Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/774

 

 

 

 

 2024            07              03                                        2024/ДШМ/774

 

                                                  А.Ад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А өмгөөлөгч М.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлоор А.Ад холбогдох 2305025862236 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч А.А нь “К” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын дарга А.Н, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С нартай Г/22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлын хүрээнд Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2500 ширхэг вакцин, 5 литр шингэлэгч зэргийг өгч, ажлын хөлсөнд 1.043.550 төгрөг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас вакцин тарих хөлс, шимэгч өвчний туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилт болох 10.250.000 төгрөгийг тус тус олгосон байтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тэжээвэр амьтадтай айл өрхүүдээс “...вакцин хийсэн төлбөр, туулгалт, ариутгалын бодисын үнэ 1 амьтны 5000 төгрөг болно. ...” гэж давхардуулан мөнгө хураан авч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, нэр бүхий 249 иргэнээс 5000-10000 төгрөг ХААН банкны 5024149335 тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 1.445.000 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч А.А шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нийт 1.445.000 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.А өмгөөлөгч М.Цогтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Г22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээг буруу тайлбарласнаас ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой иргэний эрх зүйн гэрээний харилцааг Эрүүгийн хуульд тодорхойлсон “залилах” гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

1.1. Шийтгэх тогтоолд “...гэр хороолол дахь мал, тэжээвэр амьтныг халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С,
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Н, “К” ХХК-ийн захирал
А.А нар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г22-А дугаартай “Мал эмнэлгийн
ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу Нийслэлийн Мал эмнэлгийн
газраас 2500 ширхэг вакцин, 5 литр шингэлэгчийг өгч, ажлын хөлсийг 1,043,550 төгрөгөөр
тооцсон, харин Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас вакцин тарих хөлс, шимэгч
өвчний туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилтэд 10,250,000 төгрөг “К”
ХХК-д тус тус олгожээ...” гэж дүгнэсэн нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан
нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

          Тодруулбал, хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх гэрээ”-нд дээрх шүүхийн дүгнэлтэд дурдсанаар “...шимэгч өвчний туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилтэд 10,250,000 төгрөг...”-ийг “К” ХХК-д олгосон...” гэсэн агуулга бүхий зүйл заалт огт байхгүй. Яллах дүгнэлтэд мөн адил Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас шимэгчтэх өвчинд шаардагдах бараа материалын зардал нь гэрээний үнийн дүнд орсон мэтээр үйлдэж, гэрээний агуулгыг буруу тайлбарласныг анхан шатны шүүх уг асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөвтгөлгүйгээр дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэсэн.

          “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6.1-д “гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын үйлчилгээний хөлсийг 3, 4 дүгээр улиралд ажлын гүйцэтгэлээр олгоно...” гэж тохиролцсон боловч гэрээний талууд болох Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон “К” ХХК нар тухайн хавсралтыг баталгаажуулаагүй. Гэрээний дээрх заалтад “ажлын үйлчилгээний хөлс” гэснээс түүнийг хийхэд зайлшгүй шаардлагатай бараа материалын үнийг оруулж тооцсон, улмаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсанчлан төсвөөр уг зардлыг санхүүжүүлсэн гэх нэг ч утга агуулга бүхий тохиролцоо байхгүй болох нь тогтоогддог.

          Дээрхээс үзвэл, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мал эмнэлгийн газар
болон “К” ХХК нар нь анх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Г22-А дугаартай
“Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээг байгуулахдаа ажил үйлчилгээний хөлсөнд тухайн
ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхтэй холбоотой зайлшгүй гарах бараа материалын зардал
багтсан эсэх, уг зардлыг хэн, хэрхэн хариуцах талаар нарийвчлан тохиролцоогүйгээс
холбогдогч А.А залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүхээс эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үндэслэл болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” гэх үндэслэлд хамаарч байна.

          Хоёр. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль болон эрх зүйн
ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитоор хянаж,
бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэх, эх сурвалжийг нь магадлах аргаар
нотлох баримтыг шалгах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хэрэгжүүлж чадаагүй.

          2.1. Шийтгэх тогтоолд “...1 дүгээр хавтасны 233 дугаар талд авагдсан “Мал
эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлын төсөв” гэсэн хүснэгтээс үзвэл
шимэгч өвчний туулгалтын зардал, халдваргүйжүүлэлтийн зардлын санхүүжилтийг тус тус  уг төсөвт оруулж тооцжээ...” гэж дүгнэсэн. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тайлбарлаж, мэтгэлцсэн бүхий л үндэслэлийг уг нотлох баримтаар няцаасан агуулгаар шийтгэх тогтоолд үнэлсэн байдаг.

          Шүүхээс үнэлсэн тухайн хүснэгтэн мэдээллийн 3 дахь хэсэгт “НИТХ-ын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тогтоолоор баталсан үйлчилгээний хөлсний норматив /төгрөг/” гэж тодорхой бичсэн байтал тухайн үйлчилгээнд хэрхэн, яаж бараа, материалын үнэ тухайн “норматив хөлс”-д багтсан болохыг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

          Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх талаар зохицуулсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан.

          Хуулийн уг зохицуулалтыг, шүүхээс гэм буруутайд тооцохдоо үнэлсэн хүснэгтэн
мэдээлэлттэй харьцуулан үзвэл, “норматив хөлс” гэдэг нь Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон “К” ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний “хэлэлцэн тохирсон хөлс” буюу зөвхөн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлсний үр дүнд олгож буй хөлс гэж үзэх хангалттай хууль зүйн үндэслэл байсан.

          Хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч “норматив хөлс” гэдгийг хэрхэн ойлгох, түүнд юу багтсан, багтаагүйг хууль зүйн үүднээс тайлбарлаж, дүгнээгүй тохиолдолд энэ талаарх шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий болж чадсан гэж үзэх боломжгүй юм.

          2.1. Анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Г22-А дугаартай
“Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээний дагуу “К” ХХК нь зохих санхүүжилтийг авсан атлаа тус компанийн захирал А.А нь айл өрхүүдээс давхардуулан мөнгө хураан авч бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

          Энэхүү гомдлын 1.1-д Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг дарга болон мал эмнэлгийн үйлчилгээний “К” ХХК нар 2022 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажил үйлчилгээний хөлсөнд тухайн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхтэй холбоотой зайлшгүй гарах бараа материалын зардал багтсан эсэх, уг зардлыг хэн, хэрхэн хариуцах талаар нарийвчлан тохиролцоогүй үйл баримтыг шүүх тогтоож чадаагүй талаар дурдсан.

          Тэгвэл, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг дарга болон мал эмнэлгийн үйлчилгээний “К” ХХК нар нь 2024 онд “Мал эмнэлгийн ажил гүйцэтгүүлэх гурвалсан гэрээ” байгуулсныг хэрэгт нотлох баримтаар гаргаж, гэрээний 6.9-д “Энэхүү гэрээний 3.3-д заасан шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санхүүжилт болон зардал нь 6.1-д заасан үнийн дүнд ороогүй. Уг арга хэмжээтэй
холбоотой зардлыг мал, амьтан өмчлөгч өөрөө хариуцна” гэж тохиролцсон байдаг.

          Дээрхээс үзвэл, 2022 оны Г22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээнд ажил үйлчилгээний хөлсөнд тухайн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхтэй холбоотой
зайлшгүй гарах бараа материалын зардал багтсан эсэх, уг зардлыг хэн, хэрхэн хариуцах тталаар тодорхой бус байдлаар тохиролцсон асуудлыг 2024 онд байгуулсан дээрх 4 гэрээгээр нарийвчлан тохиролцсон байна.

          Өөрөөр хэлбэл, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг дарга нар анхнаасаа учир дутагдалтай стандарт бүхий гэрээг гаргаж, түүний дагуу байгуулсан асуудалд А.А нь гэм буруугүй. 2024 онд байгуулсан гэрээгээр холбогдох санхүүжилт нь өмнөх он жилүүдэд байгуулсан гэрээний адил “НИТХ-ын 2014 оны 01 дүгээр 23-ны өдрийн 05 тогтоолоор баталсан үйлчилгээний хөлсний норматив /төгрөг/”-өөр тооцож олгосон болохыг дурдах зүйтэй.

          2024 онд байгуулсан гэрээний 6.9-д шимэгчтэх өвчинтэй холбоотой урьдчилан
сэргийлэх арга хэмжээнд шаардагдах бараа, материалын зардлыг иргэн, хуулийн этгээд
өөрсдөө хариуцахаар заасан. Үүний дагуу “К” ХХК-иас тухайн үйлчилгээг үзүүлэхдээ “бэлдмэл, хлорын шохоо, зориулалтын уут”-ны үнийг иргэн, хуулийн этгээдээс авсныг дахин зохих санхүүжилт олгосоор байтал давхардуулан айл өрхөөс төлбөр авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх буюу яг адил асуудлаар айл өрхүүдээс шимэгтгэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд мөнгөн хөрөнгө авах асуудлыг үнэлж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэх судлах, бусад нотлох баримттай харьцуулах үүргээ анхан шатны шүүхээс бүрэн гүйцэд хийж чадаагүй.

          Түүнчлэн, анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд тэжээвэр амьтадтай айл өрхүүдээс шаардлагатай бараа, материалын үнийг авч болохгүй талаар зохицуулсан буюу хориглосон ямар хэм хэмжээ зөрчсөн болохыг шийтгэх тогтоолд огт дүгнээгүй /энэ талаар гомдлын 3.1, 3.2-т тодорхой бичсэн/, зөвхөн хэргийн 1 дүгээр хавтасны 233 дугаар талд авагдсан хүснэгтэн мэдээллийг үнэлж, гэм буруутайд тооцсон нөхцөлд дээр дурдсан 2024 оны ажил гүйцэтгэх гэрээг 2022 онд байгуулсан гэрээтэй зайлшгүй харьцуулан дүгнэж, хэрэв үнэлэх боломжгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нөхцөлд няцаасан үндэслэлийг заавал заах учиртай.

          Иймээс, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй
байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй талаар
зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзнэ.

          2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Г22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээний дагуу захиалагч тал болох Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг даргааас 2 төрлийн ажил үйлчилгээ байхад нэг төрлийн үйлчилгээнд холбогдох бараа, материалаар хангаж, харин нөгөө үйлчилгээтэй холбоотой бараа материалыг гүйцэтгэгчид олгоогүй байдаг.

          Тодруулбал, 2022 оны Г22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээний
дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэд, хуулийн этгээдийн тэжээвэр амьтанд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн 2 төрлийн ажлаас галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулан вакцин өгсөн атлаа шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан бэлдмэлийг олгоогүй байдаг.

          Шүүхээс хэргийн 1 дүгээр хавтасны 233 талд авагдсан хүснэгтэн мэдээлэлд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ажлын хөлс, туулгалтын бодис, хлорын шохооны үнэ зэрэг зардлыг төсөвт оруулан тооцож, санхүүжилтийг олгосон гэж дүгнэдэг.

          Ийнхүү шүүхийн дүгнэлтийг, уг хүснэгтэн мэдээлэлд байгаа бусад хэсэгт харьцуулбал галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой “үйлчилгээний хөлсний норматив”-т галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой вакцины үнэ нь 1500 төгрөгт орсон гэж ойлгогдохоор байхад яагаад, ямар учраас захиалагч болох Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг даргааас тусгайлан вакциныг биет байдлаар олгож байгаа нь ойлгомжгүй байна.

          Тодруулбал, шүүхээс А.А зохих санхүүжилтийг авсан атлаа иргэдээс давхардуулан мөнгө авч, “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж шууд буруутгасан нотлох баримт болох хэргийн 1 дүгээр хавтасны 233 талд авагдсан хүснэгтэн мэдээлэлд яг ижил утга агуулгаар “үйлчилгээний хөлсний норматив”-ыг зааж, мөнгөн дүнг илэрхийлсэн хоёр өөр ажлын бараа материалын нэгийг өгсөн, нөгөөг нь өгөөгүй байхад шүүхээс бүх зардлыг багтаасан, зохих санхүүжилтийг олгосон мэтээр дүгнэсэн нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн
тухай үндэслэлийг заагаагүй талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн.

          Гурав. Анхан шатны шүүх прокурор болон өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн талаар дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

          Прокурор буюу улсын яллагчаас А.А тайлбарлаж буй шимэгчтэх өвчинтэй холбоотой туулганы бэлдмэл, хлорын шохоо, зориулалтын уут зэрэг нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасны дагуу улсын төсөвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан учир айл өрхүүдээс давхардуулан төлбөр авсан нь “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн мэтгэлцсэн хуулийн үндэслэлийг ямар учираас үнэлээгүй, маргаан бүхий зардлыг айл өрхүүдээс авах нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй, харин гэрээний дагуу олгосон санхүүжилтэд бүх зардал багтсан эсэхэд дүгнэлт өгсөн нь иргэний эрх зүйн маргааныг тус эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн гэж үзнэ.

          Нийслэлийн мал эмнэлгийн газар болон Баянгол дүүргийн засаг даргаас шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй гарах бараа материалын зардал нь “К” ХХК-тай байгуулсан 2022 оны гэрээний үнэ эсвэл шүүхээс үнэлсэн хүснэгтэн мэдээлэлд заасан “норматив хөлс”-д тус тус багтсан болох нь эргэлзээтэй талаар гомдлын 1.1, 2.1-д тус тус тайлбарласан.

          Ийнхүү дээр дурдсанаар гэрээний үнэ эсвэл норматив хөлсөнд бараа материалын зардал багтсан эсэх нь эргэлзээ бүхий нөхцөлд шүүхээс айл өрхүүдээс төлбөр авсан асуудал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг тогтоох нь чухал ач холбогдолтой байсан.

          Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг холбогдох хууль тогтоомжтой уялдуулсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүйгээс шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй.

          Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мал эмнэлгийн ажил гүйцэтгэх Г22/А дугаартай гэрээний дагуу хийгдэх ажил, үйлчилгээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулсан.

          Тодруулбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйл “Иргэн хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбогдсон дараахь зардлыг иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.2-т “халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх эрүүлжүүлэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардал”, 35 дугаар зүйлийн 35.1.3-т “шимэгчтэх өвчинтэй тэнцэх, эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэ хуулийн 33.1.3.2, 34.2.4, 34.3.1-д зааснаас бусад арга хэмжээний зардал” гэж тус тус заажээ.

          Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тэжээвэр амьтанд өгч буй эм, бэлдмэл \туулга\-ийн зардал нь иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэхээр байна. А.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн иргэдээс авсан 5000 төгрөг нь шимэгчтэх өвчинтэй холбоотой авсан бараа материалын зардал гэж мэтгэлцэж, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргасан байдаг.

          Хууль тогтоогч байгууллагаас, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд иргэн, хуулийн этгээдийн тэжээвэр амьтантай холбоотой зардлаас ямар хэсгийн улсын зардлаар хийгдэх талаар зохицуулсан бол, түүнээс ямар хэсгийг нь иргэн, хуулийн хариуцахыг тус хуулийн 35.1.3-д тодорхой нарийвчилан хуульчилж өгсөн болно. Анхан шатны шүүх Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг анхаарч үзээгүй.

          Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан “...энэ хуулийн 33.1.3.2, 34.2.4, 34.3.1-д зааснаас бусад арга хэмжээний зардал...” гэснийг хуулийн зүйл хэсгээр тулгаж үзвэл, шимэгчтэх өвчинтэй холбоотой эм, бэлдмэл \туулга\-с бусад “шимэгчтэх өвчний тархалт, халдварлалтын байдал улсын эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрсэн”, “халдварт болон шимэгчтэх өвчнийг тандах, эрт илрүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах үйлчилгээний хөлс, оношлуурын үнэ” зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхээр заасан нь улсын яллагчийн тайлбар хууль зүйн
үндэслэлгүй болно.

          Түүнчлэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх эрүүлжүүлэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардлыг иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэхээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2-т тус тус зохицуулсныг, гэрээний 4.5-д “Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтад заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний зардлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцна”, 4.6-д “Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтад заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний зардлыг дүүргийн Засаг даргаар дамжуулан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцна” 4.7-д “Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан өвчний жагсаалтад заасан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг зохион байгуулж, иргэн, хуулийн этгээд хариуцна” гэж тус тус заасантай харьцуулан үзвэл, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн Засаг дарга нараас шимэгчтэх өвчинтэй холбоотой эм бэлдмэл \туулга\-д зориулж санхүүжилт олгоогүй, харин халдварт болон шимэгчтэх өвчнийг тандах, эрт илрүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг хийхтэй холбоотой зөвхөн үйлчилгээний хөлс олгосон.

          Гэтэл анхан шатны шүүх “...1 дүгээр хавтасны 233 дугаар талд авагдсан “Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлын төсөв” гэсэн хүснэгтээс үзвэл шимэгч өвчний туулгалтын зардал, халдваргүйжүүлэлтийн зардлын санхүүжилтийг тус тус уг төсөвт оруулж тооцжээ...” гэж дүгнэсэн нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан зохицуулалтыг няцааж чадаагүй.

          3.1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1-д “мал эмнэлгийн үйлчилгээтэй холбогдсон дараахь зардлыг иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ:”, “...тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаарагдах мал эмнэлгийн үйлчилгээний бүх зардал” гэж тус тус заасан.

          Тэрийн тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг ойлгохоор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан.

          Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг, “тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг, “зэрлэг амьтан" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.4-т заасан, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т зааснаас бусад амьтныг ойлгохоор заасан.

          Дээрхээс үзвэл, Г-22\11 дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээ нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн дээрх зохицуулалтад дурдсанаар ‘Тэрийн тэжээвэр амьтан”-д хамаарах боломжтой.

          Иймээс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд асран хамгаалагч, түр харагчийн үүргийн талаар заасан ба 9.2.2-т “нохой, муурыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгалтад улирал тутам хамруулахаар зааж, тухайн зардлыг амьтны асран хамгаалагч хариуцахаар” заасан. Энэхүү агуулгаар шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй.

          Дөрөв. А.А Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн
талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар
эргэлзээгүйгээр нотлогдож чадаагүй.

          4.1. Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий
болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг
үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт
хэрэгт зайлшгүй байх бүрэлдүүн хэсэг. Объектив талын үндсэн шинж нь тодорхой гэмт
хэрэг заавал байх ёстой шинжүүд бөгөөд уг шинж байхгүй бол гэмт хэрэг үгүйсгэгдэх
учиртай.

          Анхан шатны шүүх “...энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 249 хүний
мэдүүлгээс үзвэл тэжээвэр амьтан болох нохой, муурандаа хийлгэж буй вакцин, үүнтэй
холбоотой бодис, ажлын хөлсийг нь айл өрх өөрсдөө төлөх ёстой байна гэсэн ойлголтыг
тэдгээр иргэдэд төрүүлсэн нь “залилах” гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар
бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэсэн уг гэмт хэргийн
шинж буюу обьектив талын бүрдэл хангагдаж байна...” гэж дүгнэсэн.

          А.А нь нэр бүхий 249 хүнээс мөнгөн хөрөнгө авсан асуудалд маргадаггүй,
харин тухайн төлбөр нь шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх туулганы бэлдмэл, уг бэлдмэлийн уусны дараах гарсан ялгадсыг цэвэрлэх хлорын шохоо, зориулалтын уутны үнэ гэж тайлбарлаад, уг зардлыг иргэн, хуулийн этгээд өөрсдөө хариуцахаар хуульд заасан, уг зардал гэрээний үнийн дүнд ороогүй гэж маргадаг.

          Хэрэгт авагдсан хохирогч Ж.А “...нохойнд вакцин хийж, ариутгагч бодисны төлбөрт 5000 төгрөг бэлнээр өгсөн...”, Ч.Г “...3 хүн ирээд вакцин үнэгүй хийж, харин туулганы мөнгө гэж 5000 төгрөг тухайн үед бэлнээр өгсөн...”, М.Н “...манай нохойнд вакцин үнэгүй хийгээд туулганы мөнгө гэж 5000 төгрөгийг бэлнээр өгсөн...”, М.С “...нохойнд вакцин үнэгүй хийж, туулганы мөнгө гэхээр нь ...5000 төгрөг
шилжүүлсэн...”, З.Г “...манай нохонд вакцин хийж, вакцины мөнгө гэхэд би 5000
төгрөг бэлнээр өгсөн...”, Г.Б “...тарилга үнэгүй хийгээд, туулганы мөнгө гэж 10,000
төгрөг бэлнээр өгсөн...”, Д.О “...манай нохойнд тарилга хийгээд, туулгын мөнгө гээд
5000 төгрөгийг бэлнээр өгсөн...”, Е.Э “...нохойнд тарилга үнэгүй хийж, туулгын мөнгө
гээд бэлнээр 5000 төгрөг авсан...”, Б.С “...манай нохойнд вакцин үнэгүй хийгээд,
туулгын мөнгө гээд бэлнээр 5000 төгрөг авсан...”, Б.Б “...нохойнд вакцин үнэгүй
хийж, туулгын мөнгө 5000 төгрөгийг бэлнээр өгсөн...”, С.Н “...нохонд вакцин
үнэгүй хийгээд, туулгын мөнгө гээд 5000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх агуулгаар 249
хүнээс 159 хүн мэдүүлэг өгсөн.

          Дээрхээс үзвэл, А.А нь Г22/11 дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх
гэрээ”-ний хүрээнд улсаас олгосон вакциныг айл өрхүүдийн нохой, мууранд үнэ
төлбөргүйгээр хийж, харин шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой
туулганы бэлдмэл нь 5000 төгрөгийн үнэтэй болохыг маш тодорхой тайлбарлаж,
үйлчилгээ үзүүлсэн болох нь нэр бүхий 159 хүний мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээний төсөвд тухайн
бэлдмэлийн үнэ багтаагүй болохыг гомдолд дүгнэсэн бөгөөд үүнийг дээрх гэрчийн
мэдүүлэгтээ харьцуулан үзвэл, А.А нь бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд
оруулсан гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

          4.2. 3алилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн
хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө
шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд
хөрөнгө, эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх
санаа зорилгыг агуулдаг болно.

          Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тэжээвэр амьтадтай айл өрхүүдээс
мөнгөн хөрөнгө авсны үндсэн дээр туулгалтын бэлдмэлийг өгсөн болох нь хэрэгт авагдсан
хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд нэр бүхий 159 хохирогч нар вакцин,
тарилгыг үнэгүй хийж байгаа, харин туулгалтын бэлдмэлийн үнэд 5000 төгрөг өгсөн
болохыг мэдүүлдэг. Үүгээрээ тухайн мөнгөн хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хариу
төлбөрийг хийхгүй байх “залилах” гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байна.

          Түүнчлэн, гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр
шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг
шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч,
өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит
байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол
залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

          Энэхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Нийслэлийн мал
эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг дарга болон мал эмнэлгийн үйлчилгээний
“К” ХХК нар 2022 онд Г22/11 дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г
байгуулахдаа ажил үйлчилгээний хөлс, тухайн ажил үйлчилгээг хийхтэй холбоотой бараа
материалын үнийг хаанаас хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхой, нарийвчлан
тохиролцоогүйгээс иргэний эрх зүйн маргаан гарсан.

          Нөгөөтэйгүүр, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй тэжээвэр амьтны асран
хамгаалагч нараас нохойнд туулга хийхтэй холбоотой 5000 төгрөгийн зардлыг авч байгаа
нь Нийслэлийн мал эмнэлгийн газар, Баянгол дүүргийн засаг дарга болон мал эмнэлгийн
үйлчилгээний “К” ХХК нарын байгуулсан гэрээнээс өөр үр дагавартай, тусдаа бие
даасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Тодруулбал, хөлсөөр ажиллах гэрээг заавал
бичгээр байгуулах хуулийн шаардлагагүй, тухайн нөхцөлд амаар харилцан тохиролцож,
гэрээ хэлцпийг хиймэгц биелэгдэх шинжтэй байсан.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь
хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязргаалахгүйгээр хэргийг
бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх хуралдааны явцад бичгээр гаргасан дүгнэлтэд
дурдсан үндэслэл тус бүрийг хэргийн үйл баримт болон шийтгэх тогтоолтой харьцуулан
хянаж өгнө үү.

          Хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг хэзээ авсан талаарх он, сар,
өдрийг тэмдэглээгүйтэй холбогдуулан өмгөөлөгчөөс нотлох баримтын шаардлага
хангахгүй байгаа учир түүнийг үнэлэхгүй байх агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүхээс
алдаа биш мэтээр дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны журмыг хуулиар нэг бүрчлэн
тогтоож өгсөн, түүнийг зөрчсөн нь техникийн, хэлбэрийн байгаа эсэхээс үл хамааран түүнд
нийцүүлэн явуулах нь хуульд нийцэх учиртай. Гэтэл уг асуудлыг хуульд нийцүүлэхийг
шаардах байтал алдаа, зөрчлийг зөрчил биш мэтээр дүгнэж, хүсэлтийг хүлээн авахаас
татгалзаж буй нь учир дутагдалтай байсныг дурдах нь зүйтэй байна.

          Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс
үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар
А.А нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй, түүний үйлдэл нь
улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан “зохиомол байдлыг зориудаар бий болгох,
бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч
залилсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй төдийгүй бусдын эд хөрөнгийг хариу
төлбөргүйгээр, эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг эхнээсээ агуулж байсан гэж дүгнэх
нотлох баримтын үндэслэл хэрэгт алга байхад анхан шатны шүүхээс түүнийг гэм
буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.А цагаатгаж өгнө үү. …” гэв.  

 

          Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нийслэлийн болон Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаал гарч энэ ажил хийгдсэн. Өөрөөр хэлбэл, улсын төлөвлөгөөт ажлыг хувийн үйлчилгээний нэгжүүд гүйцэтгэдэг. ...” гэв.

 

          Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйл нь иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ бөгөөд тус зүйлийн 35.1.2-т “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлэг эрүүлжүүлэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад заалтыг иргэд, хуулийн этгээдээс гаргуулна” гэж тодорхой заасан. Шүүгдэгч А.А нь Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн мал эмнэлгийн газартай гэрээ байгуулан Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2500 ширхэг вакцин, 5 литр шингэлэгч, ажлын хөлсөнд 1.043.550 төгрөгийг авсан. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас вакцин тарих хөлс, шимэгч өвчний туулга, ариутгал, халдваргүйжүүлэлтийн санхүүжилт болох 10.250.000 төгрөгийг тус тус олгосон байхад иргэдээс зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 249 иргэнээс 1.445.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх А.А дээрх үйлдлийг залилах гэмт хэрэг мөн гэж үзэж, шийтгэх тогтоол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шүүгдэгч А.А өмгөөлөгч М.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.А нь “К” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын дарга А.Н, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С нартай Г/22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжтэлийн ажлын хүрээнд Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2500 ширхэг вакцин, 5 литр шингэлэгч зэргийг өгч, ажлын хөлсөнд 1.043.550 төгрөг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас вакцин тарих хөлс, шимэгч өвчний туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилт болох 10.250.000 төгрөгийг тус тус олгосон байтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тэжээвэр амьтадтай айл өрхүүдээс “...вакцин хийсэн төлбөр, туулгалт, ариутгалын бодисын үнэ 1 амьтны 5000 төгрөг болно. ...” гэж давхардуулан мөнгө хураан авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 249 иргэнээс 1.445.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч нарын мэдүүлгүүд, Авлигатай Тэмцэх газрын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 05/10753 тоот мэдээлэл шилжүүлж, шалгуулах тухай албан бичиг /1хх 8/, дансны хуулгууд /1хх 16, 20-141, 142, 157-168/, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/295 дугаар Мал эмнэлгийн арга хэмжээний тухай захирамжийн хуулбар /1хх 170-171/, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 14, 20-ны өдрүүдийн А/112, А/150 дугаартай Мал эмнэлгийн ажил,
үйлчилгээ явуулах тухай тушаал /1хх 172, 178/, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Г/22-А дугаартай Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Н, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С, “К” ХХК-ийн захирал А.А нарын хооронд байгуулсан “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээ /1хх 173-177/, 2022 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал, амьтны тоон хүснэгт /1хх 79-227/, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлын төсөв /1хх 234/, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “К” ХХК-д галзуугийн вакцин, шингэлэгч хүлээлгэж өгсөн тухай зарлагын баримт /1хх 236/, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00671 дугаартай төлбөрийн хүсэлт /1хх 237/, “К” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22/103 дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нд гаргасан хүсэлт /1хх 239/, “К” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03/12 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Нд гаргасан хүсэлт /1хх 240/, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/150 дугаартай “Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулах” тухай захирамж /1хх 248/, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/112 дугаартай “Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулах” тухай тушаал /1хх 249/, Нийслэлийн Мал эмнэлгийн газарт “К” ХХК-иас 2022 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вакцин хийсэн талаарх тайлан, холбогдох баримтууд /2хх 2-121/
зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.А нь “К” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын дарга А.Н, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С нартай Г/22-А дугаартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжтгэлийн ажлын хүрээнд Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2500 ширхэг вакцин, 5 литр шингэлэгч зэргийг өгч, ажлын хөлсөнд 1.043.550 төгрөг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас вакцин тарих хөлс, шимэгч өвчний туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилт болох 10.250.000 төгрөгийг тус тус олгосон байтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тэжээвэр амьтадтай айл өрхүүдээс “...вакцин хийсэн төлбөр, туулгалт, ариутгалын бодисын үнэ 1 амьтны 5000 төгрөг болно. ...” гэж давхардуулан мөнгө хураан авч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,  нэр бүхий 249 иргэнээс 1.445.000 төгрөгийг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасажээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

Шүүгдэгч А.А өмгөөлөгч М.Цогтбаатар нь “...А.А нь тухайн төлбөр нь шимэгтгэх өвчнөөс урьдчилан сэргийлэх туулганы бэлдмэл, уг бэлдмэлийн уусны дараах гарсан ялгадсыг цэвэрлэх хлорын шохоо, зориулалтын уутны үнэ гэж тайлбарлаад, уг зардлыг иргэн, хуулийн этгээд өөрсдөө хариуцахаар хуульд заасан, уг зардал гэрээний үнийн дүнд ороогүй тул хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.А цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.А нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Учир нь, Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэрэг бүрэн тогтоогддог.

Мөн гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардал,” гэж иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээг хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А нь Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга нартай “Мал эмнэлгийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2500 ширхэг вакцин, 5 литр шингэлэгч зэргийг өгч, ажлын хөлсөнд 1.043.550 төгрөг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас вакцин тарих хөлс, шимэгч өвчний туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилт болох 10.250.000 төгрөгийг тус тус авсан атлаа айл өрхүүдээс давхардуулан мөнгө хураан авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Дээрхээс үзэхэд, шүүгдэгч А.А нь хохирогч нартай “тарилга, ариутгалын бодисын үнэ” гэж тухайн тэжээвэр амьтадтай айл өрхүүдээс мөнгө хураан авсан үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан бөгөөд энэ талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон дээрх гэрээг няцаан үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А өмгөөлөгч М.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А өмгөөлөгч М.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ