Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/804

 

     

 

 

 

  2024            07              09                                       2024/ДШМ/804         

                                   

 

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Шинэхүү, Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Дгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2306030722480 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1454 тоотод Б.Утай “гэрт шээлээ” гэх шалтгаанаар маргалдан, хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, түүний биед хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч, ходоодны ханыг нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Д зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Дд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дгийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Д.Дгээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Миний зүгээс гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй, хохирогчид баримтаар гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний бие толгой өвдөж, унаж татдаг өвчтэй бөгөөд энэхүү байдлыг минь харгалзан үзнэ үү. Мөн эцэг, эх минь өндөр настай тул асран халамжлах шаардлагатай байх тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас авсан эрүүл мэндийн тодорхойлолт буюу 1 хуудас баримтыг гаргаж өгөх хүсэлттэй байна. Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дгийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй, хохирогчид баримтаар тогтоосон хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нөхцөл байдлыг хангаж байгаа. Иймд шүүгдэгч Д.Дд оногдуулсан ялыг хорих ялын доод хэмжээнээс багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1454 тоотод Б.Утай “гэрт шээлээ” гэх шалтгаанаар маргалдан, хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, түүний биед хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч, ходоодны ханыг нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.У “...Тэгээд Д.Д надаас архи харамлаад Д.Д бид хоёрын дунд маргаан үүссэн. Би согтуу байсан ба гэрт нь шээчихсэн. Тэгтэл Д.Д уурлаад хутга барьж ирээд шууд хэвлий хэсэгт хутгалсан. Би цус алдаад байхаар нь гэр рүүгээ гүйж орсон. Ороод орондоо ороод хэвтэж байхад манай хүү ирээд цагдаа болон түргэн дуудсан. Би шууд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон. ...”  /хх 18-19/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7511 дугаартай шинжээчийн “...Б.У биед аюулхай хэсэгт нэвтэрч ходоодны ханыг нэвт хатгаж гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт /700мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээр нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 30-31/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн “...Д.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаас өөрчлөлтгүй, мэдрэлийн талаас гавал доторх гэмтлийн үлдэц эмгэгтэй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах чадвартай байсан байна. Одоо сэтгэцийн талаас өөрчлөлтгүй, мэдрэлийн талаас гавал доторх гэмтлийн үлдэц, шинж тэмдэгийн уналт таталт эмгэгтэй байна. ...” /хх 39-40/ гэсэн дүгнэлтүүд,

Дуудлага лавлагааны хуудас /хх 3/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 8-14/, хохирлын баримтууд /хх 35-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Дг “зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Дг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1454 тоотод Б.Утай “гэрт шээлээ” гэх шалтгаанаар маргалдан, хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, түүний биед хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч, ходоодны ханыг нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоон, хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Д “...гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Гэм буруу гэмт хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй, хохирогчид баримтаар гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний бие толгой өвдөж, унаж татдаг өвчтэй бөгөөд энэхүү байдлыг минь харгалзан үзнэ үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч Д.Дгийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг бүрэн төлсөн, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорих ялыг багасгах талаар гаргасан түүний гомдол, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, давж заалдах шатны шүүх хуралдаанд танилцуулсан өмгөөлөгч Д.Батбаярын ял хөнгөрүүлэх санал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Дгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 120 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Дд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Дд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэд цагдан хоригдсон 120 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХТУЛГА

         ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

         ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ