| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0176/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1810004640248 дугаартай, 187/2018/0176/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ........ задгай ...... тоотод иргэн Б.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж согтуугаар хоолойг нь багалзуурдаж, толгой, бие рүү нь өшиглөж, үснээс нь зулгааж гэрийн багана мөргүүлэн духны баруун хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь духанд шарх, хацар хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү хоёр бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ...... задгай ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч хохирогч Б.Ц-тай жирэмсэн байгаад хүүхдээ авахуулсан гэх зүйлээс болж маргалдан хохирогчийн хоолойг нь багалзуурдах, толгой, бие рүү нь өшиглөх, үснээс нь зулгааж гэрийн багана мөргүүлэх, духны баруун хэсэгт хутгаар зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй…Тухайн үед ажлаар явж байгаад гэрт нь очсон. Тэгээд архи уугаад маргалдсан...Б.Ц 5 сартай жирэмсэн байсан. Түүнийгээ авахуулсан байсан. Хүүхэд гаргаж чадахгүй гээд маргалдсан...Бууз идээд архи уугаад сууж байсан. Б.Ц-д архи хийж өгч байснаа санаж байна...Би эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь Б.Ц-тай утсаар ярихад Б.Ц нүүрэндээ оёдол тавиулсан гэж байсан... Би Ц-тай 2 жил хамтран амьдарсан...Хутганы иш хэсгээс нь барьж байгаад цохиход зүсэгдсэн...Б.Ц-н хутга байсан. Тухайн үед өргөст хэмх, хиам зүсэж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед бага хүүгээ хичээлд нь хүргэж өгөх гээд хувцасыг нь өмсгөж байтал Б.Б гаднаас орж ирсэн...хүүхдээ автобусанд суулгачихаад буцаад гэртээ хорих замаараа дэлгүүрээс Цагаан нэртэй 0,5л савлагаатай архи түүнд зориулж аваад очсон. Тэгээд би Б.Б-д бууз жигнээд ширээ засаад авсан архиа өгсөн. Тэгтэл Б.Б миний өгсөн архийг ууж дуусчихаад халааснаасаа Лава нэртэй 0,9л савлагаатай архи гаргаж ирээд уусан ба би тэр архинаас нь нэг л татсан. Б.Б тэр архийг ууж дуусчихаад төрсөн аавыгаа яриад уйлаад тавагтай бууз аваад хөргөгч рүү шидчихээр нь би түүнд “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл намайг гараараа багалзуурдаад “чи үхэх ёстой хүн, ална чамайг” гээд намайг орны доод хэсэг болон хувцасны шүүгээ хоорондын хөндий зайруу түлхэж унагаагаад толгой бие хэсэгт хөлөөрөө нилээн хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд ширээн дээр байсан цагаан дээр бор өнгийн судалтай урт хутга аваад “чи хаанаа хатгуулмаар байна, би ер нь хүмүүсийг 3см л хатгадаг юм, чамд хэдэн см хэрэгтэй юм, чамд 5 см байхад л болно” гэж хэлээд хутганы үзүүр хэсгээс нь бариад урд нь бага зэрэг ир ил гаргаад миний духны баруун хэсэгт хөмсөгний дээр зүссэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл “чи ямар сүртэй юм” гээд миний үснээс зулгаагаад толгойгоор шал, гэрийн багана мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгтөл гараад зугтаах гэхээр нь би түүний хувцаснаас нь зуураад гэрт авч үлдсэн юм...Б.Б манай гэрийн хутгаар миний духны баруун хэсэгт нэг удаа зүссэн, миний хоолой хэсгийг гараараа багалзуурдаж боосон, толгой, цээж хэсэгт хөлөөрөө 4-5 удаа дэвсэж зодсон...Б.Б намайг ямар нэгэн шалтгаангүйгээр согтуугаасаа болж агсам тавьж зодсон...Би Б.Б-тэй 2016 оны 01 дүгээр сард...анх танилцаж байсан...Би Б.Б-тэй хамт 2016 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Яармагийн ..... дугаар буудалд нийтийн байр түрээслэн хамт амьдарсан. Дараа нь .......-н хуучин эцэст мөн нийтийн байр түрээслэн 2016 оны 12 дугаар сар хүртэл, 1 дүгээр хороололд 2017 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл байр түрээслэн хамтран амьдарсан ба түүнээс хойш огт нэг гэрт амьдраагүй, харин ирэн очин байдаг байсан ба Б.Б аавынхаа гэрт Толгойтод амьдардаг байсан юм...Би Б.Б-с 2017 оны 12 дугаар сарын эхээр жирэмсэн болсон юм. Тэгээд би Б.Б-г хөдөө явсан хойгуур нь би өөрөө зүрх муутай болохоор дахиад хүүхэдтэй болмооргүй санагдаад 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр....үр хөндүүлсэн юм. Б.Б энэ шалтгаанаар надад уурлаж намайг зодсон юм...Би Б.Б-с эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20, 21-22/
3. Гэрч Т.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Б.Б-тэй 2011 оноос хойш хамт амьдарсан эхнэр нь байгаа юм. Бид хоёр гэр бүлээ батлуулаагүй боловч хамт амьдарч 2012 онд дундаасаа хүүтэй болсон. Б.Б надаас өөр Б.Ц гэдэг хүүхэнтэй явалддаг болохыг нь 2017 оны сүүлээр мэдсэн. Учир нь тэр хүүхэн нь 2017 оны 11 дүгээр сард над руу “та надад нөхрөө өгчихөөч, би Б-н хүүхдийг тээж байгаа бид гурав хамт амьдармаар байна” гэж мессеж бичсэн юм. Тэгээд Б.Б-д энэ талаар нь хэлээд яв гэхээр би хүүхдээ бодно, би та хоёртоо хайртай, юу гэж тэрэнтэй сууж байдаг юм” гээд байдаг. Сүүлд цагаан сарын үеэр шинийн 5-ны өдөр гэрээсээ гарч яваад 2 хоног алга болчихоод согтуу ирээд надад “тэр явалддаг хүүхнээсээ нэг мөсөн салах гээд зодчихоод ирлээ, би аймар зодчихсон нүдэн дээр нь хутгаар сийччихсэн” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ оруулсан юм...Б.Б нь эрүүл үедээ бол гэмгүй байж л байдаг. Харин архи уугаад согтохоороо байнга агсам тавьж, элдэв бусын хараалын үг хэлж хэл амаар доромжилдог юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
4. Гэрч Н.Ц-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Эрхэс-119 буюу био дахь цагдаагийн хэсэгт 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан...19 цагийн үед хөмсгөнд хутгалчихлаа гэх дуудлага ирсэн ба би тэр дуудлаганд очиж ажилласан. Намайг очих үед гэрт Б.Ц гээд эмэгтэй болон найз залуу нь гээд согтуу эрэгтэй хоёр байсан ба гэр орон нь ундуй сундуй, аяга шаазан, эд зүйлс эвдэж хэмхэрсэн байдалтай болсон байсан ба тэр дуудлага өгсөн эмэгтэйн нүүр, гар нь цус болсон байсан. Намайг очих үед тухайн эмэгтэй бид хоёр өнөөдөр нэг шил архи хувааж уугаад найз залуугаа энэ намайг хоолой боож зодсон гэж хэлэхээр нь би түүнээс та хутгаар хөмсөг цохьсон гэх дуудлага өгсөн байна ямар хутга болох талаар асуухад тэр эмэгтэй миний хоолойг боогоод цохиод байсан болохоор би сайн мэдэхгүй байна гэхээр нь гэрт нь хутга хайлгүйгээр тэднийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн...Тэр Б.Ц гэх эмэгтэйн баруун хөмсөгний дээд хэсэгт шалбарч цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2863/-ний дүгнэлт:
-Б.Ц-н биед духанд шарх, баруун зовхи, хацар, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хоёр бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 43/
6. Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эхнэр Т.М-с 2015 оны өвөл салаад ганцаараа амьдарч байхдаа Б.Ц-тай 2016 онд анх танилцаад 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хамт нэг гэрт гэр бүлийн баталгаагүйгээр хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд ......-д байр түрээслэж 3-4 сар, дараа нь .....-р хороололд байр түрээслэн 5 сар, Яармагийн .... дугаар буудлын хойно нийтийн байранд 6 сар орчим амьдарсан. Тэгээд манай хүүгийн бие жаахан болж өгөхгүй, харах хүнгүй болохоор нь хуучин эхнэр Т.М-н гэрт хүүгээ харж 3 сар гаран болсон ба энэ хугацаанд Б.Ц-д ирэн очин байж байгаад 2018 оны 01 дүгээр сард хөдөө ажлаар явсан ба намайг явах үед Б.Ц жирэмсэн болсон байсан. Тэгээд би хөдөө 1 сар гаран ажиллаад цагаан сарын өмнө ирээд Б.Ц-тай уулзтал “би хүүхдээ авахуулчихсан” гэхээр нь би тухайн үед юм хэлэлгүй гараад явсан юм. Тэгээд байж байтал хэд хоногийн дараа цагаан сарын шинийн 4-ний үед Б.Ц намайг утсаар дуудаад ярих юм байна уучлаарай гэхээр нь яваад очтол Б.Ц бага хүүгээ сургуульд нь хүргэж өгнө гээд гарахаар нь би гадаа хүлээж байгаад Б.Ц-г ирэхээр нь ороод хоол унд хийлгэж идээд Б.Ц-н надад авсан 0,5л савлагаатай Цагаан гэдэг архийг нь ганцаараа уучихсан. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад хүүхэд авахуулсан талаар ярьж хоорондоо муудалцаад би түүнд ер нь уурласан юм. Тэгээд би өөрт байсан Лава нэртэй 650гр савлагаатай архиа бас ганцаараа уусан ба архинаас Ц-д ганц хоёр удаа хийж өгсөн. Тэгээд би Ц-тэй юм яриад сууж байгаад тасарчихсан юм шиг байгаа юм. Нэг ухаан ортол цагдаа дээр ирчихсэн байсан. Тэгээд Б.Ц-г харахад нүүрний баруун хэсгээс нь цус урсаж байхаар нь би тасрахаасаа өмнө түүнд уурлаж байсан болохоор түүнийг би зодсон байна даа л гэж бодсон...гэмтлүүдийг би түүнд учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин хэрхэн цохиж зодсож гэмтэл учруулсан талаараа санахгүй байна...Би Б.Ц-н гомдлыг барагдуулж эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52, 54-56/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2863/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ......-н задгай 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч хохирогч Б.Ц-тай жирэмсэн байгаад хүүхдээ авахуулсан гэх зүйлээс болж маргалдан хохирогчийн хоолойг нь багалзуурдах, толгой, бие рүү нь өшиглөх, үснээс нь зулгааж гэрийн багана мөргүүлэх, духны баруун хэсэгт хутгаар зүсэх зэргээр зодож биед нь духанд шарх, баруун зовхи, хацар, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хоёр бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр урьд өмнө нь шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ц-н эрх чөлөөнд халдаж зодож, цохиж байгаагүй болох нь, мөн хэрэг болсон Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .....-н задгай 1 тоотод болон бусад газруудад 2016 оноос хохирогч, шүүгдэгч нар нь байр түрээслэн хамтран амьдарч байсан буюу шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ц-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэн шүүгдэгчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогчийг зодсон гэх 1 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-с хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаан гаргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн /, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-д сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР