Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 314/ШШ2025/00419

 

 

 

 

2025           06             30                                                 314/ШШ2025/00419

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Чингисийн өргөн чөлөөнд байрлах, *** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 13 дугаар баг, 06-602 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 41 настай, *** холбогдох,

            “Гэм хорын хохирол болох 3138300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ***ын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Бүрдэт цохиот” гэх газар ***гийн өмчлөл эзэмшлийн 7994 ӨМҮ улсын дугаартай Lexus-470 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ***ын эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн бяцарсан хугарал, бугалга, цээжинд цус хуралт гэмтлүүд” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Дээрх үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. ***ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс амбулаторийн хяналтын үзлэг, эмийн эмчилгээ гэх үйлчилгээ үзүүлсэн, тус үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3138300 төгрөг гаргуулан авсан болох нь *** цахим бүртгэлийн программаас гаргасан лавлагаагаар тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг ***аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар “эрүүл мэндийн даатгал” гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг; 3.1.6 дахь заалтад “Эрүүл мэндийн даатгалын сан” гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" хэлнэ гэж хуульчилсан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлнэ. Төрийн байгууллага гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлжээ. Дээрхээс дүгнэхэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага байх ба ***ын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 3138300 төгрөгийг хохирогч ***ын эмчилгээний зардалд зарцуулснаар эрүүл мэндийн даатгалын сан буюу төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.  

  Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *** нэхэмжилсэн 3138000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 3 сарын хугацаанд 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 хувааж төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хариуцагч ***т холбогдуулан “Гэм хорын хохирол болох 3138300 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3138300 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар *** гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3138300 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***аас 32581.5 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА