| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00134/И |
| Дугаар | 314/ШШ2025/00569 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 314/ШШ2025/00569
2025 08 15 314/ШШ2025/00569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын 13 дугаар баг, 7-703 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 61 настай, ********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар баг, 2-54 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 42 настай, ********** холбогдох
“Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 22000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлд байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Арвайхээр Ренчин Пэлжээ гудамж 103 дугар байр, 12 тоот 69.95 мкв 2 өрөө байрыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 172000000 төгрөгөөр зарж, 150000000 төгрөгийг бэлнээр буюу дансаар дамжуулж авч үлдэгдэл төлбөр болох 22000000 төгрөгт 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцуулж авсан. Гэтэл байрны төлбөрт тооцуулж авсан тухайн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны хугацаа болж Арвайхээр сумын авто оношилгооны төвд үзлэгт ортол тухайн машины арлын дугаар зөрчилтэй үзлэгт тэнцэхгүй, цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд оролцох хориотой, бусдад зарж нэр шилжихгүй гэсэн дүгнэлт гарч байр худалдан авагч талд тухайн нөхцөл байдлаа хэлж буцааж зөрүү мөнгө 22000000 төгрөгийг бэлнээр төлнө гэтэл хариуцагч тал 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр надтай хэлцэл хийж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 90 хоногийн дотор тухайн асуудлыг шийдвэрлэж таныг хохиролгүй болгож өгнө гэж тохиролцон нотариатаар орж тэмдэглэл хэлцэл хийсэн. Тухайн хэлцэл хийсэн өдөр болох 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 150 хоног өнгөрч хариуцагч тал арга хэмжээ аваагүй. Миний бие ***оос нэхэмжилсэн 22000000 төгрөгийг хүний сэтгэл гаргаж аль болохоор олон янзаар тохирохыг үзсэн боловч сэтгэл нийлсэнгүй. Тухайн үед хүүхэд бөөрний аппаратад ордог, аймагт орж байгаад хот руу лазер хагалгаанд орох гээд ингээд байнга хотод нэгдүгээр эмнэлгийн аппаратад оруулаад байж байсан. Гэхдээ би энд байгаа байраа зарна гэсэн. Эд нар авах гэсэн мөнгөний боломж алга юм оролцуулаач гэсэн. Би тэгээд за тэгвэл үнэхээр тийм бол оролцуулъя гээд машин тэрэг байж болно гэсэн. Тэгээд надад машин тэрэг оролцуулж байгаа нь тэр. Тэгээд би бүтэн жилийн хугацаанд танай машин ийм байна гэсэн. Эхлээд оношилгоонд оруулахад хугацаа нь дуусаагүй, оношилгоонд оруулчихсан машин. Тэгээд оношилгоо дуусахаар нь оруулъя гэсэн. Тэгээ тэг ямар ч асуудалгүй гэсэн. Тэгээд хүлээгээд авахад аймар унаад боссон машин байсан. Тэгээд би за яах вэ орсон машин байж болно. Миний амьдралын шаардлагыг хангаж байвал засаад авна гэж бодоод амаржин, суудал гээд сольсон. Миний өвчин зовлонг далимдуулаад шороо тоосондоо дарагдсан аймар машин өгсөн. Тэгээд би энэ бүгдийг өөрөө хийе засаад авна гэж бодсон чинь арлын дугаар нь ийм. Тэгээд оношилгооны хугацаа дуусахад Өвөрхангайд ирээд оношилгоонд ороход арлын дугаар чинь ийм байна гэсэн. Ер нь их асуудалтай, нотой машин гэдгийг авто тээврийнхэн мэдэж байна лээ. Тэгээд оруулаад өгөөрэй гээд хугацаа тавиад нотариат ороод сарын дотор оруулаад өг гэсэн. Би ийм тийм гээд бас л зовлон ярьсан. Би зовлонтой байж хүнтэй зовлон яриад яах вэ? гээд чиний үгэнд ороод, чиний саналыг авлаа гээд яваад л байсан. Тэгээд заримдаа утсаа авахгүй, заримдаа авна. Тэгээд шүүхэд хандлаа, аргаа барлаа, машиныг чинь унах хэцүү байх хэцүү өдөр болгон хүүгээ эмнэлэг рүү зөөж байна. Гуурстай хүүхдээ тоос шороотой машинд болохгүй учраас зээл аваад сэлбээд угааж арчаад зөндөө юм хийсэн. Энэ байдлыг хэлэхээр ёстой авч хэлэлцээгүй. Тэгээд шүүхэд хандсан. Хүүхэд минь сая бурхан боллоо. Тэгээд энэ асуудлыг ингэж сунжруулмааргүй байна. Амьд, эрүүл хүмүүс аргатай гэж бодож би та нарт зөндөө хандсан. Юу нь болохгүй байгаа юм. Би аргаа бараад хууль шүүх нь надад шийдээд өгөөч гээд шүүхэд хандсан. Тэр машиныг нь унаад явахаар л торгуулна. Өвөрхангай руу нэг явах гэсэн замдаа торгуулсаар ирсэн. Таны энэ машиныг чинь цагдаа хураахаар машин байна гэсэн. Тэгээд гэрийн гадаа тавьчихсан тоосонд дарагдаад байхаар гээд угаагаад арчаад сэлбээд байж байна. Унах гэхээр болохгүй байна. Тэрийг журмын хашаанд тавиад мөнгийг нь эд нараас гаргуулж болно. Би тэгэхгүй сэтгэл гаргаад явж байгаа. Эрүүл хүмүүс чинь аргатай. Би эрүүл учраас хүүхдэдээ хамаг зүйлээ зарж хандаж байгаа. Тэгээд байр түрээслээд ах дүү нараасаа гуйгаад асуудлаа шийдээд дараа нь түрээсээ өг гээд л явж байна. Би ч гэсэн зам дагуу цайны газар, дэм буудалтай байсан. Бүгдийг нь зараад хүүгээ олон жил амьдрууллаа. Тэрийг далимдуулж асуудал ярина. Би шалавч резин гээд бүгдийг нь сольсон. Тэр болгоныг хаяад 21 сая төгрөг аваад түрээсээ төлье гээд явж байгаа. Тэгээд өрөнд ороод л би явж байна. Иймд ***оос 22000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк зарын дагуу иргэн ***тай автомашин худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, ***ын эзэмшлийн 99-41УАС улсын дугаартай Prius Alрha маркийн автомашиныг 08-36 ӨВО улсын дугаартай Toyota harrier маркийн автомашин, 8000000 төгрөг өгч, нийт 22000000 төгрөгөнд тооцон автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу автомашинуудын улсын дугаарыг сольж, автомашинуудаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Да хүрээ захад байрлах Автотээврийн үндэсний төвийн байранд өөрсдийн өмчлөлд авсан болно. Үүний дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн Приус маркийн автомашиныг ***д байр худалдан авах үнэд оролцуулан шилжүүлсэн. Гэтэл уг автомашиныг *** нь 2024 оны 06 дугаар сард авто тээврийн улсын үзлэгт оруулахад автомашины арлын дугаарыг сольж гагнасан нь шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн автомашины суудлыг салгаж авсны үндсэн дээр тухайн зөрчлийг илрүүлсэн. Миний бие дээрх зөрчилтэй автомашиныг худалдаж авах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд ***ын буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Тус асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч *** нь автомашины өмчлөгч байсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие тухайн автомашиныг шударгаар олж авсан, үнийг төлсөн хууль ёсны өмчлөгч бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг хийлгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон хүн биш юм. Өөр хэлбэл үүссэн нөхцөл байдалд миний буруутай үйлдэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ эгчтэй наймаа хийсэн машиныг урьд оны 12 дугаар сард Улаанбаатараас авсан. Хүрэлбаатар гэж хүнээс авсан. Хашаандаа унахгүй байж байгаад энэ эгчид 3 сарын дараа наймаа хийж өгсөн. Энэ эгч компьютерт уншуулж авсан. Тэгээд унаад хот явсан юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй байна. 21000000 төгрөгийг хоёр сарын хугацаанд чадахгүй. 2000000 төгрөг бол хүнээс зээлээд гаргаад өгөхсөн. Бүхэл бүтэн 21000000 төгрөгийг 200000 төгрөг авах гэж байгаа юм шиг аашлаад байх юм. Наадах цаадахтай байх хэрэгтэй. Хугацаагаа яаж тохирох юм. 2 сард бол чадахгүй. Мэдээгүй наймаа хийсэн машин шүү дээ гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Шүр” авто сервис гэсэн зарлагын баримт, 08-36 ӨВО улсын дугаартай автомашины зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Өвөрхангай аймгийн тойргийн нотариатч А.Тулгын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ***, *** нарын хийсэн хувийн хэлцэл гэх баримт, Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/1037 дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/23196 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, итгэмжлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэргийг тус тус гаргаж өгсөн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Автотээврийн төвөөс 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн мэдээллийг гаргуулсан.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 22000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч *** дараах байдлаар шаардах эрхээ “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Арвайхээр Ренчин Пэлжээ гудамж 103 дугар байр, 12 тоот 69.95 мкв 2 өрөө байрыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 172000000 төгрөгөөр зарж, 150000000 төгрөгийг бэлнээр буюу дансаар дамжуулж авч үлдэгдэл төлбөр болох 22000000 төгрөгт 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцуулж авсан боловч эд хөрөнгийн доголдолтой байсан...” гэж тодорхойлсон.
Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг “...тохиролцсон автомашины арлын дугаар солигдсныг мэдээгүй. Автомашины үүссэн нөхцөл байдалд миний буруутай үйлдэл байхгүй...” гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч *** нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Арвайхээр Ренчин Пэлжээ гудамж 103 дугар байр, 12 тоот 69.95 мкв 2 өрөө байрыг нэхэмжлэгч ***оос худалдан авч үлдэгдэл 21000000 төгрөгт 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгч тохиролцжээ.
Дээрхи тохиролцооноос үзэхэд зохигчдийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож 150000000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч, үлдэгдэл 21000000 төгрөгөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн үйл баримтын талаар нэхэмжлэгч ***, хариуцагч *** нар тайлбарлан энэ талаар маргаагүй байна.
4. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч *** нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байна.
Гэвч дээрхи гэрээний дагуу 21000000 төгрөгт тооцуулсан “Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS4598:2020 стандартын 3.3 MNS ISO3799 авто тээврийн хэрэгсэл таних тэмдгийн дугаар (VIN) агуулга ба бүтэц гээн заалтыг хангаагүй, тухайн тээврийн хэрэгслийн пйз хэсэг дэх арлын дугаарыг арилгасан бүхээг дэх арлын дугаарын хэсгийг тасдаж гагнаж байршуулсан доголдолтой байсан нь Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 39 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт авсан Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээрхи доголдолыг 90 хоногт арилгуулахаар хариуцагчтай 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан боловч тохиролцсон хариуцагч нь тохиролцсон хугацаанд доголдолыг арилгаж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч ***ыг 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21000000 төгрөгийг хариуцагч ***оос шаардах эрхтэй байна.
6. Харин нэхэмжлэгч *** нь “Toyota Prius 41” маркийн 08-36 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг засан сайжруулсны төлбөр 1000000 төгрөгийг хариуцагч ***оос нэхэмжилсэн боловч дээрх тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа, мөн “Шүр” авто сервисийн 1070000 гэсэн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн зарлагын баримт нь хэдэн оны баримт болох нь тодорхойгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагчийн нэр, гарын үсэггүй, тамга тэмдэггүй нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах нотлох үүрэгтэй бөгөөд дээрхи тээврийн хэрэгслийг засан сайжруулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.
7. Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***оос 21000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***оос 262950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***оос 21000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***оос 262950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 1 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА