| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00043/Э |
| Дугаар | 00053 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 00053
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч Ж.Д оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дд холбогдох 1832000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1962 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хотод Тэнгэрлэг бамбай ХХК-д хамгаалагч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 7 удаагийн шийтгэлтэй
-1976 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 02 жил 01 сар хорих ялаар
- 1979 онд Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 01 жил 06 сар хорих ялаар
- 1981 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б, 63 дугаар зүйлийн В-д зааснаар 03 жил хорих ялаар
- 1981 онд Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлийн Б-д зааснаар 10 жилийн хорих ялаар
- 1984 онд Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б, 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 09 жил 09 сар 07 хоногийн хорих ялаар
- 2001 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 60000 төгрөгөөр торгох ялаар
- 2013 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 03 жил 05 сар 05 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жамсрангийн Д. /РД: */
Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Болдбаатарын алт мөнгөний дарханы газарт хохирогч С.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь модон иштэй алхаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дгийн өгсөн…. ... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр алт мөнгөний дарханы газарт хохирогч С.Этай хэрэлдэж маргалдаад дархан хийдэг алхаар толгойн тус газарт нь 2 удаа цохисон. Тэгээд гарч яваад цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би 15 цагийн үрчимд алт мөнгөний дархан дээр очиж хөөргөндөө нуух хийлгэх гээд ортол тэр дотор Д, Эб болон дархан хийдэг Болдбаатар, Болдбаатарын дүү энэ хэд байж байсан. Би тэгээд хүн явуулж тэд нарт нэг шил архи авчирч өгсөн. Тэр архийг бид нар тэр дарханы газар хувааж уусан. Тэнд юм хийлгэж байсан чинь алт мөнгөний дархан алтнаас чинь жаахан илүү гарлаа хөөрөгний халбага хийх үү гэсэн чинь Д согтуу байсан учир муу пиздаа алтаар баярхлаа гээд хэрүүл өдсөн. Тэгээд би Дг гараад уулзъя гээд гадаа гартал намайг Д хоёулаа урд нь маргалдаж хэрэлдэж найзалж явлаа одоо хоёулуу маргалдаад яах вэ гээд үнэсээд байхаар нь би тэрийгээ мэдэж байгаа бол чи муудсан байна одоо харьчих гэсэн. Тэгээд бид хоёр буцаад орсон. Орж ирээд юмаа хийлгээд сууж байсан чинь Д орж ирээд бас л та нар булагналаа гээд агсраад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би дахиад гараад уулзъя гэж хэлээд гарах гээд хаалганы тэнд очиж байх үед араас намайг Д толгой руу 2 удаа цохисон байсан. Би тухайн үед Дг цохихыг хараагүй. Дараа нь Эб ах хэлэхдээ Д чамайг 2 удаа цохих үед би гарнаас нь алхыг булаагаад авсан гэж байсан. Тэгээд Д гараад яваад өгсөн гэж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 23-24 дүгээр хуудас/
Гэрч Б.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би алт мөнгөний дархан хийдэг Болдоо дээр орж эмээлийн мөнгөн туурга хийлгэх гэж өрөөнд нь сууж байсан чинь араас өндөр хочтой Д орж ирээд хажууд суусан. Удаагүй Э бас орж ирээд Э ах юу байна гэж надтай мэндлээд миний зүүн талд суусан. Харин миний баруун талд Д суугаад Д, Э хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би болио гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоёулуу гаръя гэж хэлээд гадагшаа гарчихаад буцаад хэрэлдэж маргалдаж орж ирээд дахин хоорондоо гаръя үзье гээд Э хаалга онгойлгох гэж байхад Д доош тонгойх шиг болоод алх бариад Эын толгойны ар хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон харин би Дгийн барьж байсан алхыг барьж авахад Э доошоо суучихсан Д дээгүүр нь давж алхаад гараад явчихсан. Эын толгойноос цус асгараад байхаар нь би Эыг битгий хэвт гэж хэлээд өндийлгөсөн. Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/
Гэрч Т.Эзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ Болдбаатар ахын хажууд юм хийгээд сууж байсан чинь Эб ах юм хийлгэнэ гээд орж ирсэн. Удалгүй араас нь Д орж ирээд Э ах бас араас нь хөөрөгний нуух хийлгэх гээд орж ирээд Д, Э ах хоёр хоорондоо маргалдаад тэр хоёр хоорондоо зодоон хийх юм болоод гарсан. Тэгээд удалгүй дахиж орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад Э ах хаалга онгойлгоод яг гарсан чинь Д Болдбаатар ахын хажууд байсан дарханы алхыг аваад Э ахын толгой руу нэг удаа цохиод дахиж нэг цохих гэж байгаад хаалганы шил хагалчихсан. Э ах хойшоо унаад Эб ах Дгийн барьж байсан алхыг аваад Дг би гар гэж хэлсэн чинь Д дарханы газраас гараад явсан. Харин Э ахын толгойноос цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 66 .... Дүгнэлт:
1.С.Эын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 26 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 14-16 дугаар хуудас/
Ж.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 37 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Болдбаатарын алт мөнгөний дарханы газарт хохирогч С.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь модон иштэй алхаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.Дгийн хохирогч С.Эыг цохиж зодсон үйлдэл нь алтаар баярхлаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч С.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Жамсрангийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д нь 600000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН