Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2025/00452

 

 

 

 

2025           07             08                                                 314/ШШ2025/00452

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Замчдын гудамж 04 дүгээр хороонд байрлах, **** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын 06 дугаар багт оршин суух, 1997 онд төрсөн, 28 настай, **** холбогдох,

            “Гэм хорын хохирол болох 3249000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ****ын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ****ыг хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэжээ. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 3249000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд ****оос  3249000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие прокурорын газрын нэхэмжилсэн 3249000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****од холбогдуулан “Гэм хорын хохирол болох 3249000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3249000 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3249000 төгрөгийг хариуцагч **** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч  **** улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ****оос 33467 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА