Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00030

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00030

 

Л.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02938 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч БС ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 290 860 төгрөг буцаан гаргуулах, учирсан хохирол 869 236 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тоосгон гаражийн дээврийг сэндвичэн хавтангаар дулаалахаар шийдэж, Зар мэдээ, Шуурхай зар зэрэг сонинуудаас сэндвичэн хавтан үйлдвэрлэж, угсралтын ажил гүйцэтгэдэг БС ХХК-ийн 94175244, 94949061 дугаарын утастай холбогдож, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдвэр дээр нь очиж захирал Д.Б-тай уулзаж ажлын захиалга өгсөн.

Д.Б-ын ихэр гэх Д.Б- нь гараж дээр ирж хэмжилт хийж, ажлын төсвийг тооцоолж үйлдвэрийн бүтээгдэхүүн (10 см-ийн дээврийн сэндвич, 6.55м-4 ширхэг х 30,000 төгрөг = 822,000 төгрөг, хүрээ, 22м 0,15 х 16,000 төгрөг)-ий нийт үнэ 885 360 төгрөг дээр ажлын хөлс, тээврийн зардал зэргийг оруулаад 1 000 000 төгрөгт хийж гүйцэтгэе гэхэд нь зөвшөөрч БС ХХК-ийн захирал Д.Б-ын нэр дээрх Хаан банкны 5039490776 тоот дансанд урьдчилгаа төлбөр төл гэсний дагуу 400 000 төгрөг шилжүүлэн өгч, тэрээр нэг хүний хамт 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дээврийг дулаалах угсралтын ажлыг гардан гүйцэтгэсэн. Гэтэл, тэрбээр угсралтын ажлыг буруу төлөвлөж, хайхрамжгүй хандаж гүйцэтгэсний уршгаар алдаа гаргаж, хэмжилт, төлөвлөлтөөсөө өөр зөрүүтэй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй болж гаражийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилт хүрэхгүй хоосон дутагдал үүсч, дахин 1 ширхэг сэндвичэн хавтан нэмж тавиулахаас өөр гарцгүй байдлыг бий болгосон. Тохиролцсон ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 600 000 төгрөг дээрээ нэмж 1 ширхэг сэндвичэн хавтангийн үнэ гэж 205 500 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 85 360 төгрөг төлөхийг шаардаж суурилуулсан сэндвичээ хуулж аваад явлаа гэж дарамталсны улмаас аргагүйн эрхэнд тухайн өдөрт нь Д.Б-ын нэр дээрх Хаан банкны 5039490776 тоот данс руу 890 860 төгрөг шилжүүлсэн.

Гэвч мөнгийг шилжүүлэн авсан атлаа доголдлыг арилгаагүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хандан гомдол гаргасан ч Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн. Доголдлын улмаас гаражийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилтгүй талбай үүсч, дараах хохирол үүссэн.

Сэндвичэн дулаалгын хавтангуудыг гаражийн дээвэрт буруу төлөвлөж угсарсан. Дээврийн хучилтын хавтанг хайр гамгүй өрөмдөж цоолсноос энд тэндгүй олон цооролт үүсгэсэн, хавтан дээврийн хооронд хөндий, зай завсраас шалтгаалж хүйтний улиралд жавар хургаж, салхи сийгэж дээврээсээ улам их дулаан алдагдах болж , дулааны алдагдал өмнөхөөсөө сайжрах биш, улам дордуулсан. Хавтанг угсрахдаа нэг тал руу нь хэлтийлгэж, нөгөө тал буюу гаражийн дээврийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилт хүргэхгүй дутаасан нь дулаан алдагдах нөхцөл улам даамжирсан.

Хавтанг дур зоргоороо цоолж хаячихаад эргэж засна, нэг талдаа дутсаныг нэмэлт сэндвичэн хавтангаа гүйцээнэ гэж ажлын хөлс нэмж авсан ч гүйцэтгээгүй хойшлуулсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд орсон бороо, хайлсан цасны ус дотогшоо гоожиж дотор нь тавьж байрлуулсан 2 ширхэг автомашины гадна оройн өнгөн хэсэг зэвтэй усанд идэгдэж арилгахгүйгээр толбо үүсч халтартсан, мөн борооны ус, чийгнээс болж гаражийн төмөр хаалганы дотор тал зэвэнд идэгдэж цоорсон, хаалганы цоож зэвэнд идэгдэж онгойхгүй гацаж муутгасан.

Нэхэмжлэгч нь мэргэшсэн хүмүүст хандан 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг төлж сэндвичэн дээврийн хажуугийн гаражтай залгаа уулзвар хэсэгт тусгай зориулалтын цавуу, хар тосон түрхлэгээр чулуутай орос хар цаасыг порпанаар хайлуулан наалгаж 6 метрийн урттай усны хамгаалалт хаяавчийг хийлгүүлсэн. Хариуцагчаас:

1.Ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 290 860 төгрөгийг буцаан гаргуулах;

2.Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийн гүйцэтгэсэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хохирол үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн гаражийн дээврийн ажлын гүйцэтгэлийн улмаас учирсан хохирлын төлбөрт 519 236 төгрөг,

3. Үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 50 000 төгрөг,

4. Гаражийн дээврийг буулгаж дахин засварлах ажлын улмаас 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөгөөр хийлгүүлсэн нийт 869 236 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гэх Л.Б- манай компанид ирж дээврийн сэндвич хавтан захиалсан ба надаас сэндвич хавтан угсардаг гарын дүйтэй хүн байгаа юу гэж асуухад манай компани нь зөвхөн сэндвич хавтангийн үйлдвэр эрхэлдэг угсралтын ажил хийдэггүй гээд Л.Б- гуайн хүсэлтээр хувиараа угсралтын ажил хийдэг ихэр болох Д.Б-ийнутасны дугаарыг өгсөн. Д.Б-, Л.Б- хоёр нь аман гэрээ хийж ажил гүйцэтгэхээр болсон. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилгаа болох 400 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 890 860 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн. Материалын мөнгө болох 850 360 төгрөгийг авч, үлдэгдэл ажлын хөлс болох 400 000 төгрөгийг өөрийн ихэр Д.Б-д бэлнээр өгсөн. Тухайн үед Л.Б- нь аман гэрээгээр хийсэн ажлаас нь өөр нэмэлтээр нураалт болон шаврын ажил хийлгэхээр Д.Б-эс шаардсан бөгөөд цаашид хөлсгүйгээр ажиллахыг хүсээгүй учир зөвхөн аман гэрээнийхээ ажлыг дуусгавар болгосон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч БС ХХК-аас 569 236 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 590 860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БС ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 17 728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- давж заалдах гомдолдоо: Нэгдүгээрт. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг, шүүх хуралдааны тэмдэглэлд баримтыг дутуу тусгасан тухайд ШХХТГ-ын улсын байцаагч П.Х-ийн үйлдсэн баримт болох тэмдэглэлд туссан ... Тухайн материалынх нь үнэ м.кв нь 27 000 төгрөг, угсарч өгөхөөрөө манайх 10 хувийн нэмэгдэлтэй байдаг. Иймээс м.кв нь 30 000 төгрөг болж байна гэсэн дээврийн хэмжээг буруу авсан. Угсралтаа буруу хийсний улмаас гараашийн баруун хэсэгт 20 см хэмжээтэй хучилт хүрэхгүй үлдсэн. Тухайн үед Д.Б- нь өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй дахин нэг хавтан авч хийх шаардлагатай гэсэн учраас би нэг хавтан захиалсан. Нэг хавтангийн үнэ нь угсралтын 10 хувьтайгаа нийлээд 205 500 төгрөг болсон ... Баттулга нь 205 500 төгрөгийн бараа, материалынхаа үнийг буцааж өгье. Дээр нь үйлчилгээний 85 360 төгрөгийн 50 000 төгрөгийг буцааж өгье гэсэн санал хэлж байсан. Би зөвшөөрөөгүй. Ажлаа бүрэн гүйцэтгүүлж авъя гэсэн байгаа, миний ярьсан зүйл бүгд үнэн гэснээр мэдүүлгийг 10 цаг 53 минутанд дуусгаж өөрт нь уншуулахад үнэн гэснээр гарын үсэг зуруулж мэдүүлгийг дуусгав, Мэдүүлэг авсан: эрх бүхий албан тушаалтан П.Х-ийн нэр, гарын үсэг, тамга, мэдүүлэг өгсөн: Л.Б-гийн нэр, н шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт бичилгүй орхигдуулснаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг ноцтой хохирч байгаад гомдолтой.

Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: ...нэхэмжлэлийн шаардлагын 290 860 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн нь тогтоогдсон, гаражийн дээвэр дахин засварлахад гаражийн бүрдэл хэсгээс 300 000 төгрөгийн өртөгтэй хэсгийг устгах хийгээд ийм хэмжээний өртөгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 590 860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно гэж эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн, 590 860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

а). 20 см-ийн хэмжээтэй хучилт хүргэхгүй дутаасан, ажлынхаа бурууг дахин засахаас залхуурч, дутаасан хэсэгт шинээр 1 ширхэг сэндвич хавтан нөхөж тавихаар улайран зүтгэж 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүч түрэмгийлэн нэмж 205 500 төгрөгийг төлүүлээд ажлаа хийгээгүй тул буцаан гаргуулна. Нотлох баримт нь Д.Б-ын гараар бичигдсэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Зарлагын баримт-ын 1 дэх: 10см-ийн дээврийн сэндвич хавтан- 6,55 метр х 4 ширхэг х30 000 төгрөг = 822 000 төгрөг гэсэн бичилт 1 ширхэг сэндвич хавтангийн үнэ нь 6,55 метр х 30 000 төгрөг = 205 500 төгрөг гэсэн баримт, уг зарлагын баримт дээр дүнгийн 885 360 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 400 000 төгрөгийг хасч үлдэгдэл 485 360 төгрөг болсныг бичсэн, үлдэгдэл 485 360 төгрөг дээрээ нэмэлтээр угсрах 1 ширхэг хавтангийн үнэ 205 500 төгрөг, мөн шавардлагын ажил нэмэлтээр хийх ажлын хөлс 200 000 төгрөг зэргийг нэмж 890 860 төгрөгийн дүн гаргаж бичсэн.

Хариуцагч нь энэхүү баримтаар 890 860 төгрөг шаардаж авсан, 5039490776 тоот данс руу 890 860 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл ихэр дүүгээрээ ... 890 000 төгрөгийг авсан. Том маяти кран хөлслөөд Амгалангаас Офицер хөлслөхөд 150 000 төгрөг. ажлын хөлс гээд 200 000 төгрөг л авсан гэж шүүхэд худал гэрчийн мэдүүлэг өгүүлсэн, ажлын хөлс болгож авсан 200 000 төгрөгийг өөрөө үлдэгдэл 200 000 төгрөгийг БС ХХК-аас дээвэр аваад дээврийн мөнгө гэж өгсөн гэж гэнэдэж үнэнийг хэлснээр хуйвалдааны худал хуурмагийг илчилсэн. ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээсэн тэмдэглэлд туссан. /хх108,110-113/

б). Шүүхээс хариуцагч талын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хүч түрэмгийлсэн шаардлагаар нэмэлт шавардлага хийх нэрийн дор ажлын хөлсөнд 85 360 төгрөг биш. харин 200 000 төгрөг нэхэж аваад уг ажлыг огт хийгээгүй хуурч мэхэлсэн тул гаргуулахаар шаардсаныг зөв шийдвэрлээгүй. Д.Б-ын гар бичмэлд 10 см-ийн дээврийн хавтан - 6,55 метр х 4 ширхэг х 30 000 төг = 822 000 төгрөг, 2. Хүрээ - 22 метр х 0,18 см х16 000 төгрөг = 63 360 төгрөг, дүн 885 360 төгрөг гэсэн тооцоонд 4 ширхэг сэндвич хавтан угсралтын хөлс болох 10см-ийн дээврийн сэндвич 6,55 метр х 4 ширхэг 3 000 төгрөг =82 200 төгрөг тооцогдож бодогдсоноор, ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээхэд гомдол гаргагчаас авсан тайлбар тэмдэглэлд 27 000 төгрөг, угсарч өгөхөөрөө манайх 10 хувийн нэмэгдэлтэй байдаг. Иймээс м.кв нь 30 000 төгрөг болж байна гэсэн. ... дээврийн хэмжээг буруу авсан, угсралтаа буруу хийсний улмаас гараашийн баруун хэсэгт 20 см хэмжээтэй хучилт хүрэхгүй үлдсэн. Тухайн үед Д.Б- нь өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй дахин нэг хавтан авч хийх шаардлагатай гэсэн учраас би нэг хавтан захиалсан. Нэг хавтангийн үнэ нь угсралтын 10 хувьтайгаа нийлээд 205 500 төгрөг болсон гэснээр /хх105-107/нотлогдсон. Шүүх уг хэсгийг цензурдэн хасч, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт бичилгүй орхигдуулах замаар нэхэмжлэгчээс нэмэлт шавардлага хийх нэрийн дор аваад хийгээгүй зугтаасан ажлын хөлс болох 200 000 төгрөгийн зарим хэсэг (114 640 төгрөг)-ийг нь нуун дарагдуулсан.

Нэмэлт шавардлага хийх нэрийн дор ажлын хөлсөнд 200 000 төгрөгийг нэхэж авсан ч өнөөг хүртэл хийж гүйцэтгээгүй. Хариуцагч гэрч нар ч ажлын хөлсөнд 200 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн./хх108,110-113/ Уг 200 000 төгрөгийн зарим хэсэг (114 640 төгрөг)-ийг нь нуун дарагдуулж, үлдэх хэсэг (85 360 төгрөг)-ийг нь шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт: Нэхэмжлэлийн шаардлагын + 85 360 төг =) 290 860 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн нь тогтоогдсон, ... тул ... холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно гэж хууль бусаар шийдвэрлэж нэхэмжлэгчийг хохироож байгаад гомдолтой.

в). Шүүхээс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 300 000 төгрөг нь мэргэжлийн хүмүүсээр доголдлыг арилгаж төлсөн хөлс, зардал юм.

Гуравдугаарт. Шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүйд гомдолтой. Нэхэмжлэгч нь өөрт учирсан дараах хохирлыг шинжээчээр тогтоолгож чадахгүй хохирч байна. Үүнд:

а) Доголдлын улмаас нэмж захиалсан 205 500 төгрөг. Энэхүү 10 см-ийн дээврийн сэндвичэн хавтангийн зах зээл дээрх одоогийн үнэ ханш 2017 оныхоос 3 дахин өссөн үнийн зөрүүг шинжээчээр тогтоолгож чадалгүй хохирч үлдэхээр байна.

б) Мөн, 300 000 төгрөг (Хх-ийн 68 дахь тал)-өөр хийлгүүлсэн усны хамгаалалт хаяавч хуулагдах учир түүний өртгийг зайлшгүй гаргуулах шаардлагын хувьд: Тухайн үеийн ажлын хөлс өсөөд зогсохгүй, хаяавч хийлгүүлсэн тусгай зориулалтын цавуу, хар тосон түрхлэг, 6 м-ийн урттай хайлуулж наадаг чулуутай орос хар цаас, порпан хий зэрэг түүхий эд, материалын үнийг ч шинжээчээр тогтоолгож чадалгүй хохирч үлдэхээр байна.

в) Доголдлын улмаас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд орсон бороо, хайлсан цасны ус дотогшоо гоожиж дотор нь байрлуулж ээлжлэн тавьж байсан 2 ширхэг автомашины гадна оройн өнгөн хэсэг зэвтэй усанд идэгдэж арилгахгүйгээр толбо үүсч халтартсаныг шинжээчээр тогтоолгож чадалгүй хохирч үлдэхээр байна.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. /Давж заалдах гомдол дэлгэрэнгүй байдлаар хэрэгт хавсаргагдсан/

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч БС ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн доголдлыг арилгуулахаар урьдчилан төлсөн боловч доголдлыг арилгаагүй тул 290 860 төгрөгийг буцаан гаргуулах, ажлын үр дүнд доголдол үүссэнтэй холбогдуулан Хөрөнгө эстимэйт ХХК-аар гүйцэтгүүлсэн үнэлгээгээр тодорхойлогдсон хохирол болох 519 236 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 50 000 төгрөг, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарсан зардалд төлсөн 300 000 төгрөг, нийт 1 160 096 /290 860 +869 236/ төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1/

 

Хэрэгт нэхэмжлэгч Л.Б- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны Г35/3 тоотод байрлах техник засвар гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ./хх 4/

 

Хариуцагч БС ХХК-ийн захирал нь Д.Б- бөгөөд тус компани нь 2013 оноос Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд сэндвич хавтангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа талаар тайлбарлажээ./хх85/

 

Нэхэмжлэгч нь Зар мэдээ, Шуурхай зар зэрэг сонинуудаас Сэндвичэн хавтан үйлдвэрлэж, угсралтын ажил гүйцэтгэдэг БС ХХК-ийн 94175244, 94949061 дугаар утастай холбогдож, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн захирал гэх Д.Б-тай уулзаж, гаражийн дээврийн засвар дулаалганы ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.

 

Хариуцагч нь өөрийн ихэр болох Д.Б-ийнутасны дугаарыг өгсөн. Нэхэмжлэгч нь Д.Б-тэй гэрээ байгуулснаас бус БС ХХК-тай байгуулаагүй гэж тайлбарлаж гэрчээр Д.Б-ийг асуулгасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг БС ХХК-тай байгуулсан гэж дүгнэсэн нь зөв болжээ. Учир нь Д.Б- нь ажлыг гардан гүйцэтгэсэн хэрэгт хувийн ашиг сонирхолтой этгээд бөгөөд түүний мэдүүлгийг эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүйгээс гадна сонинд тавьсан БС ХХК-ийн зарын дагуу нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчтэй холбогдож гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь Д.Б- гараж дээр ирж хэмжилт хийж, ажлын төсвийг тооцоолж үйлдвэрийн бүтээгдэхүүн (10см-ийн дээврийн сэндвич, 6,55м - 4 ширхэг х 30 000 төгрөг = 822 000 төгрөг, хүрээ 22м - 0,15 х 16 000 төгрөг = 63 360 төгрөг)-ий нийт үнэ 885 360 төгрөг дээр ажлын хөлс, тээврийн зардал зэргийг оруулаад 1 000 000 төгрөгт хийж гүйцэтгэе гэхэд нь зөвшөөрсөн гэж тайлбарлажээ. /хх133-134/

 

БС ХХК-ийн захирал Д.Б-ын Хаан банк дах 5039490776 тоот дансанд 400 000 төгрөг нэг удаа, 890 860 төгрөг нийт 1 290 860 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн үйл баримт дансны хуулгаар тогтоогдсон. /хх5-6/

 

Гаражийн дээврийн дулаалга, угсралтын ажлыг Д.Б- хийж гүйцэтгэсэн боловч ... гаражийн баруун урд хэсэгт 20 см-ийн хэмжээтэй хучилт хүрэхгүй дутаж, дахин 1 ширхэг сэндвичэн хавтан нэмж тавиулахаас өөр гарцгүй байдал бий болсон. Уг дутсан 1 ширхэг сэндвичэн хавтангийн үнэ гэж 205 500 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 85 360 төгрөг төлөхийг шаардаж, БС ХХК-ийн захирал Д.Б-ын нэр дээрх Хаан банкны 5039490776 тоот данс руу 890 860 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

/хх134/

 

Мөн ажлын үр дүнд ... Гаражийн баруун урд хэсэгт 20 см хэмжээтэй хучилтгүй хэсэг үүссэнийг цаг хугацаанд нь шуурхай нөхөөгүй, дулаалгын хавтангуудыг буруу төлөвлөж угсарсан, бэхэлгээ хийхдээ дээврийн хучилтын хавтанг хайр гамгүй өрөмдөж цоолсноос энд тэндгүй олон цооролт үүсгэсэн, хавтанг угсрахдаа нэг тал руу нь хэлтийлгэж, нөгөө талд нь 20 см хучилт хүргэхгүй дутаасан нь дулаан алдагдах нөхцлийг улам даамжруулсан доголдол гарсан гэж нэхэмжлэгч тодорхойлсныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2 ширхэг автомашины гадна оройн хэсэг зэвтэй усанд идэгдэж арилахгүйгээр толбо үүссэн, гаражийн төмөр хаалганы дотор тал зэвэнд идэгдэж цоорсон, хаалганы цоож зэвэнд идэгдэж онгойхгүй гацаж муудсан талаар тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй. Шүүх нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагаас хальж эсхүл дутуу шийдвэрлэх ёсгүй юм.

 

Дээрх ажлын доголдлыг бусдаар арилгуулж зардалд 300 000 төгрөг төлсөн гэх баримт нэхэмжлэгч гаргасныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй. /хх 68/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан 519 236 төгрөг, үнэлгээний зардалд 50 000 төгрөг нийт 569 236 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 590 860 төгрөгийг төлүүлэхээр маргаж байна. Нэхэмжлэгч нь 300 000 төгрөгийг доголдлыг арилгахад ажлын хөлсөнд төлсөн, 205 500 төгрөг нь нэг сэндвичийн үнэд аваад буцааж төлөөгүй зардал, 85 360 төгрөгийг ажлын хөлсөнд илүү төлсөн гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ажил гүйцэтгэгч тогтоосон хугацаанд доголдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч өөрөө доголдлыг арилгаж, зардлыг нь нөхөн төлүүлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхээс ойлгомжгүй дүгнэлт хийж 300 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүн бүхэлдээ доголдолтой гэх байдал тогтоогдоогүй, зарчмын хувьд ажлыг гүйцэтгэх явцад төсвийн хэмжээ нэмэгдэх байдал үүсдэг, анхан шатны шүүхээс хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн нөхөн төлүүлэхээр заасан, талуудын харилцан шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул хэлцлийн улмаас шилжүүлсэн 290 860 төгрөгийг буцаан гаргуулахгүй талаар дүгнэснийг буруутгахгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд шүүхийн шийдвэр, тэмдэглэлд зарим тайлбар, нөхцөл байдал тусгагдаагүй талаар дурджээ./хх156-159/

 

Хэргээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах талаар хүсэлт гаргасан баримтгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг үйлдэх хууль техникийн хувьд аливаа давтагдсан санааг хасах нь шүүхийн эрх юм.

 

Мөн шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй талаар гомджээ. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу хохирлын хэмжээг шинжээч биш, нэхэмжлэгч өөрөө тодорхойлох юм. Тэгээд ч талуудын хооронд ажлын үр дүнд доголдол үүссэн талаар маргаан гараагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02938 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 569 236 төгрөг гэснийг 869 236 төгрөг, 590 860 төгрөг гэснийг 290 860 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 17 728 төгрөгийг гэснийг 25 412 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 482 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД