Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 590

 

Ж.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Ж.Ц-д холбогдох 1827000940005 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ө овогт Ж-ын Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Ж.Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэн хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-ийг 8500 нэгж буюу 8,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслүүдийн үнэ болох 89,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 8,500,000 төгрөгөөр торгох ялыг 5,600,000 төгрөг болгон өөрчилж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгчээс 19,984,870 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш гаргасан гомдолдоо “Шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 19,984,870 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд энэ талаарх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын албан бичгийг хавсарган өгсөн билээ. Гэвч давж заалдах шатны шүүхээс хохирол төлбөр төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм. Мөн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхээс ашигласан гэх зарим техник хэрэгсэл дээр хэрэглэх ёсгүй заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг улсын орлого болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь энэхүү хэргийг шалгах явцад гаргасан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дүгнэлт гаргасан гэж үзэж хүсэлт гаргаж байсан юм.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар 2018 оны 05 сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслүүдийн үнэлгээг тогтоохдоо шинжилгээний объектод үзлэг хийлгүйгээр, зах зээлийн ханшийг буруу тооцоолон таамаглалаар дүгнэлт гаргасан, хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй, ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан гэх үйлдэлдээ дээрх бүх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашигласан эсхүл зарим техникийг ашиглаж үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтын явцад нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байтал анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй гэж үзэж байна. Мөн дизель моторыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсанаар хэрэг үйлдэгдэх үед дизель мотор нь хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанаас өмнө саатуулан битүүмжилж Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд авчирсан, одоогоор тэнд байгаа юм. Энэхүү дизель моторыг ашиглахгүйгээр усан буу болон бусад алт угаах төхөөрөмж ажиллах боломжгүй, алт угаах төхөөрөмж ажиллагаагүй байхад бусад техникүүдийг ч ашиглах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Шүүгдэгч нь техник хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэн, тохиромжтой нөхцөл байдлуудыг бүрдүүлэн гэмт хэргийн явцыг түргэсгэх хялбарчлах зорилгоор бүрдүүлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байтал шийтгэх тогтоолоор эдгээр техник хэрэгслийн бүгдийг ашигласан гэж үзэж эд хөрөнгө хураах заалт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэрэглэж буй заалт гэж тодорхойлогддог. Гэтэл учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал дээрх заалтыг хэрэглэн шүүгдэгчийн эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, өмчлөх эрхэд халдахгүй байх зарчмуудыг удирдлага болгон авч үзэлгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийтгэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүх шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан. Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг төлсөн гэх баримтыг үзэхэд Төрийн сангийн дансанд биш Чингис хаан банкны дансанд тушаасан нь харагдаж байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдтийн нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны хэмжээ хязгаараас хальсан дүгнэлт хийсэн, Эрүүгийн хууль хэрэглэхдээ 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэж тус тус алдаа гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэрэг үйлдэхдээ энэ зорилгоор “Баруун сөдтийн нарийн хамар” гэх газарт төвлөрүүлсэн байсан техник хэрэгслээс заримыг ашигласан заримыг ашиглаагүй гэж үзэж “Нордбенз” загварын 68-09 ӨВР улсын дугаартай өөрөө буулгагч, 68-45 УН улсын дугаартай шанагатай ачигч /ковш/, алтны баяжмалын шороог угаах зориулалттай усан буу, цахилгаан дизель үүсгүүр зэрэг техникийн болон тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 89,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, харин “Probex 520с” загварын 36-69 улсын дугаартай экскавтор, 10-34 УБ улсын дугаартай шанагатай ачигч /ковш/,  06-88 УНГ улсын дугаартай “Bieben” загварын өөрөө буулгагч, 76-14 УНТ улсын дугаартай өөрөө буулгагч зэрэг техник хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй гэсэн үндэслэлээр буцаан олгосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан бөгөөд мөн зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хурааж байхаар зохицуулсан байна. Иймээс хураагдаагүй техник хэрэгслийн тухайд гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаагүй гэсэн үндэслэл хангалтгүй бөгөөд тэдгээрийг гэмт хэрэгт ашиглахаар завдсан эсэх талаар дүгнэлт хийсний эцэст хураах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн прокуророос шүүгдэгч Ж.Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж ялласан байтал анхан шатны шүүх яллах дүгнэлтээс хальж шүүгдэгчийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаараас давсан гэж дүгнэх, нэг үйл баримтын талаар хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт заасан ял, шийтгэлийн хөнгөн хэлбэрийг сонгож 8,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, давж заалдах шатны шүүх 5,600,0000 төгрөг болгон багасгаж, торгох ялын доод хэмжээтэй дүйцэхүйц ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Ц-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Ц-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР