Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/806

 

 

 

 

 

2024                07            09                                     2024/ДШМ/806                        

 

Н.Аод холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтөр,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Аод холбогдох 2405000000441 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Н.А нь “Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л 20.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475033560 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Н.А зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аоос нийт 20.000.000 төгрөгийг хохирогч М.Л олгуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдолдоо: “...Би тухайн үед Солонгос улсаас авто машин оруулж ирэх боломжгүй болж, түүнээс авсан мөнгөө өгч чадалгүй, цалингаасаа хувааж төлөх гэсэн боловч хохирогч зөвшөөрөөгүй учраас эцэг, эхдээ хэлж чадалгүй ийм байдалд хүрсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч М.Лай хар багийн нэг нутгийн хүмүүс. Хохирогчид учруулсан хохирол болох 20.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба би сурч хөдөлмөрлөх насан дээрээ ийм хэрэгт орсондоо маш их харамсаж байна. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Ирланд улс руу сургалтын виз мэдүүлсэн бөгөөд сургуулийн урилга болон бусад бичиг баримт маань ирсэн. Улмаар миний бие энэ оны 8 дугаар сараас Ирланд улсад “Хөдөө Аж Ахуй”-н нарийн мэргэжлээр суралцахаар шийдвэрлэж, Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй байгаа. Иймд миний сурч, мэдэх хүсэл тэмүүлэлийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэг болон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр хохирогчид учруулсан хохирол 20.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Н.А нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс “...” ХХК-нд борлуулалтын менежерийн албан тушаал эрхэлж байсан бөгөөд цаашид гадаад улсад сурч, боловсрол эзэмшихээр Ирланд улс руу “...” ХХК-ийн аялалын виз зуучлалын гэрээгээр хүсэлтээ явуулсан байсан бөгөөд түүнийг хоригдож байх энэ хугацаанд Ирланд улсаас хүсэлтийг нь хүлээн авсан тухай урилга ирсэн байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А нь “Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л 20.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475033560 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдсон болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.Аод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.А нь “Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л 20.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475033560 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Л “...2023 оны 11 дүгээр сард манай нутгийн найз болох А нь надтай холбогдож “надад бизнесийн санаа байна, Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж Казакстан улс руу гаргаж зарж их хэмжээний мөнгө олох арга байна, машин оруулж ирээд зарах үйл явц нь бүгд хуулийн дагуу байгаа юм, хоёулаа нэг хүний 20.000.000 төгрөгийг гаргая, би ээжийнхээ цалингийн зээлийг авна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед бизнесийн санааг нь зөвшөөрөөд өөрийнхөө цалингийн зээлийг
20.000.000 төгрөгийг авсан. ...Тэгээд би чатласан чатыг нь уншаад тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдео өөрийн Капитрон банкны 3099021941 тоот данснаас Аын Худалдаа хөгжлийн банкны 475033560 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр үйл явдлаас хойш А надад хариу өгөхгүй удаад байхаар нь А руу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр холбогдож машины талаар асуутал “Казакстан руу машин гарахад асуудалтай байна” гэж хэлэхээр нь би түүнд хандан “чиний энэ зүйл худал бол 20.000.000 төгрөгөө авъя” гэж хэлтэл А “би Америкийн визэнд орох гэж байгаа дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл дансандаа байршуулж байгаад чамд өгье” гэж хэлсэн. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А руу холбогдож мөнгөө асуутал “андаа би даварч байгаагаа мэдэж байна, гэхдээ би
эцсийн хариу гартал 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өгөөч, би чиний
банкны хүүг чинь бүгдийг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансныхаа зургийг
явуулчих гэж хэлсэн чинь над руу явуулаагүй. Тэрнээс хойш надтай ерөөсөө
холбогдоогүй бөгөөд одоог хүртэл 20.000.000 төгрөгөө авч чадаагүй байна. ...” /хх 16-17/
гэсэн мэдүүлэг,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, дансны хуулгууд /хх 29, 40-42/ дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-31, 43, 44-45/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.А нь “Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л 20.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475033560 тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Аын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нар нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуусан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аод хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албаддагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Н.А нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч М.Л Хаан банкны 5896186260 тоот дансанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд гомдлын хамт ирүүлснийг, мөн тэрээр 49 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж, Н.Аыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аод хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Н.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг.  ...” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахын тус тус Н.Аод мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

            4. Шүүгдэгч Н.А нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шүүгдэгч Н.А нь хохирогч М.Лд 20.000.000 /хорин сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГА ЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХТУЛГА

         ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

         ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ