Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00022

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00022

 

 

ТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТТ ХХК-ийн хариуцагч ШТШ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 000 000 төгрөг, алдангид 17 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТТ ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ШТШ ХХК-тай 16/28 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стөүн-2 хотхоны 265-115 тоот, 93.1 м.кв талбай бүхий байрыг түрээсээр эзэмших эрх болон хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний хамтаар ШТШ ХХК-д шилжүүлсэн. Гэрээний зүйл буюу тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүд, эрхийн нийт үнэлгээ нь 40 000 000 төгрөг бөгөөд талууд 35 000 000 төгрөгөөр тохиролцсон. Уг гэрээний 2.1-т нийт үнэлгээг 35 000 000 төгрөгөөр тооцож, гэрээний 2.2 дахь заалтад төлбөрийг худалдан авагч тал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бетон зуурмагаар нийлүүлэхээр тохиролцсон. Гэтэл худалдан авагч нь 2017 онд ...ажил муу байгаа тул удахгүй төлнө гээд 2018 онд 1 000 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бетон зуурмагаар нийлүүлээгүй, мөнгөн хэлбэрээр төлөөгүй. Утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хаягаар очиход байхгүй байсан тул эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Иймд ШТШ ХХК-аас гэрээний үндсэн төлбөр 34 000 000 төгрөг, гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар алданги 17 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шаардлагатай бол сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 282.3, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ШТШ ХХК-аас 51 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТТ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1.Анхан шатны шүүх хурлын тов мэдэгдэх, хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлэхгүй шүүх хуралдааныг явуулж, мэтгэлцэх, нэхэмжлэлийг няцаах эрхийг хязгаарлан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон хуралдаанд өмгөөлөгч Ж.Г нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-тэй байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ өгсөн. Ж.Г-д шүүхээс хурлын тов мэдэгдэх, хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлэхгүй шүүх хуралдааныг явуулж, мэтгэлцэх зарчмаар нэхэмжлэлийг няцаах эрхийг хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

ШТШ ХХК-д хамааралгүй Б.Э-ыг хариуцагчаар оролцуулан нэхэмжлэлд тайлбар авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн Б.З-г хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа шүүгчийн захирамж гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Нэхэмжлэгч ТТ ХХК нь хариуцагч ШТШ ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/28 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 000 000 төгрөг, гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар алдангид 17 000 000 төгрөг нийт 51 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/

 

Хэрэгт ТТ ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ШТШ ХХК-тай 16/28 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ТТ ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стөүн-2 хотхоны 265-115 тоот байрны 1 давхарт байрлах 93.1 м.кв талбай бүхий түрээсээр үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрийг түрээсээр эзэмших эрх болон хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний хамтаар худалдан авагч ШТШ ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх13-15/

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний 2.1-д эд хөрөнгийн нийт үнэ 35 000 000 төгрөг гэж талууд тусгасан./хх 13/

Мөн худалдан авагч нь гэрээний 2.1-д заасан эд хөрөнгийн нийт үнэд бетон зуурмагийг 2017 оны 5 дугаар сард багтаан худалдагчид нийлүүлэх, гэрээний 5.1-т бетон зуурмагийг хугацаандаа нийлүүлээгүй бол хоног тутам 0,2 хувийн алдангийг худалдагчид төлөхөөр тус тус тохирчээ. /хх 14/

 

Хэргийн 16 дугаар талд 35 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоотой гэх баримтад хариуцагч тал гарын үсгээ зурж тамгаа даржээ.

 

Нэхэмжлэгч ...худалдан авагч нь 2017 онд ажил муу байгаа тул удахгүй төлнө гэсээр 2018 онд 1 000 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө бетон зуурмагаар ч нийлүүлээгүй, мөнгөн хэлбэрээр ч төлөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсаныг хариуцагч няцаасан үгүйсгэсэн тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 34 000 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна./хх84/

 

Хариуцагч нь 34 000 000 төгрөгийг бетон зуурмагаар болон бусад байдлаар төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч ШТШ ХХК нь гэрээгээр тохиролцсон 35 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний дотор бетон зуурмагаар төлөөгүй тул мөн өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэх юм. Нэхэмжлэгчийн ...худалдан авагч нь 2017 онд ажил муу байгаа тул удахгүй төлнө гэсээр 2018 онд 1 000 000 төгрөг төлсөн гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан байна. /хх 9-11/

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхээс эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхийг тодруулахад эвлэрсэн тохиолдолд өөрийн эрх мэдлийн хүрээнд 8 000 000 төгрөгийг хасах боломжтой талаар тайлбарласан. Хариуцагч нь мөн өдрийн хуралдаанд эгчтэйгээ ярилцаад эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар тайлбарласан боловч эвлэрэх талаар санал санаачлага гаргаагүй байна./хх 80/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй боловч нэхэмжлэлээ 8 000 000 төгрөгийг хасах боломжийн талаар нэхэмжлэгч тайлбарлахдаа талуудын эвлэрэх нөхцөлтэй холбон илэрхийлсэн байх тул түүнийг нэхэмжлэлээ багасгасан гэж дүгнэх боломжгүй байна./хх 80/

 

Талууд гэрээндээ анзын талаар заасан, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй 34 000 000 төгрөгт ногдох анзын дээд хэмжээ 17 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс товлосон 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.З- өөрийн биеэр ирсэн бөгөөд өмгөөлөгч Ж.Г-тай байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ, өмгөөлөгч Ковид-19 өвчнөөр өвчилсөн талаарх баримтыг шүүхэд гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл хойшлуулжээ./хх 81/ Мөн уг 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Б.З- хэргийн материалтай танилцаж, 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэж, гарын үсгээ зуржээ./хх 77-78/ Ийнхүү товлогдсон хуралдаан буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн хуралдаанд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүхэд мэдэгдээгүй байна, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хурлыг явуулахаар хүсэлт гаргажээ. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэргийн бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хэргийн 55 дугаар талд авагдсан ШТШ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Б.З- бүртгэгдсэн, Б.З-д хэргийн 63 дугаар талд нэхэмжлэлийн хувийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан, хариуцагч хэргийн материалтай танилцсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэлийн хувь гардуулснаас хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх 82 хоногийн хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хангалттай хугацаа байхад ирүүлээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул шүүх мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар заасан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 282.3 дах хэсэг гэж техник алдаа гаргасан боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД