Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/803

 

     

 

 

 

 

   2024            07            09                                        2024/ДШМ/803         

                       

Т.Бөд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

яллагдагч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 2024/ШЗ/1236 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшингийн эсэргүүцэлд үндэслэн Т.Бөд холбогдох 2308020251434 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны 24 тоотод Э.Этой үл ялих зүйлээр шалтаглан, хэрүүл маргаан үүсгэн Э.Эын нүүр хэсэгт 1-2 удаа цохиж, түүний биед цохонд язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох. ...” гэж заасан тул “2024 оны 02 дугаар 28-ны өдөр иргэн Т.Бийн эрүүл мэндэд учирсан” гэх хохирлын шинж байдлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Энэ нь шүүх эмнэлэг, анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт шаардлагатай асуудал тул тийм дүгнэлт гаргаагүй байхад тухайн хэрэг нь “гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй” гэж хийсвэрлэн урьдчилан дүгнэх боломжгүй юм. Мөн тухайн асуудлаар өмнө нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагчид авсан урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын, дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Э.Эын “...манай найз Б миний  дух хэсэг рүү 1-2 удаа цохиод би газарт унасан юм...” гэх мэдүүлэг, гэрч  Б.М “...Балт гээд байсан залуу нь гэнэт манай нөхрийн нүүр рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3200 дугаартай “...Э.Эын цохонд язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Уг  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар яллагдагч Т.Б нь хохирогч Э.Эын эрх чөлөөнд халдаж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь нотлогддог.

Хэдийгээр хэрэг явдал гарах үед шүүгдэгч Т.Бийн биед хохирогч Э.Э нь халдсан асуудал яригдаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Т.Б нь өөрийн сайн дурын үндсэн дээр биед нь гэмтэл шарх учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж татгалзсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд тэрээр бусдад зодуулсан талаараа тусад нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах бүрэн боломжтой.

Прокуророос Т.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд дээрх дурдагдсан үйл баримтуудыг тусад нь шалгаж, шийдвэрлэснээр хэн нэгний эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй, хэргийн шийдвэрлэлтэд сөргөөр нөлөөлөхгүй, цаашлаад эрүүгийн болон зөрчлийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийгдэх боломжгой гэж үзэж байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчаас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн гэрэл зургийг эх сурвалж, огноо тодорхойгүй нь нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож Т.Бөд гэмтэл учирсан эсэхийг шалгуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Хохирогч Э.Э нь гэмт хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бусдад зодуулсны улмаас Гэмтэл согог судпалын Үндэсний төвд очиж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн нь Эрүүл мэндийн даатгалын газраас авагдсан лавлагаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3200 дугаартай дүгнэлтээр тусгагдсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тэмдэглэл зэргээр давхар нотлогддог тул шүүхийн шийдвэрт тусгагдсан нотлох баримт цуглуулахаар даалгасан нь хэргийн шийдэлд ноцтой нөлөөлөхгүй бөгөөд ач холбогдолгүй байна.

Мөн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн 2 дугаар хуудсанд хэргийн зүйл ангийг алдаатай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж бичигдсэн нь шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Яллагдагч Т.Бийн өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэргийг гүйцэт шалгаагүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч Э.Э зодоон эхлүүлсэн буюу “би түрүүлж Т.Бийг зодсон” гэж мэдүүлдэг. Тэгэхээр прокурорын зүгээс нэг хэргийг тусад нь шалгах боломжтой гэсэн зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Т.Бийн эрхийг хангахаар заалтууд байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “өөрт нь учирсан гэмтлийг шалгуулъя” гэдэг хүсэлтийг гаргаж, хүсэлтийг хангасан. Өөрөөр хэлбэл, зодооны улмаас нэгийг нь шалгаж, нэгийг нь орхигдуулж, тусад нь шалга гэсэн зүйл ярьж болохгүй буюу нэг асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Т.Бийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Энэ нь шүүх эмнэлэг, анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт шаардлагатай асуудал тул тийм дүгнэлт гаргаагүй байхад тухайн хэрэг нь “гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй” гэж хийсвэрлэн урьдчилан дүгнэх боломжгүй юм. Мөн тухайн асуудлаар өмнө нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Түүнчлэн, яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, Т.Бөд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийн үйл баримт, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Түүнчлэн, анхан шатны шүүх яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягтлан шалгах байдлаар хохирлын хэмжээ, учирсан хохирлыг тооцоолон гаргаж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв

            Иймд прокурор Г.Мөнхтүвшингийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 2024/ШЗ/1236 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Т.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 2024/ШЗ/1236 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Т.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ