүүлж нийт 27850000 төгрөг өгч одоо 4000000 төгрөгний өр үлдсэн бөгөөд түүнийгээ одоо хүртэл өгч чадаагүй нь үнэн. Бид үлдэгдэл өрийг тооцоо хийж өгнө гэж олон удаа хэлж байсан бөгөөд алт олдохгүй, техникийн эвдрэл их, зарлага өндөр байснаас уул уурхайн ажил бүтэлгүйтэж олон хүнд өртэй болж үйл ажиллагаа маань зогссон, манай 2 найз хоёулаа эрхэлсэн ажилгүй, би цалинийн зээлтэй тул өгөх боломж бололцоо байхгүй өдийг хүрсэн. Харин **** 2 жил шахам чимээгүй байж байснаа утсаар ярихдаа болон уулзах үедээ бид олон жил хохирч байна хүү, алдагдал, хохирлоо төлүүлж 20-оод сая төгрөг авна гэж ярьдаг байсан. Би болон миний найзууд танд тийм их мөнгө өгч чадахгүй. Танд өгөх ёстой мөнгөө л өгнө гэж хэлдэг байсан. ****, **** бид гурав уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байхдаа бүх юм аа бичдэг дэвтэр дээр ****ын түлшний тооцоо бүх өгсөн мөнгөний тооцоо байгаа хамт сууж нийлье гэхээр хүлээж авдаггүй, уулздаггүй байсан гэжээ.

 

6. Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны зун Уянга сумын Өлт хэмээх газар алтны бичил уурхай ажиллуулж байхад уг нэхэмжлэлд хариуцагчаар татагдаж байгаа **** нь зуны амралтаараа бидэнд туслах зорилгоор бидэнд туслах зорилгоор хамт ажиллаж байсан. Тухайн үед **** эхнэр **** нар Улаанбаатар хотоос түш зөөж алтны уурхайнуудаар борлуулдаг байсан бөгөөд манай уурхай дээр ирж түлш авах уу гэж асуухад **** ****ыг таньдаг учраас зээлээр түлш  авч мөнгөө цувруулж өгч байхаар тохиролцож 2016 оны 07 дугаар сард 5000 л, 2016 оны 8 дугаар сард 7000 л , 8000 л түлш тус тус зээлээр авч нийт 20000 л түлш авсан. Харин сүүлд түлш өгөхдөө дутуу өгөхдөө дутуу шахсан гэх маргаанаас болж 100 л түлш хасахаар болсон юм. Тухайн үед 1 л түлшийг 1600 төгрөгөөр авсан байсан. Иргэн ****д нийт 19900 л түлшний 31850000 төгрөг өгөхөөс манай уурхайгаас аль авдаг байсан ****** 10600000 төгрөг, найз ******** 10000000 төгрөг, эхнэр ******* дансаар 2000000 төгрөг шилжүүлж ****ыг манай уурхай дээр ирэхэд нь ****, **** нар 900000 төгрөг, миний бие 2000000 төгрөг бэлнээр, Баянхонгор аймгийн Заг, Байдрагт байхдаа **** бид хоёр ****, **** нарт 2310000 төгрөгний алт өгсөн. Дээрхи мөнгө шилжүүлсэн хүмүүс ******, Магнайгаас, ****оос гэх мэт ****ын эхнэр ****гийн данс ру мөнгө шилжүүлсэн ба банкны баримтууд нь гэрчлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл гэрчээр дуудаж болно. Мөн бэлэн мөнгө өгсөн нь бидний уурхайн үйл ажиллагааны тооцооны дэвтрийн тэмдэглэл, мөнгө өгөхөд хамт байсан хүмүүсээр нотлогдоно. Иргэн ****д 4000000 төгрөгний өр үлдсэн бөгөөд энэ мөнгийг нь өгч чадаагүй өдий хүрсэн бөгөөд алтны уурхай ажиллуулж байх үедээ бид шатаж олон хүнд өрөнд орсон ба одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй өлийг хүрсэн. 2021 оны 03 дугаар сард ****, эхнэр **** нартай **** биеэр уулзаж **** утсаар холбогдож ярилцаад биеэрээ уулзаж тооцоо нийлсний дараа сар бүр 1000000 төгрөг 3-лаа ээлжилж төлье гэж тохиролцсон боловч ****той Өвөрхангай аймагт 1 удаа таарах үедээ дараа тооцоо нийлье одоо завгүй байна гээд явсан бөгөөд дахин холбогдохгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Бид ****д нэхэмжилж байгаа шиг 20000000 төгрөгний өр байхгүй ба хоорондоо тохирсон гэрээ хэлцэл байхгүй бөгөөд хэн нэг хүний бизнесийн алдагдал, хүү, алданги, хохирлыг бид төлж барагдуулж чадахгүй. Иймд энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн:  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримт, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1/007 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгслийн хүлээн авах хүлээлгэн өгөх шалгах хуудас, “Хаанхатан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2016 оны 7 дугаар сарын 04, 07 дугаар сарын 29, 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн ШТМ-ын зарлагын падаан, шатахууны сорилтын дүнгийн хуудас, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Шунхлай трейдинг ХХК-ийн Хаан хатан ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******** утасны бичлэг яриа гэсэн бичиг бүхий CD-1 ширхэг,

 

8. Хариуцагч нараас дараах баримтуудыг гаргаж өгсөн: ****ийн данснаас Магнайгаас ****д 3 сая, 2 сая төгрөг, ****ийн данснаас Магнайгаас ****д 3 сая төгрөг, ****ийн данснаас ****гаас ****д 600000 төгрөг,  ****ийн данснаас ****гаас ****д 2 сая төгрөг, ****ын данснаас ****гаас ****д 10 сая төгрөг, **** данснаас ****оос ****д 2 сая төгрөг гэсэн тайлбар бүхий дансны хуулгууд, Уурхайн данс тооцооны дэвтрийн хуулга, ****ийн 5554064999 тоот дансны  2016 оны 07 дугаар сарын 24, 08 дугаар сарын 05, 08 дугаар сарын 08-ны өдрүүдийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, **** 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, ****гийн 5007542984 тоот дансны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

9. Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ****гийн хүсэлтээр Ариг банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 232 тоот албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/03-323 тоот, Хас банкны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56/959 тоот, Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29/2357 тоот, Тээвэр хөгжлийн банкны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04/01-206 тоот, Чингис Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БХ/225 тоот, Капитрон банкны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Д/256 тоот, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/2195 тоот алба бичгүүд, ****ийн Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх дансны хуулга, Богд банкны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/889 тоот, Төрийн банкны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10/1534 тоот албан бичгүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/2193 тоот албан бичиг, өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн мэдээлэл, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 тоот албан бичиг, ****, ****, **** нарын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Өвөрхангай аймгийн газрын харилцаа, барилга, хот  зохион байгуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 126 тоот албан бичиг, ****, **** нарын газрын мэдээлэл, Голомт банкны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14/ХХ/03-517 тоот, Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5540/212 тоот албан бичгүүд, ****гийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****ийн оршин суугаа хаягийн лавлагаа,

Хариуцагч ****, **** нарын хүсэлтээр ****, нэхэмжлэгч ****ын хүсэлтээр ****аас тус тус гэрчийн мэдүүлэг авсан, ****гийн Хаан банкны 5007542984 тоот дансны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

****, **** нарын хүсэлтээр нэхэмжлэгч ****ын “хар өнгийн хатуу хавтастай тооцооны дэвтэр”, ****гийн “улаан өнгийн хатуу хавтастай тооцооны дэвтэр”, хариуцагч ****, ****, **** нарын “бор өнгийн хатуу хавтастай тооцооны дэвтэр”-үүдэд, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2830 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2.  Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            3. Нэхэмжлэгч ****, **** нар дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хариуцагч нарт 29810 литр түлшийг 1750 төгрөгөөр тооцон өгсөн. Нийт 12600000 төгрөгийг хариуцагч нар төлсөн...” гэж тодорхойлсон.

            Хариуцагч ****, ****, **** нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “....нэхэмжлэгч нараас нийт 19900 л түлшний 31850000 төгрөгний тооцоо хийхээс манай уурхайгаас алт авдаг байсан ****оор 10600000 төгрөг шилжүүлсэн. ****ыг 2021 оны 08 дугаар сард уурхай дээр ирэхэд миний бие 900000 төгрөг бэлэнээр өгсөн бөгөөд надтай хамт **** хамт байсан. Мөн найз ****, **** нар Баянхонгор аймгийн Заг, Байдраг гэх газарт уурхай ажиллуулах гэж очсон үедээ ****, эхнэр **** нарыг өр нэхэж очих үед тухайн үеийн ханшаар 2310000 төгрөгний 30.4 гр алт өгсөн. Мөн **** эхнэр **** данснаас 2000000 төгрөг шилжүүлж нийт 27850000 төгрөг өгч одоо 4000000 төгрөгний өр үлдсэн бөгөөд түүнийгээ одоо хүртэл өгч чадаагүй...” тайлбарлан маргажээ.

         4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч ****, ****, **** нарыг Өвөрхангай аймгийн уянга сумын “Өлт” гэх газар алтны бичил уурхай ажиллуулж байхад нэхэмжлэгч ****, **** нар нь дизелт түлш нийлүүлсэн болох нь зохигчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдах авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Хариуцагч ****, ****, **** нар нь амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нар нь гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.  

 

Зохигчид худалдсан болон худалдан авсан түлшний хэмжээ үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргасан мөн хариуцагч нараас өгсөн 30.4 грамм алтыг 2310000 төгрөгөнд тооцож аваагүй гэж нэхэмжлэгч нар тус тус тайлбарлан маргалдаж байгаа боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, зохигчид нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Иймд хариуцагч нарын худалдан авсан түлшний хэмжээг тэдний зөвшөөрсөн хэмжээ буюу 19900 литр түлшээр тооцож, нэгж үнийг 1750 төгрөгөөр талууд худалдах, худалдан авсан үзэн хариуцагч нарын төлсөн 12600000 төгрөгийг хасч 22225000 төгрөгийг хариуцагч нар хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 20000000 төгрөг гаргуулахыг хүссэн тул нэхэмжлэгч нарын 20000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

8. Гэрч ******* “...2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ****ын эхнэр гээд бор намхан хүүхэнд ****, **** нар мөнгө өгөхөд би хажууд нь машин дотор сууж байсан. ****, **** нар тэр машин дээр очоод тэр хүүхэнд 900000 төгрөгөө тоолж өгөхөд нь би харсан...” талаар мэдүүлжээ.

 

Нэхэмжлэгч **** нь дээрхи гэрчийн мэдүүлгийг үгүйсгэн гэрч худал мэдүүлэг өгсөн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч энэ талаархи баримтаа гаргаж өгөөгүй тул гэрч ****ын мэдүүлгийн үнэн зөвд тооцон нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй байна.

 

9. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нарын төлсөн 3210000 төгрөг/ 900000+2310000 төгрөг/-ийг хасч тооцон 16790000 төгрөгийг  хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 3210000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ****, ****, **** нараас 241900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

11. Хариуцагч ****, ****т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ****гаас 5596666.67 төгрөг, ****аас  5596666.67 төгрөг, ****оос 5596666.67 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****, **** нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2310000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ****, ****, **** нараас 241900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА