Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/805

 

 

 

  2024           07              09                                        2024/ДШМ/805

 

                                                        Л.Нд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Н.Болортуул, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Н гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2403001450234 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Л.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам Өлзий төвийн урд замд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг орчимд “Тоуоtа Рrius” загварын 69-87 УАТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” мөн дүрмийн 3.7. “...Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Б.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Л.Н “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган хадгалж, хохирогч энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Н давж заалдах гомдолдоо: “…Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид төлсөн. Мөн хохирогч гомдол, саналгүй, хохирол төлбөргүй талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хохирогчид цаашид гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна.

            Би гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учирсан хохирлыг төлөхийн тулд ээжийнхээ тэтгэврийн зээлийг 1 жил буюу 12 сараар авч 7.000.000 төгрөг, ХХК-иас цалингийн зээл хэлбэрээр “Зээлийн гэрээ” байгуулж 4.000.000 төгрөгийг тус тус зээлсэн. хүнсний худалдаа, үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Бүгд найрамдах хятад ард Улс, Оросын холбооны улсаас хунсний бүтээгдэхүүн татдаг бөгөөд би Замын-Үүд, Сэлэнгэ аймаг болон орон нутагт бараа түгээлтийн ачигчаар ажиллаж 1 өдрийн 80.000 төгрөгөөр цалинждаг.

Миний бие энэхүү гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа боловч ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч ээжийгээ амьжиргааны зардалгүй болгочихсон, ажиллаж байгаа компаниас цалингийн зээл хэлбэрээр мөнгө зээлсэн зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул “зорчих эрхийг хязгаарлах ял” эдлэхэд маш их хүндрэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад ногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч Л.Н өмгөөлөгч Н.Болортуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүгдэгч Л.Н хувьд гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс Л.Нд 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Тус ял нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ял гэдгийг үйлчлүүлэгчдээ тайлбарлаж ойлгуулсан. Анхан шатны шүүх хууль тайлбарлаж, хэрэглээгүй. Шүүгдэгчийн хувьд “..” ХХК-д ачигчаар ажилд орсон бөгөөд гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлнө гэж хэлээгүй, ахуйн шаардлагатай байна гээд 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн шүүгдэгч ажил хийж, эгчийнх нь хүүхэд буюу 7 дугаар ангийн хүүхдээр эхийгээ харуулж, хамт амьдарч байгаа. Эхийнхээ тэтгэврийн зээлийг авхуулсан, эх нь өөр ямар нэгэн орлого байхгүй. Тэгэхээр шүүгдэгчийн хувьд цаашид ажиллаж, амьдрах нөхцөл байдал нь хүнд болсон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнчлэн зээлээ дарж чадахгүйн улмаас түүний эрх зүйн байдал дордох, мөн түүний эх, хамт амьдарч байгаа, ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын амьдрах эрх нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж зөрчигдөж байгаа юм. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг өөрчилж, тэнсэн харгалзах эрүүгийн хариуцлагаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Н өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Л.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, зээлийн асуудал мөн “...” ХХК нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүгдэгч тус компанид ачигчаар ажилладаг зэрэг нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгчид ажил хийх боломж олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан үзэж, түүнд тохирсон ял оногдуулсан. Мөн тухайн дүүрэгтээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам Өлзий төвийн урд замд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг орчимд “Тоуоtа Рrius” загварын 69-87 УАТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” мөн дүрмийн 3.7. “...Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодпогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Б.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Мгийн “...Тэгээд замын гол зогсож байгаад баруунаас зүүн тийш чиглэлтэй замаар гарах гээд баруун тийш автомашин байгаа эсэхийг нягтлан харсан тэр үед хөдөлгөөн бага байсан баруун талаас авто машин ирж байгаа харагдсан. Тэгэхдээ
нэлээд зайтай тухайн авто машины их гэрэл 2 дугаар эгнээнд харагдаж байсан. Тэр
машины хэр хурдтай явж байгааг мэдэх аргагүй байсан. Би гарцаар алхаад гарахад
амжихаар байсан тэгээд явган хүний гарцаар үргэлжлүүлэн явахад гэнэт миний
баруун гар талаас машин мөргөх шиг болсон. Тухайн үед би хөдөлж чадахгүй
байсан. Миний биеийн доод хэсэг хөдлөхгүй байсан. Тэр үед эмнэлэг цагдаа ирсэн.
Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. ...” /1хх 24-25/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3234 дугаартай “...Б.Мгийн биед умдаг ясны их бие, дээд, доод салааны далд хугарал, бүсэлхийд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. ...”/1хх 123-124/ гэсэн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, дуудлага лавлаагны хуудас /1хх 4/, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-8, 9-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-21/, өвчний түүх /1хх 30-38/, хохирлын баримтууд /1хх 40-52, 83/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх 131-137, мөрдөгчийн магадлагаа /1хх 144-145/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Л.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоtа Рrius” загварын 69-87 УАТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” мөн дүрмийн 3.7. “...Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Б.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Л.Нэс “...надад ногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал. ...” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар. ...” тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Л.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна.

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээг гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Л.Н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ,

             ШҮҮГЧ                                                          Ц.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

       ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ