Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 135/2016/01282/и |
Дугаар | 001/ХТ2016/01437 |
Огноо | 2016-12-20 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2016/01437
“Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : “Экокапитал ББСБ” ХХК,
Хариуцагч : Б.Сэмжээтамжид,
Хариуцагч : Ж.Сайнхүү,
Нэхэмжлэлийн шаардлага: 209.360.004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Сайнхүү, Б.Сэмжээтамжид, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Экокапитал ББСБ”ХХК нь М.Андрей, Б.Сэмжээтамжид, П.Жаргал, Ж.Сайнхүү нартай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14/004 тоот зээлийн гэрээ байгуулж 80 сая төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байрны 165 тоотын 4 өрөө, мөн сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 56 тоотын 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.Сэмжээтамжид, Ж.Сайнхүү нараас 14/004 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 80 сая төгрөг, зээлийн хүү 16,893,337 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90,906,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,560,001 төгрөг нийт 209,360,004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг дурдсан 4,3 өрөө орон сууцнуудаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сэмжээтамжид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх бизнес хийх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ хийж, хамтран зээлдэгч болсон. Миний бие нь энэхүү зээлийг авахдаа өөрийн Дархан сумын 12 дугаарт багт байрлах 16 дугаар байрны 165 тоот байраа барьцаалсан. Тухайн үед хэдийгээр хамтран зээлдэгч болсон ч энэхүү зээлсэн 80 сая төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мөнгийг М.Андрей авсан. “Экокапитал ББСБ” ХХК-тай анх зээлийн гэрээг 3 сараар байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Гэрээг цуцлах боломжгүй гэж тайлбар өгөөд өөрсддөө ашигтайгаар элдэв хүү нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээг 3 сараар байгуулсан атлаа нэхэмжлэлдээ 15 сарын хугацаатай гэж нэхэмжилсэн байна. Миний бие нь зээлийн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ж.Сайнхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Экокапитал ББСБ” ХХК-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 80 сая төгрөгийн зээлийг аваагүй. Манай аавын найз М.Андрейд мөнгө хэрэгтэй болоод байна гээд 3 сарын хугацаатай зээл авч манай байрыг барьцаанд тавъя гэхэд би анхнаасаа зөвшөөрөөгүй, тэгээд ч зээлийг М.Андрей хүлээн авсан. М.Андрей нь уг зээлийг авахдаа миний аав болох П.Жаргал бид 2-ын нэр дээр байдаг байрыг барьцаалахыг болон итгэмжлэл өгөхийг би эхнээсээ зөвшөөрөөгүй. Зээлийг М.Андрей авсан гэдгийг тус ББСБ сайн мэдэж байгаа атлаа надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч М.Андрей, хамтран зээлдэгчээр Б.Сэмжээтамжид /М.Андрейн эхнэр/, П.Жаргал /миний аав/, Ж.Сайнхүү бид нарын нэр байгаа. Гэтэл яагаад зөвхөн хамтран зээлдэгчид болох Б.Сэмжээтамжид, Ж.Сайнхүү биднийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. “Эко капитал ББСБ” ХХК нь М.Андрейгаас зээл нэхэмжлэх, 165 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай хийж байгаа гэж сонссон, зээл эргэн төлөх хуваарь ч 3 сараар тооцож бичсэн байхад зээлийг 15 сарын гэж нэхэж байгаатай зөрчилдөж байна. Иймд тус байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451.1, 452.1, 452.2, 453.1-г баримтлан 194.240.000 төгрөгийг Ж.Сайнхүү, Б.Сэмжээтамжид нараас гаргуулан Экокапитал ББСБ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар Экокапитал ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.204.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Ж.Сайнхүү, Б.Сэмжээтамжид нараас 1.129.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 16 дугаар байр 165 тоот 4 өрөө,мөн сумын 16 дугаар багийн 9 дүгээр байрны 56 тоот 3 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний Хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна." гэж заасныг шүүх буруу тайлбарлан утга агуулгыг нь алдагдуулж, нэхэмжлэгч талд эрхийн хязгаарлал тогтоож байгаад гомдолтой байна. Хуулийн дээрх заалтаас харахад нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байхад давж заалдах шатны шүүх нь "үүрэг гүйцэтгэх заавал 4 этгээд байна" гэж тулгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хальж "зээлийн гэрээний төлбөрийг 4 этгээдэд хуваах, үүрэг гүйцэтгэгч тус бүрээс хэн нь ямар хэмжээгээр хариуцаж төлөхийг тодорхойлоогүй, зааглаагүй нь учир дутагдалтай болжээ" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
“Экокапитал ББСБ” ХХК нь Б.Сэмжээтамжид, Ж.Сайнхүү нараас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14/004 тоот зээлийн гэрээ, 14/004А тоот барьцааны гэрээний үүрэг үндсэн зээл 80 сая төгрөг, гэрээний хүү 16.893.337 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90.906.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.560.001 төгрөг нийт 209.360.004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 80 сая төгрөг, 17 сарын хүү 95.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.240.000 төгрөг нийт 194.240.000 төгрөг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны 2 үл хөдлөх эд хөрөнгөөр хангахаар шийдвэрт заажээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Андрейг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр /хх 59/ 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 897 дугаар захирамжаар /хх 64-65/ хамтран хариуцагчаар татаж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1143 дугаар захирамжаар /хх 68-69/ эрэн сурвалжлах болсон ч нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлтээсээ татгалзсан /хх 78/ байна.
Нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан гэх боловч М.Андрейг хамтран хариуцагчаар оролцуулах тухай 2016 оны 897 дугаар захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн баримт хэрэгт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2934 дугаар захирамж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3119 дүгээр захирамжид М.Андрейг хамтран хариуцагчаар татсан захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох талаар заагаагүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.3-г зөрчсөн гэж үзнэ. Энэ үндэслэлээр “...М.Андрейг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх...” агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй байна.
2. Ж.Сайнхүү, Б.Сэмжээтамжид, П.Жаргал, М.Андрей нарын хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг “Экокапитал ББСБ” ХХК-д бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн Ж.Сайнхүү, Б.Сэмжээтамжид, П.Жаргал, М.Андрей нар тус бүрээс шаардах эрх бүхий байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Хэргийн 20, 21-т байгаа баримтаас үзвэл П.Жаргал, Ж.Сайнхүү нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг, харин Б.Сэмжээтамжид нь хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг тус тус М.Андрейд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгожээ.
Түүнчлэн, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14/004, 14/004А дугаартай, зээлийн болон барьцааны гэрээний /хх 11-15/ “нийтлэг үндэслэл”-с өмнөх заалт болон гэрээний 2.1.1, 2.1.2-с үзвэл “гэрээний талууд” нь “Экокапитал ББСБ” ХХК, М.Андрей байх бөгөөд гэрээний зүйлийг М.Андрей хүлээн авсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг барьцаалуулагч бус, харин зээлдэгч гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна “...зээл аваагүй, харин орон сууцаа М.Андрейн зээлийн барьцаанд тавьсан...” гэх /хх 88-95/ хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэж чадаагүй байхад анхан шатны шүүх Ж.Сайнхүү, Б.Сэмжээтамжид нараас төлбөр гаргуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Энэ үндэслэлээр “...хэргийн бодит байдал тогтоогдоогүй...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1.129.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ