Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00058

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тт холбогдох 1832000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдрах,  *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2005 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан

- 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн № 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 03 жил 04 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 11 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунцэцэгийн Т. /РД: */

 

           Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдааны үйл ажиллагаа явуулдаг Их ноед нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч С.Эбтой  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг ууж байсан архиныхаа шилээр толгой орчимд нь цохиж хагарсан архины шилээр дахин нуруун тус газарт нь 2 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тийн өгсөн…. ...  2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Аб, Эб бид гурав машин янзалж дуусчаад гарч яваад Дээж гэх дэлгүүрээс том савтай пиво авч уусан. Түүнийг дуусаад дахин дэлгүүр орж 075 граммын Хараа архи аваад манай гэрийн хашаанд ороод ууж байтал манай дүү хүрч ирээд биднийг хашаанд архи уулаа гээд гар гэсэн. Тэгээд бид нар гараад тэр архиа дэлгүүрийн урд талд сууж байгаад уусан. Би Эбын утсыг гуйж аваад эгчтэйгээ ярьж танд Эб мөнгө өгсөн үү гэхэд өгсөн гэж хэлсэн. Тэгтэл Эб утсаа аваад мөнгө өгсөн л байгаа биз дээ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би ууж байсан архины шилээр эхлээд Эбын толгой руу нь цохисон. Дараа нь хагарсан үед нуруу луу нь 2 удаа цохисон. Тэгээд бид хэд дэлгүүр орж ундаа авах үед Эбын нуруунаас цус гоожсон чинь дэлгүүрийн худалдагч цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ Т, Аб нартай машин янзалж дуусаад 15 цагийн орчимд гарсан юм. Бид нар гараад Дээж дэлгүүрээс 2 литрийн 1 пиво авч гудамжинд ууцгаасан. Тэгээд Их ноед дэлгүүр лүү орж 075 литрийн 1 шил архи авч Тийн эгчийн хашаанд орж уусан. Тэгээд тэр үед бид нарыг дүү нь гарч ирээд хашаанд архи уулаа гээд уурласан. Тэр үед Т бааранд оруулаад өг гээд байсан. Би тийм мөнгө  төгрөг алга тийм уух гээд байгаа юм бол би энэ дэлгүүрээс архи аваад өгье гэсэн юм. Би уг нь Тт 170000 төгрөг өгөх ёстой байсныг эгчид нь өгчихсөн юм. Тэгтэл миний утсыг аваад эгч рүүгээ яриад намайг ирж аваадах намайг мөнгө төгрөгөө өгсөнгүй гээд яриад байхаар нь би худлаа яриад бай гээд утсаа булааж авсан юм. Тэгээд бид хоёр ийм асуудлаас болж хоорондоо муудалцаж маргасан. Тэгээд дүү нь гарцгаа хашаанд битгий хэрүүл хийгээд бай гээд хөөсөн учир хашаанаас нь гараад явж байтал Т нь миний толгойн дух хэсэг рүү архины шилээр 1 удаа цохитол архины шил нь хагарсан. Тэгэхээр нь би уурандаа зөрүүлээд гараараа түлхэж газарт унагаад хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгээд би Тийг орхиод Их ноёд руу чиглээд явж байтал араас миний нуруу 2 удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь хагархай архины шилээр миний нуруу руу 2 удаа цохисон байсан. Тэгээд цус гараад байхаар нь дэлгүүр лүү ортол архины шилээр хатгасан байсан.... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 16-17 дугаар хуудас/

Гэрч Б.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би найз Эб, Т нарын хамт Эбын гэрийн хашаанд машинд нь юм хийжж байгаад Эбын гэрээс гараад Баянхангайн гудамжинд сууж байгаад Эб нэг пиво авахаар нь нөгөөдхийг нь хувааж уугаад дууссан чинь Эб Их ноёд дэлгүүрээс 075 граммын Хараа архи аваад Т, Эб бид 3 нөгөө авсан архиа Тийн эгчийнх нь хашаан дотор уугаад сууж байхад Тийн дүү гэх залуу хашаанд орж ирээд та нар хашаанаас гар гэхээр нь бид нар гарсан. Би нилээн согтуу байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Тэр хоёрыг маргасан талаар би санахгүй байна ямар ч байсан Эбын нуруунаас цус гараад Их ноёд дэлгүүрийн гадаа сууж байхад эмнэлэг ирж байсан гэх мэдүүлэг /Хх-н 07 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 69 ...... Дүгнэлт:

1.С.Эбын биед зүүн даланд шарх, баруун хацарт зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 12-14 дүгээр хуудас/

О.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 28 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/

Хохирогч С.Эбын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан О.Т бид хоёрын хооронд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй, надад гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /Хх-н 45 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдааны үйл ажиллагаа явуулдаг Их ноед нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч С.Эбтой  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг ууж байсан архиныхаа шилээр толгой орчимд нь цохиж хагарсан архины шилээр дахин нуруун тус газарт нь 2 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч О.Төмргаригийн хохирогч С.Эбын толгой болон нуруун тус газарт архины шилээр цохиж хатгасан үйлдэл нь мөнгийг чинь эгчид чинь өгсөн байгаа биз дээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч С.Эб нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Т нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН